Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн хэрэгждэггүй заалт буюу сэтгэл санааны хохирлыг хэн барагдуулах вэ

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 11 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг

Жимсээ 10 нас хүрэх үед аав нь нас барж, удалгүй ээж нь өөр хүнтэй суусан. Харамсалтай нь, эх, охин хоёр тийм ч сайхан хувь тавилантай байсангүй. Хойт эцэг нь архи уухын дээр охиныг байнга зодно. Ээж нь зодуулахаас айсандаа харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлна. Хойт эцгийнх нь аав гэх хөгшин бий. Хоёулаа нийлээд байнга ,архи ууна. Ингэх тоолонд охин сургууль дээрээ өнжихийг хүснэ.

Учир нь охин зодуулахаас биш харин эцэг, хүү хоёрын бурангуй хүслийг хангахаас гутаж, айсандаа гэрээсээ зугтахыг хүсдэг байжээ. Архичин эцэг, хүү хоёр Жимсээг олон жил бэлгийн мөлжлөг дор байлгажээ. Даанч тэднээс зугтаж, бас эсэргүүцэж чадаагүй аж.

Ээж нь ч түүнд тусалж байгаагүй. Азаар сайн санаатай хүмүүс энэ бүх бузар булай явдлыг мэдсэнээр гэмт хэрэгтнүүд торны цаана хоригдов. Жимсээг цагдаагийн хамгаалалтад авах үед ээж нь уулзахаар ирсэн юм. 

Гэхдээ охиныгоо гэх сэтгэлээр бус харин аваал нөхрөө өмгөөлж, мэдүүлгээсээ буцахыг шаардахаар ирсэн байв. Хууль хяналтын байгууллагаас эхийнх нь энэ үйлдлийг таслан зогсоосноор гэмт этгээдүүд торны цаана суусан. Харин Жимсээ өдгөө энгийн амьдралаар амьдрах гэж хичээж байна. Хичээж байгаа гэж хэлсэн нь “Нөхөр, хүү хоёрыг минь шоронд хийсэн бузар эм” гэж хойт эцгийнх нь ээж үглэж, хараана. Бүр зодох гэж улайрна. Ээж нь ч гэсэн “Амьдрал сүйрүүлсэн” гэж хачир нэмэрлэнэ. 

Жимсээ ийм л хатуу амьдралыг туулж байна. Тэр энэ бүхнийг хаяад явъя гэхээр очих газаргүй. Бөх зүрх гаргаж гэрээсээ явлаа гэхэд гудамжид гарна. Ингэхээр биеэ үнэлэгч болох эсвэл бүр дор амьдралыг үзэх эрсдэлтэй. Тиймээс л өдөр хоногийг амь, голтой өнгөрүүлэх болж. 

Тэр ирээдүйгээ төсөөлж чаддаггүй. Яагаад гэвэл, ирээдүйн хань нь хойт эцэг болон түүний аав шиг нь хүчирхийлэгч байвал яах вэ. Хадам ээж нь өөрийнх нь ээж шиг сул дорой, үр хүүхдээ гэх сэтгэлгүй нэгэн байх вий гэсэн бодол мөнхөд хадаастай байдаг болохоор тэр. Иймдээ ч хажуугаар өнгөрөх эр хүйстэн бүрээс бэргэж, харц буруулан бөхөсхийдэг. Энэ бол түүний амьдрал. Түүний хувь тавилан гэдэгт тэр итгэдэг.

Жимсээ ингэж мөрөөддөг. Аав нь нас бараагүй бол өдийд яаж амьдрах байсан бол гэж. Магадгүй өмнөх шиг халуун гэр бүл дунд охин өсөж торнин, үеийнхэнтэйгээ оюутны ширээ хамтдаа тохойлдон суух байсан байх. Магадгүй, аав нь нас барсан ч ээж нь өөр хүнтэй дэр нэгтгээгүй бол яах байсан бол. Магадгүй, хүнтэй суусан ч сонголтоо зөв хийсэн бол яах байсан бол. Эсвэл буруу сонголт хийсэн байлаа ч хүчирхийллийг эсэргүүцэж, хойт эцгээс нь Жимсээг өмөөрч хамгаалах сэтгэлийн хаттай байсан бол тэрбээр өнөөдөр эцэг, хүү хоёрын бэлгийн дур хүслийг хангагч болж хохирохгүй байсан ч юм билүү.

НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтарч 2018 онд хийсэн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэжээ.

Тэр энэ мэтчилэн олон зүйл боддог. Мэргэжилтэй байсан бол, дотны сайн нөхөдтэй байсан бол, үгүй ядаж наашаа гэх ах, дүү хамаатан, садан байсан бол гээд л. Түүний гомдол харуусалд хязгаар үгүй. Энэ бүхнээ даван туулах хүч хүрэхгүй юм шиг болохоор нь хааяа хатуу юм уух хүсэл төрнө. “Apхи уухаар зориг ордог гэсэн. Уугаад агсам тавьчихъя” гэж бодох шиг. Гэхдээ ингэж чадахгүй. Хэзээ нэг өдөр эцэг, хүү хүчирхийлэгчид суллагдана гэдгийг мэддэг болохоор тэр.

Тэд бол Жимсээгийн хүүхэд нас, гэнэн цагаан сэтгэл, ирээдүйд агуу хүн болох хүсэл мөрөөдөл, өөртөө болон бусдад итгэх итгэлийг, эх хүн, эхнэр хүн байх эрх гээд түүний гэх бүх зүйлийг хулгайлсан араатнууд. Төрөөс гэмт хэрэгтнүүдэд хорих ял оноосон ч Жимсээгийн сэтгэл санааны хохирлыг хэрхэн багадуулах, цаашид яаж амьдрахыг нь бодолцож үзээгүй. Өөрөөр хэлбэл, түүнийг гэмт хэрэгтнүүдийн гараас салгасан. 

