Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Уужим тал нутаг, онгон байгаль, малчин айлын ахуй амьдралыг герман хүн хараад WOW л гэнэ"

ikon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн есдүгээр сард ГХЯ-аас зохион байгуулсан Соёлын Элч нарын уулзалтад оролцохоор Улаанбаатарт очихдоо боловсролтой, бүтээлч, оюунлаг, идэвх санаачилгатай, манлайлагч, сонирхол татам олон хүнтэй уулзсаны нэг нь Б. Эрдэнэчимэг байлаа. Тэрээр аялал жуулчлалын салбарт ажилладаг ч хажуугаар нь Германы ахмад мэргэжилтэний алба (SES) –ны төлөөлөгчөөр 2000 оноос хойш ажиллаж байна. Энэ байгууллагын шугамаар ирж буй мэргэжилтнүүд нь Монголд ирж ажилладаг.

Тэд тогтвортой хөгжлийн үүднээс тухайн ажлын байр дээрх боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэшүүлэх, зөвлөх үйлчилгээг сайн дурын шугамаар цалин авахгүй үзүүлдэг юм байна. 2017 оноос шинээр Weltdienst 30+ төслийн хүрээнд Европт амьдарч байгаа өндөр боловсролтой монголчуудыг энэ байгууллагаар дамжуулан  зардлыг нь даан авчрах, харин ирсэн хүмүүс нь эх орондоо туслахын сацуу сайхан амраад явж болох тухай тэр ярьсан нь хэн хэндээ хэрэгтэй санаа байлаа.

Б. Эрдэнэчимэгийг Германд сурч байсан, герман хэлний шилдэг орчуулагчдын нэг гэж сонссон учир энэ талаар лавлахад “Би төрийн хэмжээний орчуулга хийдэг байсан. Ер нь орчуулгын ажлыг төсөл дээр байхдаа их хийдэг байлаа. Одоо бол, голчлон аялал жуучлалын чиглэл рүү анхааран ажиллаж байна. Чанартай ажиллахын тулд сонголт хийх шаардлагатай болдог” гэснээр бидний яриа эхэлсэн юм. Ингээд бид Монголд аялал жуулчлалын салбарыг хэрхэн хөгжүүлж болохыг өргөн зургаар харж, бодлогын хэмжээнд маш чухал сэдвүүдийг хөндөн ярилцлаа.

- Монгол орон гадны жуулчдын сонирхлыг татаж буй шалтгаан юу вэ?

-Өнөө үед green гэдэг үг моодонд ороод байна. Маш олон хүн махнаас татгалзаж, цагаан, ногоон хоолтон болж байна. Тэгтэл жуулчид цагаан хоолтон гэж урьдчилан захиалга өгдөг хирнээ Монголд ирээд аялаж байхдаа мах идэх тохиолдол гарч л байлаа. Учир нь, green гэдэг энэ ойлголт Монголд жинхэнэ утгаараа байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол мал уужим тал хээрээр бэлчээрлэж өвсний сорыг идэж, усны тунгалыг уугаад, их л аз жаргалтай байдаг юм байна, гэж жуулчид үздэг. Гадаадын орнууд эрчимжсэн мал аж ахуйтай. Тэд малаа өсгөж үржүүлэхийн тулд химийн эм тариа ихээр хэрэглэдэг. Ийм малын мах эрүүл хүнс биш гэдгийг хүмүүс өнөөдөр ойлгодог болжээ.

Түүнчлэн, Монголд ирсэн хүн энэ уужим дэлхийн өчүүхэн хэсэг гэдгээ хүчтэй мэдэрдэг. Түм түжигнэж байдаг гадаадын орнуудад хүн үүнийг мэдэрч чаддаггүй. Бид “Монголд 5,000 одтой зочид буудал байдаг” гэж сурталчилдаг.. Яагаад гэхээр, хөдөө хээр гэрээс гараад харахаар тэнгэр дүүрэн одод анивчин гялалзаж байдаг. Монгол бас нам гүм, чимээгүй орчныг тэдэнд мэдрүүлж чаддаг. Тэр чимээгүй буюу silent гадныхны хувьд их чухал. Ийм чимээгүй орчинд хүн өөртэйгөө ярьж эхэлдэг. Гадаад хүний Монголыг харах өнцөг монгол хүнийхээс өөр байдаг.

