Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Төсөвт бүхэлд нь тавьсан хоригоо өөрчилж, нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 42 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Үдээс өмнөх хуралдаанаар АН-ын бүлэг завсарлага хүссэнээр УИХ-ын дарга хоёр цагийн завсарлага өгөөд байсан билээ. 

Энэхүү завсарлага дуусгавар болсноор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэллээ. Энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэнэ. Энэ хугацаа арваннэгдүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болно. Тиймээс энэ долоо хоногт багтаан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагатай болоод байгаа юм. 

Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулав. Танилцуулгын төгсгөлд Ерөнхийлөгч бүхэлд нь тавьсан хоригоо хэсэгчилсэн хэлбэрээр оруулж ирж байгааг мэдэгдлээ. 

Уг нэмэлтэд “Хоригийг Байнгын хороодоор хэлэлцэх явцад УИХ-ын зарим гишүүдээс гаргасан санал болон улс орны тусгаар тогтнол, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тогтвортой байдал, нийгмийн зүгээс хүлээлт үүсэж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр хоригт тавьсан асуудлуудыг уян хатан байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ...
...Иймд дэгийн дагуу Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлах хууль зүйн боломж байгааг дурдахын зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох зардлаас танан гаргах замаар Монгол Улсын 2019 оны төсөвт нэмж тусгах хүрээнд холбогдох журмын дагуу хоригийг хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье” гэжээ. 

Уг саналыг ямар горимоор хэлэлцэх талаар гишүүд багагүй маргалдав. Хууль зүй болон Төсвийн байнгын хороодын дарга нар дахин байнгын хороо хуралдуулж хэсэгчилж тавьж байгаа хоригийг хэлэлцье гэсэн санал гаргасан. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, дараа нь хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэх нь зүйтэй гэв. 

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эхлээд бүлгийн дарга завсарлага аваад бүлгээ хуралдуулж, улс төрийн шийдвэр гаргах ёстой. Түүний дараа хоёр байнгын хороо хуралдаж, чуулган руу оруулах гарц байна гэсэн санал хэлсэн. 

Ийнхүү олон санал гарч багагүй маргалдсаны эцэст МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ерөнхийлөгчийн шинээр тавьсан хүсэлтийг бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагатай тул хэлэлцэх асуудлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар хоригийг Баасан гарагийн чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо