“Яаж ч хичээгээд гурван саваа нэг дор зэрэг өргөж дийлэхгүй халиаж асгаад ер горьгүй. Бяцхан хүү хэрэндээ л арга сүвэгчилж эхлээд хоёр савтайг нь аваачиж тавиад араас нь нэг саваа гэхчлэн сөөлжүүлж зөөх ажээ.
Ингэж явсаар машинууд дайрчих шахам давхилдах Дарь-Эхийн нарийн засмал замыг арай хийн хөндлөн гарч, яг гудамж өгсөх гээд явж байтал мөсөн гялаан дээр хальтраад уначих нь энэ. Хайран ус... хайран юм...
Яг энэ үед хотын төвийн шугамтай холбогдсон дулаахан байшинд түүнтэй ижил насны нэг хүү шүдээ угаах бөгөөд нүүрээ янз бүр болгон хөөсөөр нь тоглоно. Энэ үед усны шаржигнах чимээ дуугарсаар л байх бөгөөд нөгөө бяцхан хүүгийн асгасны дайтай ус ямар ч үнэ цэнэгүй урсах ажээ” ...
Ч.Ганжавхлангийн “8 км 400 м” номыг эргүүлж байгаад хүүгийн дээрх зураг, тайлбарыг харчихаад усаа зөөх гэж тэрүүхэндээ тэмцэж байгаа байдал нь төсөөлөгдөв. Үнэндээ энэ нь нэг л агшин болохоос гэр хороололд амьдарч буй хэдэн зуун мянган хүүхдийн хувьд байх л, өдөр бүр л тохиолддог зүйл.
Тоглох тоглоомын талбайгүй гэж нэг хэсэг нь гомдоллоход нөгөө хэсэгт нь зүгээр л хальтиргаагүй, гэрэлтэй, айдасгүй гудмаар гэртээ харих нь мөрөөдөл.
Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайн урд байрлах хотын төвийн оффисоос Баянхошууны Зүүнбаян уулын энгэрт байрлах Ид шидийн оронг зорьж 20 гаруй минутын дотор ирэв. Ердөө 20 минутын газарт бид амьдралын тэс өөр хэмнэл, орчин, нөхцөл, сорилт, бэрхшээлүүдтэй нүүр тулна. Тэнгэр, газар шиг ч гэж бид ярьдаг даа. Засмал зам талбайгүй, нэг л тийм хатаж, хуурайшсан, царай муутайхан амьдрал үргэлжилнэ.
Харин энэ дунд хүүхдүүдийн тоглож наадах талбай, ном унших танхим, сурч боловсрох өрөө тасалгаа, хүчирхийлэлд өртсөн ээжүүд, хүүхдүүдийн хамгаалах байр бүхий Ид шидийн орон сүндэрлэх ажээ.
Улаанбаатар хотын тал тал руу уул уул даван эзлэх гэр хороолол тэр дундаа захын хорооллууд дунд өнгөрсөн жилүүдэд гэрэлтэй, гэгээтэй, сайн сайхан бүтээн байгуулалт тун ховор ажээ. Цэвэрхэн, цэмцгэр байшин мэр сэр баригдсаныг анзаарч харвал Христийн сүмүүд л байх.
Харин Ид шидийн орны хувьд 10 гаруй мянган хүн, байгууллагын тусламжтайгаар тэрбум гаруй төгрөгийн хандив тусламжаар боссон газарт буусан “Ид шидийн орон” билээ.
“Цус нөж болтлоо зодуулсан ээжүүд, хүүхдүүд, хүчирхийлэлд автсан хүүхэд багачууд гээд маш хүнд байдалд орсон хүмүүс манай хамгаалах байранд ирж байрлаж байна. 2018 он гарснаар бид Ид шидийн орны хамгаалах байранд 25 хүнийг хамгаалалтад авч хэрэг дээр нь ажиллаад байна” гэж Ч.Ганжавхлан ярив. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ээжүүд, хүүхдүүдтэй Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн сэтгэл зүйчид, хуульч, өмгөөлөгч, эмч нар гээд мэргэжлийн баг ажиллаж байна.