Гэтэл бид монгол хүний харах өнцгөөр маркетинг хийгээд, гадаад хүний харах өнцгөөс маркетинг хийхээ мартаад байдаг. Энэ их сонирхолтой асуудал. Монголд ирж буй жуулчид голчлон боловсрол өндөртэй тул урьдчилан сайн судалж, уншиж ирдэг. Ирсэн хойноо өөр сэтгэгдэлтэй болдог. Нэг талаас эрчимтэй хөгжиж буй Улаанбаатар нөгөө талаас онгон байгаль, нам гүн орчинг мэдэрч, энэ том агуу ертөнцийн хэлтэрхий гэдгээ ойлгодог. Азаар манай аялал жуулчлалын бүс нутгуудад уул уурхай бага байдаг учир гадныхан үүнийг мэдэхгүй буцаад байгаа юм.

Ер нь уужим тал нутаг, онгон байгаль, малчин айлын ахуй амьдралыг герман хүн хараад WOW л гэнэ. Нөгөө талаас, малчид байнга нүүдэллэдэг учир том том тавилга авч явдаггүй, зүлгэн дээр зүгээр л гэрээ бариад авсаархан амьдардаг. Жуулчид малчин айлд очиж үзээд “Ядуувтар амьдардаг юм уу даа” гэсэн янзтай гайхан харах нь анзаарагддаг. Тэгсэн хирнээ амьдралыг яаж харж байгаа талаар малчидтай ярилцаад “Ямар агуу юм бэ. Энэ хүмүүс сэтгэл хангалуун амьдарч байхад надад бүх юм байгаа хирнээ дандаа л сэтгэл дундуур явдаг шүү дээ. Өнөөдрийг хүртэл би яаж даварч амьдраад байгаа юм бэ?” гэж боддог. Нэг ёсондоо хүн өөрийн амьдралын үнэ цэнийг мэдрээд буцдаг гэх үү дээ. 

Ийм байдал жуулчдаас үнэхээр ажиглагддаг. Харин залуучууд, хөтөч нар монголын тухай ойлголтыг энэ утгаар нь хүргэж чадаж байна уу гэдэг өөр хэрэг. Би нэг сонин тохиолдлын тухай ярья. Нэлээд баян залуухан гэр бүл 12, 14 настай хоёр хүүхэдтэйгээ Монголоор 21 хоног аялаад буцсан юм. Буцахдаа хүүгийн аавдаа хэлсэн үг:. “Аав аа, манайх Германдаа нэлээд баян айл гэж бодож байсан чинь үгүй л юм  байна шүү дээ”. Аав нь гайхан харахад “Та энэ малчин айлыг хар даа. Эднийд ямар ч хашаа байхгүй. Энэ тал хөндий тэр чигээрээ энэ айлынх, тэгээд бас хичнээн олон азарга адуутай юм бэ? Гэтэл манайх хоёрхон адуутай биз дээ?” гэсэн.. Хүүхдийн харах өнцөг их өөр, бас бодит.. Энэчлэн жуулчид „орон зай“ гэдэг юмыг их ойлгоод буцдаг.

- Таны хувьд Монгол орноо анх яаж танин нээж байв?

- Би 15-тайдаа ардчилсан Герман улс руу явж байлаа. Тэнд оёдолчны мэргэжил эзэмшээд, буцаж ирээд оёдолчиноор тухайн үеийн Хүүхдийн Хувцасны үйлдвэрт 2 жил ажиллаад Их дээд сургуульд орох шалгалтанд тэнцээд Хемнитц хотын Техникийн Их Сургуульд Хөнгөн Үйлдвэрийн инженерийн мэргэжил эзэмшээд ирсэн. Буцаад ирэхэд монголд үйлдвэрүүд  хувьчлагдсан, ажлын байр байгаагүй тул ГТХН буюу GTZ-ийн  Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөл дээр 1999 оноос 2007 он хүртэл ажилласан.

ЖДҮ-ийг дэмжих төсөл нь 6 салбар (Ноос ноолуур, арьс шир, барилга, мод боловсруулалт, хэвлэх болон аялал жуулчлал) дээр монгол мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажиллаж байсан ба би 4 салбар хариуцсан менежер байсны нэг нь аялал жуулчлал байлаа.. Оюутан байхад хүн болгон л нутаг орноо гоё гэж ярьдаг шүү дээ. Би ч бас гоё гээд л ярьдаг хэрнээ гоёыг нь жинхэнээсээ мэддэггүй байж. Тэгээд Монголд ирэнгүүтээ эх орноороо аялахаар шийдсэн. Хамгийн боломжийн гарц нь жуулчдад хөтөч хийх явдал байлаа. Надаас зардал гарахгүй, бас цалин авна гээд л.  “Германаар ярьдаг юм чинь хөтөч хийх шиг амархан юм байхгүй” гэж бодсон чинь бодит амьдрал дээр амаргүй байсан шүү.

