Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

360: "Газарт буусан" ИД ШИД

Ч.Болортуяа
2017 оны 9 сарын 14
iKon.MN
 

"Зун яг юу болоод өнгөрснийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч хурдан өнгөрөв дөө" гэж толгой сэгсрэн суух Ч.Ганжавхлан. 

Үйл явдал дэндүү хурдан өрнөж асар богино хугацаанд төсөөлөхөд бэрх олон ажлыг амжуулсан тэрбээр энэ бүгдээ өөрөө гайхах нь аргагүй биз.
 
2017 оны хоёрдугаар сарын 7-нд түүний "Ид шидийг бүтээнэ гэдэгтээ итгэж байна"  ярилцлагыг "Өглөөний хүн" буланд нийтэлж байлаа. Энэ үеэс долоон сарын хугацаа өнгөрч хоосон асан газарт тэрбээр өөрийн зорьсон "Ид шидийн орон"-ыг бүтээжээ. 

Бүр тодруулбал, 2017.02.07-нд "Яг одоо төслийг бүтээн байгуулахад иргэдээс 16.5 сая төгрөгийн хандив цуглаад байна" гэж байв. Харин төсөл бүтэх үнэ тэрбум гаруй төгрөг байж энэ их мөнгийг босгож чадах болов уу гэсэн болгоомж хүн бүрт байсан биз. 

Харин энэхэн хугацаанд 531 сая төгрөгийг шууд мөнгөн хэлбэрээр, 509 сая орчим төгрөгийг гэрээ болон бэлэглэлийн хандиваар буюу тэрбум гаруй төгрөгийг хандив, зарим төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр босгон зорилгодоо хүрээд байгаа юм. 

Original Image Дараа
Modified Image Өмнө
 

Өнөөдрийн байдлаар барилга, дэд бүтцийн ажлууд 100 хувьтай дуусч маргааш нээлтээ хийхэд бэлэн болоод байна. "Нээлт гурван хоног болох бөгөөд өнгөрсөн хугацаанд ямар төсөлд хөрөнгө оруулалт хийснээ хүмүүс маань ирж харж, зургаа авхуулж өөрсдийгөө алдаршуулах хэрэгтэй" гэж Ч.Ганжавхлан ярив. 

 
Баруун гар талаас, Ч.Ганжавхлан, Ч.Болортуяа нар,

Хоёрдугаар сарын эхээр очиж танилцаж байсан хоосон газарт өнөөдрийн байдлаар 8x15 метрийн харьцаатай хоёр барилга, 50 хүүхдийн багтаамжтай саравч, өв соёл уламжлалын 6 ханатай гэр, гадна тоглоомын талбай, усан оргилуур, ухаалаг агуулах, сургалтын танхим, номын сан, хөгжмийн өрөө, сагсан болон хөл бөмбөгийн талбай, хүлэмж, ногоон байгууламж, уран зохиомжит зураг, гурван айлын төгөл хотхон, зам талбайн гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгээд байна.​​

2017 оны долоодугаар сарын 10-нд Ч.Ганжавхлангийн "Гал алдлаа" гэх мэдэгдэл олон хүнийг цочролд оруулав. 

“Наадмын өмнөх өдөр цалингаа тавьж чадахгүй гал алдав. Ажлаа хийчихсэн барилгын бригадууд зарим нь тэвчээр алдан бүр телевиз дуудахдаа хүрчихсэн сууж байлаа. Чаддаг мэддэг маань тарниа цуглуулж байгаад гал унтрааж нэг удаа аргалав. Данс улайгаад хэд хонов. Зуурмаг, цонхны үлдэгдэл гээд овоо хэдэн сая төгрөгний өртэй тууж явна.