Анх 2017 оны хоёрдугаар сарын 7-нд Ч.Ганжавхлангийн "Ид шидийг бүтээнэ гэдэгтээ итгэж байна" ярилцлагыг "Өглөөний хүн" буланд нийтэлж байлаа. Яг үүнээс ердөө долоохон сарын дараа “Лантуун дохио” ТББ олон нийтийн хандив тусламжийн дэмээр хүүхэд, ээжүүдийг хамгаалах, сурч, боловсрох цогц төвийг амжилттай босгоод байсныг бид эргэн сурвалжилсан билээ. Тэгвэл өнөөдөр Ид шидийн орон тогтмол үйл ажиллагаагаа явуулаад яг хагас жил болжээ.
Ид шидийн орны хашаагаар оронгуут хамгийн түрүүнд хөвгүүдийн сагс тоглохтой таарна. Тэднийг хэсэг харж зогсвол өөрсдийн гэрийн ойролцоо хэзээ ч ийм сагсан бөмбөгийн зориулалтын талбайтай болох боломжгүй бараг мөрөөдөл байсан байх даа гэж бодогдоно. Өнөөдрийн тараах ууттай бэлэгнээс илүү энэ л тэдэнд томоос том бэлэг болжээ.
Цааш үргэлжлүүлэн алхвал арай бяцханууд нь дугуй унах, тоглоомын талбай дээрх гулгуур, савлуур дээр наадацгаана.
“Хашаандаа хүүхдүүдэд унуулах 10 ширхэг дугуйтай болсон ч минут хүрэхгүй зам маань дуусчихаж байх жишээтэй” гэж Ч.Ганжавхлан ярина.
Тоглоомын талбай дахь Монгол гэрт хүүхдүүдэд зориулсан Монгол уламжлалын дугуйлан хичээллэдэг. “Ид шидийн орны ойр орчмын 40 гаруй хүүхэд Монгол уламжлалын хичээлд үнэ төлбөргүй хамрагдаад байна. Монгол уламжлалын оньсон наадгай гэхэд 9,000 төрөл байдаг. Үүнээс манай төвд 200 гаруй нэр төрлийн оньсон тоглоом бий. Манай төвд сурдаг нэг хүүхэд дээд тал нь 40 оньсон тоглоом эзэмшчихсэн байх жишээтэй” гэж Монгол Уламжлалын Б.Базарсүрэн багш ярив.
Тус төв таваас дээш насны хүссэн хүүхдүүдийг бүртгэж гурван ээлжээр анги бүрдүүлээд Монгол уламжлал, оньсон тоглоом мөн шатрын хичээл ордог байна.
Шатрын хичээлийг нь гэхэд Олон улсын их мастер А.Энхтуултай хамтарч хүүхдүүдэд шатар заадаг байна.
Хэрэв та Монгол Уламжлалын энэхүү хичээлийн хөтөлбөрт хандив өргөхийг хүсвэл хүүхдээ цагийн 10 мянган төгрөгийн төлбөртэйгээр хичээл заалгаж болох юм байна. Ингэж олсон мөнгөөрөө хичээлийн хэрэглэгдэхүүнээ баяжуулдаг гэж Б.Базарсүрэн багш ярьсан юм.
Аяллаа цааш үргэлжлүүлэн Ид шидийн орны гол барилга руу орохын өмнө хоёр долоо хоногийн өмнө үүдэнд нь авчирч тавьсан С.Гүлсара агсны хөшөө угтах ажээ. Сайн үйлсийн эзэн тэрбээр анх Ид шидийн орон төслийг санаачлан эхлүүлсэн хүн бөгөөд Ид шидийн орон үүд хаалгаа нээхээс өмнө зуурдаар хорвоог орхисон юм. Маргааш С.Гүлсара агсны хөшөөний урд чамин ганган цэцгийн цуглуулга биш таваг дүүрэн чихэр тавихаар бэлдэж байгаагаа Ч.Ганжавхлан ярина. Учир нь талийгаач амьд ахуйдаа хөгширсөн хойноо чихэр өгдөг эмээ л гэж дуудуулмаар байна. Өөр цол гуншин надад ер хэрэггүй гэж ярьдаг байжээ.
Дотогш орвол хамгийн эхний өрөө номын сан. 3,200 төрлийн 7,000 ширхэг номтой энэхүү номын санд өдөрт дунджаар 23 хүүхэд үйлчлүүлдэг байна. Олон улсын стандартын дагуу ном зүйн системтэй тус номын сангийн тоо статистикаас харвал нэг хүүхэд дээд тал нь 72 ширхэг ном уншжээ. Ид шидийн орны номын сан нээгдэхтэй зэрэгцэн хичээлээ тараад гүйж ирээд орой болтол сууж ном уншдаг Г.Бат-Үжин охин номын санд суухаас гадна Ид шидийн оронд байрлах гар урлалын сургалтанд хамрагдаж олон гоё бүтээл туурвижээ. Энэ өдөр ч Г.Бат-Үжинтэй тааралдав.