Цаашаа яаж амьдрахаа өөрөө мэд гээд орхисон нь өнөөг хүртэл амьдралд хөлөө олж, нийгэмшиж чадахгүйд хүргэсэн байна. Түүний гундуухан амьдарч байгаад гэмт хэрэгтнүүд буруутай ч үүнээс илүү төр засаг буруутай нь үнэн юм. Учир нь төр иргэнээ хамгаалаагүй. Төр иргэнээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөөгүй. Үүнийх нь харгайгаар иргэд гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтарч 2018 онд хийсэн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэжээ. 

Энэ бол ганцхан судалгааны дүн. Үүний цаана бага насны хүүхэд, өсвөр үеийнхэн гээд нэмбэл санаанд багтамгүй тоо гарах нь ойлгомжтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар бага болон өсвөр насандаа хүчирхийлэлд өртсөн иргэдийн олонх нь насан туршдаа сэтгэлийн шаналал тээж амьдардаг. Энэ нь амьдрах хэв маяг, нийгмийг хүлээж авахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг баталжээ.

Гэтэл шүүхээс гэмт хэрэгтэнд үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оноолоо гэж алхаа цохихоос биш “Хохирогч гэмт хэргийн улмаас амссан зовлон шаналлаас болж сэтгэл санааны хохирол амссан. Энэ нь ирээдүйд ийм хор урхагтай учир нөхөн төлүүлнэ” гэсэн тогтоол гаргаж, алхаа цохисон нь нэгээхэн үгүй юм. Өөрөөр хэлбэл, хуульд гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заан хохирлын хэмжээг тодорхойлсон байдаг. Ингэхдээ мөн л сэтгэл санаанд учруулсан хохирлыг нөхөн олгоно гэж зааж өгсөн ч харамсалтай нь, цаасан дээр хараар бичигдсэн хэдхэн мөрт төдийхнөөр мартагдаж үлдээд байна.

ЦААСАН ДЭЭР БИЧИГДЭЖ ҮЛДСЭН ГАНЦ ӨГҮҮЛБЭР

НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт болон Монгол Улсын Үндсэн хуульд “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх"-ийг хуульчилсан. Уг баримт бичгүүдэд “төр иргэнийхээ эрх, эрх чөлөөг зөрчихтэй, тэмцэх, хөндөгдсөн эрхийг нь сэргээх үүргийг хариуцах тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэнд “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг”, 19 дүгээр зүйлд төрийн “хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг” тус тус заасныг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх; тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм.

Нөгөөтээгүүр НҮБ-аас дээрх зарчим, стандартыг тогтоож өгөхдөө гэмт хэргийн улмаас учирсан бие махбодын ба сэтгэцийн гэмтэл, сэтгэл зүйн хор уршиг, алдагдсан орлого, эмчилгээний төлбөр, мөн төрөөс тогтоосон нийгмийн халамжийн тогтолцооноос нөхөн төлбөр авах чиглэг, хандлагыг олон улсын түвшинд тогтоож өгсөн бөгөөд энэ утгаараа хохирсон иргэдэд хохирлыг нь барагдуулж ажиллахыг анхааруулсан байдаг. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол Улсад гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй практик” судалгааг 2012 онд хийхэд эрх зүйн зохицуулалт дутмаг байна гэсэн дүн гарчээ. 

Тиймээс судалгааны үр дүнг холбогдох сайд, дарга нарт тухайн үед танилцуулж, улмаар Хууль зүйн сайдад зөвлөмж хүргүүлсэн байдаг. Гэвч Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулж, батлахдаа дээрх зөвлөмж анхааруулгыг үл тоосны харгайгаар хохирсон иргэд дахин хохирч үлдсээр байгаа юм. 
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулиудад хохирол нөхөн төлнө гэж заасан атлаа сэтгэл санаанд учруулсан хохирлыг бодох аргачлалыг тусгайлан зааж өгөөгүй юм. Тиймдээ ч шүүхээс нотлох баримтад тулгуурласан хохирол буюу эмчилгээ, оршуулга гэх зэрэг зардалд гарсан хохирлыг баримтад тулгуурлах замаар хохирол тогтоодог жишиг өнөөг хүртэл үйлчилсээр байна.

БИДЭНД ХУУЛАХ БОЛОМЖ БИЙ

Гэмт хэргийн улмаас сэтгэл санаанд учирсан хор хохирлыг нөхөн төлөх аргачлалыг хуульд тусгаж өгөөгүйн үндсэн шалтгаан нь бидэнд туршлага байхгүйтэй холбоотой гэж зарим хуульчид тайлбарладаг юм байна. Гэтэл бидний өдөр тутамдаа мөрдөж буй хууль, тогтоомжийг олон улсын туршлагаас хуулбарласан байдаг. Нөгөөтээгүүр, дэлхийн зарим улсад сэтгэл санаанд учруулсан хохирлын хэмжээг “дээд, доод” гэж хоёр ангилж өгсөн байдаг юм байна. Энэ утгаараа тэдний жишгийг улс орны онцлогтоо тохируулан “хуулбарлахад” гэмгүй байлтай.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд эдийн хохирлыг учруулсан хохирлын зэргээс шалтгаалж ангилсан байдаг шиг эдийн бус хохирол буюу сэтгэл санаанд учруулсан хохирлыг үүн шиг ангилж өгөхөд ч гэмгүй юм. Бид дараагийн дугаартаа Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад албаны хүмүүсийн байр суурийг хүргэх болно.

Зураг