Хамгийн анх нэг аяллын компани дээр очоод “Хөтчөөр ажиллая” гэсэн чинь баахан юм уншаад ир гэсэн. Тэгээд уншиж байгаад очоод шалгалт өгсөн чинь шалгалтандаа уначихсан. Бүр гурван удаа унасан шүү. “Гадаад хэлтэй хүн болгон хөтчөөр ажиллах боломжгүй юм байна” гэж бодоод байж байтал маргааш нь нөгөө газраас залгаад “Маргааш жуулчдаа тосч аваарай” гэлээ. “Би шалгалтандаа унасан шүү дээ” гэсэн чинь “Чамаас өөр хүн алга” гэв. Тэгээд л онгоцны буудлаас 10-аад австри жуулчин тослоо. Настайвтар хүмүүс байхаар нь “Дандаа хөгшин хүмүүс байна, юу ч гэж бурсан яах вэ. Дараа нь мартчих юм чинь” гэж бодож байтал нөгөө хэд маань “Тэрэлж явж морь унана” гэлээ. Монгол хүн байж “Би морь унаж чадахгүй” гэж хэлэлтэй биш, тэгээд л шууд морь унаж үзсэн дээ /инээв/. Жуулчид маань банкир, эмч, багш гээд өндөр боловсролтой хүмүүс байлаа. Их юм уншсан өргөн мэдлэгтэй хүмүүст худлаа ярьж болохгүй учраас хэд хонгийн аяллын хөтөлбөрөө нэг бүрчлэн гаргаад, маргааш өдрийнхөө бүх хэрэгтэй мэдээллийг урьд орой нь бичиж цээжлээд л хонодог байсан.. Тэгээд түүх дурсгалт газруудыг аль хэдийнэ өөрөө үзчихсэн юм шиг тайлбарлах боловч дотроо “Ямар гоё газар вэ” гэж хашгирч байсан /инээв/. Ингээд л жуулчдаасаа илүү баярлаж, эх орныхоо сайхныг мэдэрч эхэлсэндээ. Хэдийгээр төсөл дээр боломжийн цалинтай ажиллаж байсан ч зун болгон хөтчөөр ажилладаг байлаа.

Мөн төслийн хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалыг гадаад сурталчилах нь хамгийн чухал гэж үзэн 2000 оноос Берлин, ITB  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсын аялал жуулчлалыг төр, хувийн хэвшил  хамтран маркетинг хийх  ажлыг нилээдгүй олон жил хариуцан хамтран хийж ирсэнээр энэ салбарт улам л дуртай болсон доо.

- Та ямар төслүүд дээр ажиллаж байсан бэ. Одоо ямар ажил хийж байна вэ?

- Би ГТХАН (одоогоор GIZ), ЖДҮ-г дэмжих төсөл дээр ажиллаж байсан. Бид тухайн үедээ зургаан салбарын монгол мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, сургалт үйлдвэрүүдийн төвүүдийг байгуулах ажлуудыг хийсэн. Ингэхдээ өндөр боловсролтой герман мэргэжилтэнгүүдийг авч ирж сургалт явуулдаг байсан. Ялангуяа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх стратеги боловсруулах, олон улсын үзэсгэлэнд хэрхэн оролцох, хэрхэн сурталчлах, бүтээгдэхүүнээ яаж гаргах вэ гээд бүгдийг эхнээс нь эхэлж байлаа.

Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэх мэт нилээдгүй бодлогын асуудлууд дээр зөвлөгөө, сургалтыг авч байсан. Ингээд л энэ салбарт үлдэж,  “Үндэсний аялал жуулчлалын байгууллага” ТББ-г үүсгэн байгуулалцаж, одоо ч энэ салбартаа үнэнчээр ажиллаж байна.  Бид БОАЖЯам болон бусад төрийн болон хувийн хэвшлийн компаниудтай бодлогын түвшинд хамтарч ажилладаг. 

-Та бүхэн одоо яг ямар төсөл дээр ажиллаж байна вэ?

- Frankfurt хотноо жил бүр зохион байгууллагддаг IMEX үзэсгэлэнд Монгол улс хамтарсан стэнд авч орох нь зөв эсэх талаар судалгаа хийж байна. Бидний гаргаж байгаа үнэлгээгээр бол орох нь зөв, чухам хэзээ, яаж вэ гэдэг л асуудал яригдаж байна. Frankfurt  нь санхүүгийн зах зээлийн төв учир тэнд бүх юм төвлөрч байна. Энэ үзэсгэлэнд монголчууд урьд нь нэг ч удаа орж байгаагүй. Харин бусад орнууд аль хэдийнээ ороод өөрсдийгөө таниулаад бүтээгдэхүүнээ зарж борлуулаад явж байна.

