Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Төрийн албан хаагчид осолдсон хэргийг нууцлах гэж оролдоогүй

М.Тунгалаг, Үндэсний шуудан
2018 оны 11 сарын 23
Үндэсний шуудан
 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолджээ. Төрийн албан хаагчдын шалгалтаар орон нутагт явж байсан дөрвөн ажилчин Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 130 гаруй км-т Солонготын давааны өвөрт 20:30 цагт сууж явсан суудлын машин гүүрний далангийн эрэг мөргөж осолдсон байна. 

Одоогоор машинд сууж явсан нэг эмэгтэй ухаан ороогүй байгааг албаныхан мэдээлэв. Тодруулбал, Төрийн албан хаагчдыг аттестатчилах ажлыг зохион байгуулж байгаа билээ. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөх Төрийн албаны шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 21 аймаг, нийслэлийг хамран эхлүүлсэн төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон яамдын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж байгаад ийнхүү осолдсон байна. 

00-79 УБЗ улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн автомашинаар Завхан аймгаас Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан дээрх хүмүүсийн талаарх мэдээллийг тодрууллаа. 

Шалгалтын багийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Д.Ганбат ахалж явсан бөгөөд Сангийн яамнаас мэргэжилтэн Б.Цолмонтуяа, мэргэжилтэн Б.Жамсрансүрэн, Засгийн газрын авто баазын жолооч Д.Батмөнх нар явжээ. Ослын дуудлагын дагуу Цахир сумын нутаг дэвсгэрт онцгой байдлын долоон албан хаагч, нэг автомашин, цагдаагийн таван алба хаагч, нэг эмч, хоёр сувилагч, аймгийн нэгдсэн эмнэлгийн гурван эмч, хоёр сувилагч очиж тусламж үзүүлсэн байна. 

Энэ талаар тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Энэ сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг “Солонготын даваа” гэх газар шороон замд T.Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч, гүүрний далан мөргөж жолооч 60 настай Б, 54 настай Г, 29 настай Ж, 36 настай Ц нарын дөрвөн хүн гэмтсэн хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна” гэв. 

Ослын талаар Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт шалгалт хийж байгаа юм байна. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны салбар зөвлөлөөс бичиг явуулаад хүн хүч дайчилж авч явсан. Харин манай яамнаас хоёр мэргэжилтэн явсан юм. Биеийн байдал нь тааруухан эмнэлэгт байгаа гэж сонслоо" гэв.

Ослын талаар Төрийн албаны зөвлөлөөс тодруулахад, “Салбар зөвлөлөөрөө дамжуулж хүмүүс авч явахад нь манай яамнаас хоёр мэргэжилтэн бүрэлдэхүүнд нь багтаж орсон юм байна. Одоогоор эмнэлэгт байгаа. Биеийн байдал нь тааруухан байна гэсэн мэдээлэл авлаа" гэсэн бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн албаны шалгалтын ажлаар Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилчид явж байсан. Одоогоор нисдэг тэрэг явуулаад байна. Эрүүл мэндийн байдалд онцгой анхаарч ажиллана. 

Бид Цагдаагийн газраас мэдээ авсан. Хүмүүстэй нь холбогдсон. Холбогдох ажлыг хийж байна. Ослын шалтгаан нөхцөлийг Замын цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба зохих журмын дагуу гаргана. Урьдчилсан мэдээллээр Солонготын даваан дээр машины дугуй хагарснаас нэг машин осолдсон гэсэн мэдээ ирээд байна. Одоогоор гурван хүн хэвтэн эмчлүүлж, нэг хүний биеийн байдал хүндэвтэр наашаа ирж байгаа. Нарийн шинжилгээ хийж байж эмнэлгийн дүгнэлт гарна.

Надад энэ талаарх мэдээллийг 21-ний шөнө 22:00 цагийн орчимд залгаж хэлсэн. Орой болсон болохоор шөнийн нислэг хийх боломжгүй. Буух талбай тодорхойгүй учир өнөөдөр нисдэг тэрэг явууллаа. Засгийн газар энэ хэргийг нууцлахыг оролдоогүй. Бүгд ил тод байгаа” гэлээ.

Зураг