Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн шинэ ерөнхийлөгч нисэх онгоцоо зарахын тулд өөрөө сурталчлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Удахгүй тангараг өргөх Мексикийн шинэ ерөнхийлөгч

Ирэх сарын 1-ний өдөр тангараг өргөж, хүн амын хэмжээгээр дэлхийн зургаа дахь том ардчилсан улсын ерөнхийлөгч болох гэж байгаа Андрес Мануэл Лопез Обрадор Мексикийн ерөнхийлөгчийн тусгай онгоцыг зарах төлөвлөгөөгөө зарлажээ.

Тэрээр Boeing 787-8 Dreamliner агаарын хөлгийг “энэ бол орчин үеийн нисэх онгоц төдийгүй унтлагын өрөө, ресторан, уужим зай талбайтай маш тохилог онгоц” хэмээн худалдан авах сонирхолтой хүмүүст сурталчилсан байна.

Одоо 64 настай, зүүний үзэлтэй улс төрч Обрадор өнгөрсөн долдугаар сард Мексикийн ерөнхийлөгч болохдоо олон популист амлалт өгсний нэг нь ерөнхийлөгчийн тусгай нисэх онгоцноос татгалзах байв.

Тэрээр гадаад айлчлалдаа энгийн зорчигч тээврийн онгоц хөлөглөнө гэж төлөвлөөд байгаа. Өмнөх ерөнхийлөгч Фелипе Калдероны үед буюу 2012 онд худалдаж авсан Boeing нисэх онгоц нь $392 саяын үнэтэй, жил бүрийн урсгал зардал нь $24 сая хүрдэг юм.

Баасан гарагт хэвлэлийнхэнтэй уулахдаа Обрадор дэлхийн өнцөг булан бүрт байгаа боломжит худалдан авагч нарт онгоцоо сурталчилсан байна.

“Хэрвээ энэ онгоцыг худалдаж авахаар шийдвэл би өөрийн биеэр хүргэж өгөх болно. Бид гардуулж өгөхдөө хүлээн авалт зохион байгуулна. Энэ бол зөвхөн өндөр үнэтэй онгоц худалдаж авч байгаа хэрэг биш, энэ бол алдар хүндийн асуудал” гэж тэр ярьжээ.

Обрадор мөн Лос Пинос ерөнхийлөгчийн ордныг нийтэд нээлттэй болгоно, цалингаа хасна, хувийн хамгаалалтын албаа татан буулгана, өдөр бүрийн өглөөний 7:00 цагт хэвлэлийн хурал хийж ажлаа тайлагнана гэх зэрэг олон популист амлалт өгсөн юм.

 

Эх сурвалж: The Guardian