Гэхдээ бүх юм дэндүү сайхан бүтэж ямар ч асуудалгүй бүхнийг шийдээд хамтдаа ард нь гарах болно оо. Юу үнэн энэ үнэн. Юу ч үгүйгээс өдийг хүрэхдээ БИД үүнийг л ойлгосон юм даа. Кээндигээ илгээгээрэй” гэсэн мэдэгдэл олон хүнийг сандралд оруулж маргааш өглөө босоод ирэхэд нь найман сая төгрөгийг иргэд дансанд нь шилжүүлсэн байж. Энэ бол төсөл эхэлснээс хойшх нэг өдрийн дотор тэдний дансанд орсон хамгийн их мөнгө биш. Гэхдээ хамгийн олон хүний хандив энэ. Тав нь тавыгаа, арав нь арван мянгыгаа гээд 20 хуудас хуулга бүхий шилжүүлгийг иргэд шилжүүлэхдээ “Энэ төслийг битгий зогсоогоорой”, “Битгий шантраарай” гэх үгсийг утга дээр нь бичиж шилжүүлсээр найман сая төгрөг буюу төсөл залгуулах мөнгийг нэг шөнийн дотор босгожээ.  

Энэ бүхэн мэдээж ганцхан Ч.Ганжавхлан биш түүгээр тэргүүлүүлсэн сайн дурын олон зуун залуу, барилгачид, хандивлагчдын бий болгосон ИД ШИД юм. 

Ид шидийг бүтээхдээ тэд маш ухаалаг шийдлүүдийг ашигласан байна. 

Баянхошуу Зүүн салааны Зүүнбаян уулын энгэр Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд сүндэрлэсэн энэ бүтээн байгуулалт таван ЭКО шаардлагыг бүрэн хангаад байна. 

Үүнд:

  • “Ид шидийн орон” –оос нэг ч нүүрсний утаа гарахгүй. Барилгуудын халаалтыг тосон халаагуур, ажилчдын байрлах гэрийг шалнаас халах технологиор бүтээсэн байна. 
  • Нарны эрчим хүч ашиглана. Зуны саруудад бүрэн нарны эрчим хүчээр ажиллах эрчим хүчний шийдлийг хийгээд байна. 
  • Хөрсний бохирдол үүсгэхгүй. Анх “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлэхээр тухайн орчны гүний усыг шинжилж үзэхэд маш өндөр бохирдолтой гарсан байна. Харин энд усыг олон шатлалт шүүлтүүрээр цэвэршүүлж гоожуураасаа дээд зэргийн цэвэршүүлсэн ус уух боломжтой болжээ. Харин ашигласан ус болон бохироо дахин цэвэршүүлэн саарал ус гаргах гэх мэт ухаалаг шийдлүүдийг энд хийжээ. 
  • Хог хаягдлын ухаалаг шийдлүүдийг хэрэгжүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн ээлтэй, эко орчинг санал болгоно гээд нийт таван ЭКО шаардлагыг САЙН ДУРААРАА  бий болгожээ. 

Есдүгээр сарын 15-17-н гэсэн гурван өдөр нээлттэй өдөрлөгийг хийж тус бүтээн байгуулалтаа “Лантуун Дохио” ТББ иргэдэд танилцуулна.  Энэ төвийг "захиалагч" хүүхэд багачууд нь тууз хайчилна. Ашиглалтад орохыг тэсч ядсан хүүхэд багачууд хэдийнээ тэнд бөөгнөрч тоглох нь тоглож, нарлах нь нарлах болжээ. 

Харин үүнээс  хойш томчууд төвийнхөө үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна. ​

Ажил анх ингэж эхэлсэн

Харин одоо "Ид шидийн орон" агаараас орчны харагдах байдлаар ингэж харагдаж байна. 

ШАНТРАХГҮЙ ... 

2017 оны наймдугаар сарын 17-ны тэр өдөр “Ид шидийн орон”-ы хувьд ХАР ӨДӨР байв. 

Энэ төслийг анх санаачилж хүүхэд хамгааллын чиглэлээр олон жил Солонгос Улсад суралцаж “Ид шидийн орон”-ы эрхлэгчээр нь ажиллах ёстой байсан С.Гүлсара сайн үйлсийн үйл хэргээ үргэлжлүүлж яваад зуурдаар таалал төгсөв. 

