Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн зүүн хэсэгт сүндэрлэх “Ид шидийн орон 2”

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
 

"Ид шидийн орон-2" төв Улаанбаатар хотын зүүн хэсгийн гэр хороолол буюу Улиастай, Шар хадны эцэс орчимд баригдахаар боллоо.

Баянхошуунд байрлах "Ид шидийн орон"-оос хоёр дахин томоор баригдах “Ид шидийн орон 2”-г барьж, байгуулахад шаардагдах хөрөнгийн 50 хувь буюу 740 сая төгрөгийг Энержи ресурс компани хандивлаж буйг өнөөдөр "Лантуун дохио" ТББ-аас албан ёсоор мэдэгдэж, "Ид шидийн орон 2" баригдах газрыг танилцууллаа.

Ч.Ганжавхлан: Монголын хүүхэд хамгааллын салбарт түүхэн өдөр болж байна
 

Энэ үеэр "Лантуун дохио" ТББ тэргүүн Ч.Ганжавхлан "Монголын хүүхэд хамгааллын салбарт түүхэн өдөр болж байна гэж би хувьдаа харж байна. Хүүхэд хамгаалалд буюу "Ид шидийн орон 2"-ын бүтээн байгуулалтад зориулж хувийн хэвшлийн байгууллага 740 сая төгрөг хандивлалаа. Өмнө нь монголчууд 1,000 төгрөгөө хандивлаж, "Ид шидийн орон"-ыг таван сарын дотор босгосон. Харин өнөөдөр "Ид шидийн орон 2"-ыг барих зардлын талыг "Энержи ресурс" компани хандивлаж, их том ачааг үүрч өглөө.

 

Зарим хүн ийм их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байгаа учраас асуудал шийдэгдлээ гэж буруу ойлгож магадгүй. 740 сая төгрөг бол бүтээн байгуулалтын зардлын 50 хувь юм шүү. Үүнээс цааш нөгөө талыг нь бүгдээрээ хамтдаа цуглуулцгаая.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд тулгамдсан олон асуудал байгаа. Гэхдээ хүнээс илүү асуудал гэж байхгүй. Хүн гэж ярьж байгаа үед хүүхдээс чухал асуудал гэж үгүй. Гэтэл цоожтой хаалганы ард үлдэж, халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд Түлэнхийн тасгийг дүүргэсээр байна. Олон мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байгаа.

Манай хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүд, ээжүүдээс харахад үнэхээр зүрх шимшрэм хэргүүд их байна. Тиймээс энэ чиглэлд бодитой ажил хэрэгтэй байгаа. Маш олон хурал, зөвлөлгөөн зохион байгуулахаас илүү хүчирхийллийн хохирогч болсон ээжүүд, хүүхдүүд, сурч боловсрох эрх нь хязгаарлагдаж буй хүүхдүүдэд нэг, хоёр биш хэдэн арван "Ид шидийн орон" хэрэгтэй байна.

"Ид шидийн орон 2" баригдах энэ газар маань хотын алслагдсан гэр хороолол бөгөөд задгайгаар суурьшсан айл өрх ихтэй, хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдахад хэцүү орчин" хэмээсэн юм.

 

Ийнхүү нэг удаагийн бэлэг, чихэр жимснээс илүү үнэ цэн, мэдлэг боловсролыг Улаанбаатарын алслагдсан гэр хороолол буюу Шар хад, Улиастай, Амгалан, Хужирбулан орчмын гэр хорооллын хүнд хэцүү орчинд амьдарч буй хүүхдүүдэд өгөх зорилготой “Ид шидийн орон 2”-ын барилгын ажил ирэх хавар эхлэхээр болж байна.

"Лантуун дохио" ТТБ-ынхан энэ удаад өсвөр насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэж, тэдэнд сэтгэл зүй, боловсролын дэмжлэг үзүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх дадал хэвшил бий болгоход зорьж байгаа гэнэ.