“Ном унших маш их дуртай” гэхээс өөр зүйл яриагүй тэрбээр гэртэйгээ ойролцоо бий болсон бүтээн байгуулалтыг жинхэнэ ид шид болгож байгаа хүүхэд мэт санагдав.
Ид шидийн орны номын санд хүүхдүүд ном уншаад зогсохгүй уншсан номоороо жүжигчилсэн тоглолтуудыг ч зохион байгуулаад амжжээ. “Чингис хаан” комикоор хүүхдүүд жүжигчилсэн тоглолт тоглож түүхэн дүрүүд, түүхэн үйл явдлуудтай ийнхүү сонирхолтой, орчин үеийн аргаар танилцаж байгаа нь авууштай.
Ид шидийн орны цэцэрлэгт хүмүүжиж байгаа болон бусад аав, ээжүүдэд зориулж гар урлалын сургалт явагдах бөгөөд өнөөдрийг хүртэл 15 том хүнийг сургаж эсгий шаахайнаас эхлээд амьжиргаагаа залгуулах хөдөлмөрт сургаж байгаагаа Нараа багш ярина.
Ид шидийн цэцэрлэгт ахлах, бага хоёр бүлэгт нийт 55 хүүхэд хүмүүжиж байна. Бага бүлгийн багш Б.Эрдэнэчимэг насаараа улсын цэцэрлэгт багш хийгээд сайн үйлсийн аянд нэгдэж Ид шидийн оронд багшлахаар иржээ. Нэг эрхлэгч, дөрвөн мэргэжлийн багштайгаар Ид шидийн цэцэрлэг ажиллаж байгаа бөгөөд энгийн цэцэрлэгүүдийг бодвол ой тогтоолтын хичээл зэргийг нэмж ордгоороо давуу талтай ажээ. Ой тогтоолтын Х.Хатанбаатар багш заах арга зүй талаас нь дэмжлэг үзүүлдэгийг хэлэх хэрэгтэй.
Цэцэрлэгийн тухайд 100 хувь үнэ төлбөргүй бус 90 хувийн хөнгөлөлттэй буюу сард 20 мянган төгрөгийн төлбөртэйгээр авдаг байна. Ч.Ганжавхлан энэ тухай “20 мянган төгрөгийг ч төлж чадахгүй айлууд мэдээж зөндөө. Гэхдээ бид бүх зүйлийг үнэ төлбөргүй хийхийг хүсээгүй. Эцэг, эхчүүдэд бага ч гэсэн хариуцлага байх ёстой гэж үзээд цэцэрлэгийн төлбөр гэж сард 20 мянган төгрөг авдаг. Мөн номын сан гэхэд жилд 1,000 төгрөгөөр карт нээлгэж уншигч нь болох жишээтэй” гэв.
Цэцэрлэгийн бага бүлгийн багш Б.Эрдэнэчимэг “Ид шидийн оронд багшилж байгаадаа маш их баяртай байгаа. Хүүхдүүд маань их олон зүйлд суралцаж байна” гээд тэрбээр тус төв цалингаа нэг өдөр ч хоцроолгүй хугацаандаа өгч байгаа талаар хэлж байсан юм.
Цалингаа хугацаанд нь өгч чадаж байгаа юу гэж Б.Эрдэнэчимэг багшаас асуусан нь учиртай.
Учир нь Ид шидийн орныг “Лантуун Дохио” ТББ зүгээр л нэр хүнд олох гэсэндээ эсвэл сэтгэл хөдлөлөөр шийдчихсэн төсөл мэт ойлгох хүн олон. Баахан залуус нэг л өдөр сэтгэл нь хөдлөөд төсөв, төлөвлөлтгүй босчихсон амьгүй барилга бол биш юм.
“Тэд урт хугацааны санхүүжилтээ босгох ажлаа барилгын зураг төсөв гаргахаасаа эхлээд л хийж явсан” гэж Ч.Ганжавхлан 2017 оны хоёрдугаар сарын 7-нд нийтлэгдсэн ярилцлагандаа дурдсан.
