Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний сонгуулийн үр дүн Хятадад ашигтайгаар эргэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт болж өнгөрсөн Тайваний орон нутгийн сонгуулийн үр дүн тусгаар тогтнолыг баримтлагч эрх баригчдад том цохилт болж, Бээжингийн нөлөөг нэмэгдүүллээ.

Эрх баригч Ардчилсан Дэвшилтэт Нам өөрийн хяналтад байсан 13 хот, мужийн 7-г нь өрсөлдөгч Куоминтаны Намд алджээ. Куоминтаны нам бол Бээжинтэй найрсаг харилцаатай байхыг дэмждэг улс төрийн хүчин.

Хамгийн муу нь 1970-аад оны Тайваний тусгаар тогтнолын төлөө  тэмцлийн гол төв болж байсан, сүүлийн 20 жил тууштай Ардчилсан Дэвшилтэт Намыг сонгож байсан өмнөд бүсийн Каошиунд сөрөг хүчин ялсан бол Тайваний хоёр дахь том хот Тайчун мөн Куоминтаны намын захиргаанд шилжжээ.

Сонгуулийн үр дүн тодорхой болсны дараа Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн эрх баригч намын даргын суудлаас огцорлоо.

Одоо Ардчилсан Дэвшилтэт Нам Тайваний зургаан бүсэд нөлөөгөө хадгалж үлдсэн бол Куоминтаны Нам доод тал нь 15 бүс нутагт ялалт байгуулаад байна. Орон нутгийн сонгуулиар Тайваний 22 хот, мужийн захирагчийн суудлын төлөө намууд өрсөлддөг.

2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш тусгаар тогтнолыг баримтлагч Цай Ин Вэн Бээжинтэй дайсагнасан бодлого явуулж, Тайваний эдийн засаг, аюулгүй байдал доройтож эхэлсэн нь ийм үр дүнд хүргэсэн гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Өчигдрийн сонгуультай зэрэг явагдсан бүх нийтийн санал асуулгын үр дүн мөн эх газрын Хятадад нааштай эргэсэн байна.

Уг санал асуулгын зорилго нь олимпийн наадамд оролцохдоо Тайвань улс “Chinese Taipei” биш “Taiwan” нэрээр оролцох тухай байсан юм. Гэтэл Тайваний ард иргэд одоогийн “Chinese Taipei” нэрээ хэвээр хадгалах сонголт хийжээ.

Тайваний арлыг өөрийн газар нутагт тооцдог Бээжингийн засгийн газар “Taiwan” нэрээр олимпийн наадамд оролцохыг нь эсэргүүцдэг юм.

Тиймээс 1984 оноос хойш Олон Улсын Олимпийн Хороо тус арлыг Хятадын Тайпэй хэмээх нэрээр оролцуулдаг болсон.

Орон нутгийн засаг захиргаанд олж авсан давуу талаа сайн ашиглаж чадвал Куоминтаны Нам 2020 онд болох ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд ялалт байгуулах боломжтой болж байна. Бээжингийн засаг захиргаа бас үүнийг хүсэн хүлээж байгаа нь тодорхой.

 

Эх сурвалж: Reuters