Хамаг ажил шуударч, барилгын ажлын санхүүжилт цэгцэрч явтал ийнхүү том гарз тохиосон нь “Лантуу Дохио” –ийн хувьд учирж буй  хамгийн том сорилт болоод байгаа талаар Ч.Ганжавхлан ярьж байлаа. 

Хоёрдугаар сард түүнтэй уулзахад төслийн санхүүжилт, барилга байгууламжийг бид зохицуулна. Харин үйл ажиллагааг нь энэ төслийг санаачилсан бас мэргэшсэн Сараа эгч маань аваад явна гэж ярьж байв. Харин энэ бүхэн өнөөдөр нөхөж баршгүй том орон зайг үлдээв. 

Гэхдээ нэгэнт шуударсан хүмүүс өнөөдөр ч төслийн үйл ажиллагааг авч явах мэргэжлийн байгууллага, хамт олнуудтай зөвшилцөн хэлэлцэж сонгон шалгаруулалтаа хийсээр байна. 

“Ид шидийн орон” ашиглалтад орсноор хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байр, бие сэтгэл зүйн тусламж үзүүлэх үйлчилгээ, хууль, хүний эрхийн хамгаалалт үзүүлэх, хүүхэд, гэр бүл хөгжлийн сургалтууд, цэцэрлэг/өдөр өнжүүлэх, ном, соёл, спортын цогцолбор, танхимууд ажиллах юм. 

Энэ бүгдийг гүйцэтгэж чадах мэргэжлийн баг хамт олонтой менежментийн гэрээ хийх замаар хамтран ажиллах зорилгыг Ч.Ганжавхлан тавиад байна. 

Харин үйл ажиллагааны санхүүжилтийн хувьд эхний цөөхөн сарын санхүүжилтийг шийдээд байгаа бөгөөд туршилтаар нэгээс хоёр сар ажиллаж зардлын тооцоогоо гаргаж аваад дараагийн САНХҮҮЖИЛТ БОСГОХ АЖИЛДАА Ч.ГАНЖАВХЛАН МОРДОНО. 

Гадаад, дотоодын хандивлагчдад итгэл төрүүлэхүйц байхын тулд, нөгөөтэйгүүр санхүүгийн сахилга батад суралцахын тулд “Ид шидийн орон” төслийн санхүүгийн тайланд олон улсад томд тооцогдох “Эрнст энд Янг” аудит хийж өгөхөөр болсон байна. 

Нийтдээ 20 орчим сая төгрөгийн аудитын үйлчилгээг тэд үнэгүй хийж өгөхөөр болсон мэдээг Ч.Ганжавхлан баяртайгаар хуваалцсан юм. Олон улсын аудитын компани хүртэл хандив өгч байна гэж үү гэсэн миний асуултад “Уг нь тэгдэггүй юм билээ. Харин бидний хүсэлтийг бол зөвшөөрсөн” гэж тэр инээмсэглэн хэлэв. 

“Энэнтэйгээ байхад бид дараа дараагийн цаашлаад олон улсын төслүүдээс санхүүжилт татах гол зүйл минь юм шүү дээ” гэж Ч.Ганжавхлан “Эрнст энд Янг” –тай байгуулсан гэрээгээ илж таалан инээд алдана. 

Олон хүний хөлс хөдөлмөрөөр, мөнгөөр, бүтээгдэхүүн, эд зүйлээр, үйлчилгээгээр, сэтгэлээр цаашлаад мянга мянган урмын үгээр өнөөдөр “Ид шидийн орон” бослоо. 

Хандивлагчдын нэрсийг энд жагсаавал олон зуун хүн дотор зарим нэг байгууллага, хамт олон, хувь хүнийг орхигдуулж гэм үйлдэж магад. Харин тэдгээр алдартнуудын жагсаалтыг та ЭНД дарж танилцах боломжтой. Монгол төдийгүй дэлхийн 17 орноос бүрдсэн хандивлагчид энд бий. 

Хүн хүнээр л дутдаг гэдэг дээ... Газарт буусан “Ид шидийн орон”-той та очиж танилцаарай. 

Тэнд хамт байж "ГЭРЭЛ НЭМЭЭРЭЙ" ...