Эргэн сануулбал тэрбээр “Таван жилийн хугацаанд “Ид шидийн орон” төслийн үйл ажиллагаа тасалдахгүй байх санхүүжилт бидэнд хэрэг болно гээд өдөр бүр $1 хандивын аяныг АНУ-д эхлүүлсэн.
Америкт нэг гоё зүйл нь 501с3 гэж систем байдаг юм. Юу гэхээр америкт хандив өгч байгаа хүмүүсийн дансыг нь ТББ-тайгаа холбож хандив болгоноос нь төр нь хоёр хувийг буцааж олгодог систем байдаг юм билээ. Тиймээс ч бид “Лантуун Дохио” ТББ-ын салбарыг АНУ-т нээсэн. НҮБ-т мөн бүртгүүлэх ажлуудаа 2016 онд хийлээ. Ингэж ирээдүйн санхүүжилтээ шийдсэн” гэж тэрбээр жил гаруйн өмнө ярьж байсан ажлаа өнгөрсөн дөрөвдүгээр сард бүтээгээд иржээ.
Ид шидийн орон тогтмол үйл ажиллагаагаа эхлээд хагас жил болохдоо сард 20-30, ер нь л тогтмол 27 орчим сая төгрөгийн зардал гаргаж байгаа аж.
Эхний саруудын зардлаа хувь хүн, байгууллагуудын болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны 150 сая төгрөгийн хандиваар залгуулж байгаад энэ сараас эхлэн АНУ дахь 340 Монголчуудын өдөр болгон $1 аян буюу “Ид шидтэй ах, эгч нар” мөнгөө шилжүүлээд эхэлжээ.
Анх энэ санаачлагад АНУ дахь 140 Монгол нэгдэж байсан бол энэ тоо өнөөдөр багагүй буурсан ч шинээр олон хүн нэмэгдэж нийтдээ 340 хүн Ид шидийн оронд өөрийн цалингаасаа өдөр бүр нэг долларыг автоматаар шилжүүлдэг схемээ Ч.Ганжавхлан тэргүүтэй дөрвөн залуу дөрөвдүгээр сард америкийг зорьж 11 хот дахь Монголчуудтай уулзалдсаны эцэст бий болгож чаджээ.
“Монголоос дөрөв хүн АНУ-ыг зорьж Лантуун Дохио ТББ-ийн америк дахь салбарын долоон хүн биднийг тосч авж бүх уулзалтуудыг маань зохион байгуулж өгсөн. Хэдийгээр бид 11-үүлээ байсан ч хүн хүч нэлээд багадаж байлаа. Нийт 26 удаагийн уулзалт хийсний эцэст 340 Ид шидтэй ах эгчтэй боллоо” гэж Ч.Ганжавхлан ярьж эхний санхүүжилтээ амжилттай татсанаа хэлэв. Ингэснээр Ид шидийн орны сарын урсгал зардлын дийлэнх хувийг АНУ дахь Монголчууд санхүүжүүлж эхлээд байна.
Эдгээр 340 хүний хувьд 100 хувь сэтгэлээрээ нэгдсэн хүмүүс. Тэд ийм тийм хугацаанд мөнгөө тасралтгүй шилжүүлж байх үүрэг хүлээхгүй. Тэгэхээр энэ хүмүүс мөнгөө үргэлжлүүлж өгөхгүй санхүүжилтээс гараад эхэлбэл яах вэ гэсэн асуултанд Ч.Ганжавхлан “Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын хувьд эх орондоо байгаа элэг нэгт ахан дүүсдээ туслах чин хүсэл байвч арга эвээ сайн олохгүй, хаашаа, хэнд мөнгө, хандив өгөхөө мэддэггүй байсан тухай олон хүн ярьдаг. Нийгмийн олон төрлийн асуудалд оролцох гэхээр чи гадаадад байгаа хүн бидэнд битгий заах гээд бай гэх хүмүүсийн сэтгэгдэлд урам хугардаг байсан ч гэдэг. Тиймээс ч тэд Ид шидийн орон шиг бодит, тодорхой төсөлд өнөөдөр шударгаар хөдөлмөрсөн хөлснөөсөө 1 долларыг өдөр болгон өгч байгаадаа маш их баяртай байсан. Зарим хүний сэтгэл нь ч их амрах шиг болсон. Эдгээр хүн бол үнэхээр бодитой эх орондоо хөрөнгө оруулалт хийж буй хүмүүс гэж би бодож байна” гэв.