"Монголын хувийн хэвшил хэдийнэ нас бие гүйцсэн учраас нийгэмдээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ачааны хүндээс үүрэлцэх ёстой"
 

"Энержи ресурс" компани байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойгоо угтаж нийгэмд чиглэсэн, бодитой үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудыг дэмжих хөтөлбөр зарлажээ.

Тус хөтөлбөрт "Ид шидийн орон 2" төсөл албан ёсоор шалгарч, 740 сая төгрөгийн хандивыг өнөөдөр гардаж авч байгаа нь энэ юм.

Энэ талаар "Энержи ресурс" компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл "Үндэсний компани хүүхэд хамгааллын чиглэлд оруулж буй хандиваа өнөөдөр "Лантуун дохио" ТББ-д гардууллаа. Манай компанид ажиллаж байгаа залуучууд бүгдээрээ энэ санаачилгыг дэмжсэн. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудаас хамгийн хүнд нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан учраас залуучуудынхаа санаачилгыг дэмжиж байна.

Энэ жил MCS группийн 25, "Энержи ресурс" компани байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа. Монголын хувийн хэвшил хэдийнэ хөл дээрээ зогсож, нас бие гүйцсэн учраас нийгэмдээ тулгамдаад байгаа том том асуудлуудыг шийдвэрлэхэд ачааны хүндээс үүрэлцэх ёстой. Тэгэхээр цаашид олон монгол компани нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна. Компани бүр, иргэн бүр гар бие оролцож, хувь нэмрээ оруулахгүй бол энэ нийгэм хөгжихгүй" хэмээсэн юм.

 

Өнөөдөр Монгол Улсад хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлд хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл бол бодитой барилга байгууламж бүтээн байгуулалт, хүүхэд рүү чиглэсэн мэргэжлийн үйлчилгээ юм. 

“Ид шидийн орон 2”-ын барилгын ажил 2019 оны хавар эхэлнэ
 

2017 оны зун ердөө 150 хоногийн дотор бүх дэлхийн монголчууд нэгдэн хүүхдийн төлөө “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн цогц төвийг бүтээж чадсан. Тус төв нь өнөөдрийг хүртэл СХД-ийн Баянхошуунд төр засгийн санхүүжилт, тусламжгүйгээр бүтэн жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулан, хүчирхийлэлд өртсөн 52 хэргийг шийдвэрлээд байгаа аж. Түүнчлэн цэцэрлэгийн хоёр бүлэгт 70 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж, олон зуун хүүхдийг номын сан, сургалт, боловсролоор ханган ажилласаар байна.

Харин "Ид шидийн орон 2" нь 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт цогцолбор, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гарааш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох бөгөөд Баянхошуунд баригдсан "Ид шидийн орон" төвөөс даруй хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох аж. Тус төвийн барилга бүтээцийн ажил 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд тэр хүртэл хугацаанд зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад бэлтгэл ажлууд хийгдэх юм байна.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

"Лантуун дохио" ТББ тэргүүн Ч.Ганжавхлан өчигдөр "Ид шидийн орон 2" баригдана гэх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасны дараа өмнөх бүтээн байгуулалтын ажилд туслан тоосго нийлүүлж байсан болон асфальт зуурмаг нийлүүлсэн компаниудаас холбогдож, "Ид шидийн орон үнэхээр бодитой, зайлшгүй хэрэгцээтэй бүтээн байгуулалт болсон учраас дахин тусална" хэмээн мэдэгджээ.

Баянхошуунд үйл ажиллагаа явуулж буй "Ид шидийн орон"-г бүтээн босгох болон урсгал зардалд төр засгаас ямар ч санхүүжилт хийгээгүй байгаа. Харин "Лантуун дохио" ТББ "Ид шидийн орон 2"-г барьж байгуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд төр засгаас дэмжлэг хүсэхээр БЗД-ээс сонгогдсон УИХ гишүүдэд хандахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхдийн төлөө нэг удаа биш нэг насанд нь үлдэх оюуны болоод шууд хөрөнгө оруулалт хийхийг "Лантуун дохио" ТББ-ын залуус уриаллаа.