Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: ЖДҮХС-гийн 2011-2015 онд үүссэн 30.045 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөх нь тодорхойгүй байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Зургийг www.mpa.mn

Монголын анхны хараат бус судалгааны байгууллагуудын нэг болох IRIM хүрээлэн Төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдлын судалгаагаа тайлагнажээ. IRIM судалгааны хүрээлэн нь 2011 онд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн байгууллагын цахим хуудсуудын ил тод байдалд мониторинг хийж ирсэн юм. Энэ удаа

  • Орон нутгийн захиргааны 21
  • Улаанбаатар хотын захиргааны 11
  • Засгийн газрын яам 13
  • Хэрэгжүүлэгч агентлаг 17
  • Тохируулагч агентлаг 10
  • Парламентын харьяа 9 байгууллага гээд нийт 81 байгууллагын цахим хуудас дахь мэдээллийн ил тод байдлыг 95-99 шалгуурын дагуу үнэлсэн байна. 

Энэхүү үзүүлэлтээр төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдал, мэдээллийн хүртээмж, мэдээллийн цаг үеийн байдлын үзүүлэлт гээд гол чухал үзүүлэлтүүд муудсан дүр зураг ажиглагдаж байна. Тодруулбал, төрийн байгууллагын ил тод байдал 50 орчим хувьтай байгаа нь мэдээлэл хангалттай ил тод биш байгааг харуулж байна. Түүнчлэн ‘төсвийн ил тод байдал’ өнгөрсөн оныг хүртэл харьцангуй сайжирсан ч энэ онд дахин буурах хандлага ажиглагджээ. 

Төсвийн ил тод байдлыг хангахын тулд иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх ёстой хэдий ч төсвийн тайлагналт маш ерөнхий, тодорхой бус байгаагаас гадна аудитын үр дүнг тогтмол байршуулах тал дээр хойрго хандаж байна. 

Үүнийг сүүлийн үед олны анхаарал татаж буй ЖДҮ-ийн асуудал эрхэлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны жишээн дээр авч үзэхэд: 

График: ХХААХҮЯ-ны цахим хуудасны ил тод байдал

Тус яамны цахим хуудасны ил тод байдал 2018 онд сайжирч, ‘ил тод’ гэсэн ангилалд орсон ч зарим мэдээлэл тавигдаагүй хэвээр. Үүнээс гадна тус яамны өнгөрсөн оны санхүүгийн тайланд хийсэн аудитын үр дүн тавигдаагүй байна. 2016 оны аудитын дүгнэлтийг сөхөн харвал Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд туссан нийт авлагын 68.8 хувь буюу 53.290 тэрбум төгрөгийг баталгаажуулаагүй, 85.8 хувь буюу 66.397 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн авлагууд байна. 

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2011-2015 онд үүссэн эргэн төлөлтийн 30.045 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөх нь тодорхойгүй, “Аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХК-д 1.5 тэрбум төгрөгийн зээлийг хүүгүй, барьцаа хөрөнгөгүйгээр олгосон зэрэг дүгнэлтүүд анхаарал татахуйц байгааг IRIM тодотгов.

Энэ мэт төсвийн ил тод байдлын талаарх мэдээллийг байршуулахдаа цаг хугацаандаа,  шинэчилсэн мэдээллийг оруулдаггүй, иргэдэд ойлгомжгүй хэлбэрээр тайлагнадаг зэрэг нь дээрх мэт үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг улам бүдгэрүүлж байгаа нь тус яамны харьяа ЖДҮХС-гийн хөрөнгийг төрийн албан хаагчид нийтийн ашиг сонирхолд бус, өөрийн ашиг сонирхолд автан, хууль бусаар хувьдаа завших боломжийг олгожээ.

Тусгай сангаас мөнгө завшдаг явдлыг зогсоохын тулд хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх, тэр тусмаа мэдээллийг иргэдэд ойлгомжтойгоор, тодорхой байршуулах, ялангуяа энэ мэт олон сангуудын зарцуулалтыг иргэдэд нээлттэй байршуулж, хяналт тавих боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг IRIM-ийн судалгааны дүн илтгэж байна. 

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль (2011), Шилэн дансны тухай хууль (2014) батлагдсанаар төрийн байгууллагуудын ил тод байдал сайжирч, олон нийтэд тайлагнах, хариуцлагатай байх нэг суурь нь болж өгсөн.

Дээрх хуулиуд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, олон нийтэд ойлгомжтойгоор мэдээллэж, хяналт тавих боломж бий болгох зорилготой хэдий ч бүрэн утгаараа хэрэгжихгүй байгааг жил бүрийн судалгаа харуулж байгаа юм. Зүй нь мэдээлэл ил тод болсноор иргэд нь оролцоотой, иргэний нийгэм нь түүний дагуу хяналт, шаардлага тавьдаг, эргээд төрийн байгууллага нь үйл ажиллагаагаа сайжруулах суурь болох учиртай. 

Гэвч төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал одоо ч хангалттай хэмжээнд нээлттэй болоогүй байна. Тиймээс цаашид ч хараат бус мониторингийг хийсээр байх болно гэдгээ IRIM илэрхийлсэн юм. Мөн зөвхөн төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд мэдээлэл байршуулах бус, төрийн сангуудын мэдээллийг илүү нээлттэй болгох шаардлага байгааг дурджээ. Эцэст нь:

Төрийн аль ч байгууллага Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу

  • Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал
  • Хүний нөөцийн ил тод байдал
  • Төсвийн ил тод байдал
  • Худалдан авах ажиллагааны ил тод байдал гэсэн дөрвөн шаардлагыг хангаж ажиллах ёстой.

Өмнөх жилүүдийн тайланг ЭНД-ээс үзнэ үү.

 

Эх сурвалж: IRIM хараат бус судалгааны хүрээлэн