АНУ-ын нэг давуу тал нь иргэн, байгууллагын элдэв хандивын санхүүжилтэд тодорхой татварын дэмжлэг үзүүлдэг нь иргэний нийгмийн хариуцлагыг урамшуулдаг сайн жишиг ажээ.
Ч.Ганжавхлан “Зарим хүн Ид шидийн оронг та нар яагаад хийж байгаа юм бэ. Уг нь хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг төр засаг хийх ёстой. Төр засгийг давраагаад байгаа юм биш үү гэдэг. Уг нь төр засгийг илүү сайн ажиллахыг шахах ёстой юм биш үү гэнэ. Тийм ээ. Бидний бодол ч бас яг адилхан. Бид нэг сайн жишээг хийгээд түүнийг нь төр үргэлжлүүлээд жишиг болгоод аваасай гэж зорьсон. Энэ бол улсын ажил мөн үү мөн. Бидний хувьд цаашдаа мэргэжлийн багаараа, туршлагаараа туслаад явах боломжтой гэж хардаг” гэж байлаа.
Үнэндээ хоолой дээр тулсан асуудлыг зүгээр хараад сууж тэвчээгүй тэд “Төр энэ бүх ажлыг ойлгоод хийж эхэлтэл хэчнээн хүүхэд хохирох вэ. Ялангуяа бидэн шиг олон жил хотын захын гэр хорооллоор явсан хүмүүс, хүүхдийн эрх тэнд хэрхэн зөрчигдөж байгааг нүдээрээ харсан хүмүүс гар хумхиад сууж чадаагүй. Бид одоо шөнийн 3, 4 цагт цус нөжтэйгөө холилдсон хохирогчид хүлээж авч байна. Тэд өмнө нь очих газаргүй байсан бол одоо гүйгээд ирэх газартай болсон нь сэтгэлийг минь жаахан ч гэсэн тайвшруулж байгаа ч бид зөвхөн Баянхошуунд л байна шүү дээ. Гэхдээ эхлэл өөрөө чухал л гэж би бодож байна” гэж Ч.Ганжавхлан ярина.
“Ид шидийн орон - 2” төслийг хийх бодол байгаа талаар Ч.Ганжавхлан цухас дурдав. Гэхдээ шинэ барилга барих нь битгий хэл газар худалдаж авах ч мөнгө байхгүй гэж хэлээд тэр инээд алдана. Мөнгөгүй гэсэн мөртлөө Баянзүрхэд газрын судалгаагаа хийгээд эхэлсэнээ ч тэр хэлэв. Бид энэ төслөөсөө илүү сайныг ч хийх боломжтойгоо олон удаа ярилцсан гэнэ.
3-5 жилийн хугацааны дараагаар төр засаг “Ид шидийн орон” төслийг хүүхэд хөгжүүлэх, хамгаалах цогц төв гэдгээр төсөвтөө суулгаад үргэлжлүүлээд аваад явна гэж "Лантуун Дохио"-гийнхон итгэдэг. Учир нь жилээс жилд улсын төсвөөс тэрбум тэрбум төгрөгийг зарим нэг хүүхэд хөгжлийн бараг хэрэг болохгүй судалгаа, зохиомлоор мэндэлж байгаа төрийн бус байгууллагуудад бэлэглэдэг юм чинь нэг л өдөр тэдний хийж байгаа бодит ажлыг ойлгоно гэж хүлээж байна.
Ид шидийн орны ойролцоо амьдарч буй хоёр мянга гаруй хүүхдэд энэ төв хамаарал бүхий ажиллаж байна.
Ид шидийн орон үйл ажиллагаагаа эхлээд хагас жил болж байгаа ч салбарын сайд буюу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг нь нэг ч удаа тус байгууллагатай танилцах гэж очоогүй. Бүр тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар бас нэг ч очоогүй л байна.
Яагаад энэ хэд очих ёстой вэ гэж асууж магад. Яагаад гэвэл Ид шидийн оронд Монголын ирээдүй өсч, хүмүүжиж, боловсорч, цэцэглэж байна.
Хүүхэд яах вэ. Тийм ээ. Уул уурхай ч нээрээ чухал шүү. ШХАБ ч бас чухал шүү. Тийм ээ.
Гэснээс маргааш Ид шидийн оронд “Чихэрнээс үнэтэй дурсамж” өдөрлөг болно. Сайхан баярлаарай.