Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньчууд олимпийн наадамд улсынхаа нэрээр оролцох эсэхийг өнөөдөр шийднэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Тайваньд болж байгаа парламентын сонгуультай цуг бас нэг чухал санал асуулга зохион байгуулагдаж байна.

Энэ бол олимпийн наадамд “Chinese Taipei” нэрээр оролцдог тус арал улс “Taiwan” гэсэн үндсэн нэрээрээ оролцдог болохыг ард иргэд дэмжиж байгаа эсэхийг тодруулах зорилготой.

Нэрнээс гадна Тайваньчууд спортын наадамд оролцохдоо улсынхаа далбаа, төрийн дууллыг ашиглах эрхгүй байдаг юм. “Бид бол өөрийн улсын нэрийг ашиглах эрхгүй Олон Улсын Олимпийн Хорооны цорын ганц гишүүн” гэж 1968 оны олимпийн хүрэл медальт Чи Чэнь ярьж байна.

Тэр цааш нь хэлэхдээ “Бид улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхгүй цорын ганц гишүүн. Хятад улс биднийг хэрхэн дарамталж байгааг эндээс харж болно” гэжээ.

Гэхдээ Тайваньчууд ямар ч сонголт хийсэн нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй харагдаж байна.

Иргэний дайны үр дүнд 1949 онд салан тусгаарласан арал улсыг эх газрын Хятад өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг. Олон Улсын Олимпийн Хороо ч Хятадын энэ байр суурийг дэмждэг юм.

Тус хорооны мэдэгдэлд ОУОХ нь 1981 оны гэрээг тууштай дагахаа илэрхийлсэн байна. Уг гэрээнд олон улсын спортын уралдаан тэмцээнүүдэд Тайванийг Хятадын Тайпэй нэрээр оролцуулж байхаар шийдсэн байдаг.

Гэтэл Тайваний хуулиар бол бүх нийтийн санал асуулгаар дэмжигдсэн асуудлыг эрх баригчид хуульчлах ёстой.

Хэрвээ санал асуулгаар Тайвань улс нэрээрээ олимпийн наадамд оролцохыг иргэд дэмжвэл тус улсын тамирчид хэлмэгдэх болоод байгаа. 

Тиймээс өнгөрсөн Лхагва гарагт хэсэг тамирчид спортын наадамд оролцох боломжоо алдах эрсдэлтэй болоод байгааг мэдэгдэж, санал асуулгыг эсэргүүцжээ.

Хэрвээ санал асуулгын дүнд ОУОХ-ны гишүүнчлэлээ Тайвань улс алдвал тамирчид нь Олимпийн далбаан дор оролцох болж байна.

Тайваний улс төрчид энэ асуудалд тун болгоомжтой хандаж, одоогоор байр сууриа ил гаргахгүй байгаа юм. Харин Хятад улсын зүгээс Тайванийг “одоо байгаа статусаа улам дордуулах” үр дүнд хүрч болзошгүй хэмээн сүрдүүлсэн байна.

Зөвхөн спортын салбарт төдийгүй агаарын тээвэр, аялал жуулчлалын бизнес, үйл ажиллагаанд “Taiwan” нэрийг ашиглахгүй байхыг Бээжингийн тал дэлхийн улс орнуудаас шаарддаг.

Тайвань улс хамгийн сүүлд 1972 оны олимпийн наадамд Бүгд Найрамдах Хятад улс нэрээр оролцож байв. Үүний дараах олимпийн наадмуудад Хятадын шахалтын улмаас оролцож чадаагүй бөгөөд 1984 оноос эхлэн Тайвань нэрээ Хятадын Тайпэй болгон сольсноор оролцож эхэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press