Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн таван ХОРИГ ба УИХ-ын хариу

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх гэж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Төсвийн болон Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хоригийг дэмжээгүй юм.

Төсөвтэй холбоотой хууль, тогтоолуудад бүхэлд нь Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь Монгол Улсын түүхэнд анх удаа тохиож байгааг ХЗБХ-ны хорооны гишүүд хэлж байв.

Мөн Ерөнхийлөгч тодорхой үндэслэлээр хэсэгчлэн хориг тавьсан бол уг саналыг УИХ авч үзээд, дэмжих бололцоо байсан. Хоригт дурдсанчлан төсвийн төслийг дахин боловсруулахад хуулийнхаа дагуу хагас жил, бүх шатандаа маш хурдтай ажиллахад хоёр сар зарцуулах юм. Ийм тохиолдолд 2019 оны хоёрдугаар сард төсөв батлагдана, дахиад Ерөнхийлөгч хориг тавьчихвал асуудал долоодугаар сар хүргэнэ. Энэ мэтээр олон асуудал ар араасаа хөвөрсөөр улс орон санхүү, эдийн засаг, нийгмийн, цаашлаад улс төр, засаглалын тогтворгүй байдал руу орох аюул нүүрлэж байна гэсэн юм.


Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавьдаг. Тэрбээр 2017-2018 онд нийт таван хориг хүргүүлжээ.

Эдгээр хоригийг он цагийн дарааллаар дурдвал:

2017.10.26

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 58 дугаар тогтоолд тавигдсан хэсэгчилсэн хориг

Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.

Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм.

Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно.

Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолд хориг тавьж байв.

2017.11.02

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавигдсан хориг

Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байна.

Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд “Төсвийн тогтвортой байдлыг хангах, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх” зэрэг Төсвийн тухай хуульд заасан зарчмуудыг баримтлаагүй гэжээ.

2017.12.05

2018 оны Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт тавьсан хориг

Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож, 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан нь өмнөх жилүүдэд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2-5.1 хувьтай тэнцэж байснаас давж, дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна зэрэг шалтгаанаар хориг тавьсан.

2018.06.13

УИХ-ын 45, 47 дугаар тогтоолуудад тавигдсан хориг

Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна хэмээн хориг тавьж байсан юм.

2018.11.15

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь тавьсан хориг

Урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болжээ.

Мөн гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна зэрэг үндэслэлийг дурджээ.

УИХ Ерөнхийлөгчийн хоригийн хэдийг нь хүлээж авсан бэ

Ерөнхийлөгчийн Х.Баттулгын тавьсан таван хоригоос УИХ нэгийг нь л хүлээж авсан байна. Харин тав дахь хориг буюу 2019 оны төсөвт тавьсан хоригийг хүлээж авах эсэхээ өнөөдөр шийдэх юм.

2017.12.07 

 

ДЭМЖЭЭГҮЙ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэнгүй.

2017.11.02

 

ДЭМЖЭЭГҮЙ: УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийг хэлэлцэж, уг хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 84.4 хувь нь дэмжснээр Ч.Хүрэлбаатар Сангийн сайд хэвээр үлдсэн юм.

2017.11.09

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

ДЭМЖЭЭГҮЙ: УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 85.2 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр 300 мянган төгрөгийг Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал нэрээр олгох санал дэмжигдлээ. 

2018.06.22

 
www.mpa.mn

ХҮЛЭЭЖ АВСАН: Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй" гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар дэмжснээр гишүүнээс нь түдгэлзүүлсэн. Мөн гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөлсөн юм.