IMEX гэдэг нь MICE буюу монголоор албан бизнес аялал жуулчлалын зах зээлийн үзэсгэлэн юм. Энэ үзэсгэлэнд MICE аялал жуулчлалыг санал болгож байгаа компаниуд болон орнууд, хотууд ордог. MICE гэдэг нь meetings, incentives, conferences, and exhibitions буюу хурал чуулган, үзэсгэлэн, урамшууллын аялал гэсэн утгатай. Европын орнууд дундаас Герман улс үзэсгэлэн, хурал чуулганы зах зээлээрээ тэргүүлдэг. Хот болгон том том хурал чуулганы заалтай, техник хэрэгсэл сайтай, IT-ийн чиглэл их хөгжсөн. Энэ зах зээлийн эрэлт маш өндөр байдаг. Үзэсгэлэн дээр нэг талаас компанийн үйл ажиллагааг сурталчилж, нөгөө талаас борлуулалт хийж байгаа юм. Герман орон зургаан салбартаа тэргүүлж байдаг экспортын орон учраас хүн болгон Германд очиж байна. Германы хотууд үзэсгэлэнгээрээ төрөлжсөн байдаг. Жишээ нь, Berlin – ITB, Grüne Woche, Düsseldorf – Medica, Мünchen – Bauma, гэх мэт төрөлжсөн, дэлхийн мэргэжилтэнгүүд цуглардаг  үзэсгэлэнгүүд зохион байгуулагддаг. Эндээс дэлхийн хөгжлийн чиг хандлага, шинэ ололтууд, бүтээгдэхүүнүүдийг харахаас гадна шууд борлуулалт хийх түншээ олно доо.

- Монгол улс энэхүү хурал чуулган, үзэсгэлэн, урамшууллын аялалд бэлэн гэж та бодож байна уу?

- Одоо бол орох цаг нь болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, олон улсын төвшиний  сүлжээ зочид буудлууд, үүнийг дагаад хурал чуулганы танхимуудтай болсон.. Мөн гадаад, дотоодод төгссөн чадварлаг залуучууд олон болжээ. Бас, хурал чуулганд оролцсоны дараа албаны хүмүүс нь 1-2 хоногоор ойрын аялал хийдэг. Тэр нь Хустайн нуруу, Тэрэлж байж болно. Тэр утгаараа эрэлт хэрэгцээ байгаа гэж үзэж байгаа. 

Хэрэв энэ төрлийн аяллыг зөв хийж чадвал, Монголд ирж байгаа нэг жуулчин 2,000 евро төлнө гэж тооцвол 10 хүнтэй групп урамшууллын аяллыг хоёрхон хоног хийхэд л 20,000 евро гараад ирнэ. Амралтаар явж байгаа хүмүүс худалдаа бага хийдэг. Одоогоор манай нэг брэнд болсон  ноолууран бүтээгдэхүүнийг харьцангуй их авч байна. Групп, концерны удирдлагууд болон албан бизнес ажлаар ирж буй жуулчид нь худалдаа наймаа, үйлчилгээнд өндөр төлбөр хийдэг. Олон улсын дунджаар энгийн жуулчнаас 2.5-6 дахин их худалдаа наймаа хийдэг гэж үздэг. Яагаад гэвэл тэр хүмүүсийн аяллын зардлыг байгууллага нь даадаг учир юм худалдан авах боломж илүүтэйгээс гадна орлого өндөртэй жуулчид.

Ер нь манайд хэрхэн зөв нэмүү өртөг бий болгох, зөв сүлжээг бий болгох, зөв зах зээл дээр зөв бүтээгдэхүүнээ гаргах вэ гээд асуудлууд бий. Жилийн дараа шинэ онгоцны буудалтай болохоор, бас олон сүлжээ зочид буудал бий болсон учир найдлага бидэнд байна. Гэхдээ зөв төлөвлөгөөтэй ажиллахгүй бол зах зээлээ алдах магадлал ч байгаа. 

- Яагаад зах зээлээ алдана гэж?

- Манай үйлчилгээний салбарт буюу зочид буудал, ресторан, үсчний салбарт солонгосчууд маш их хөрөнгө оруулж байна. Учир нь, энэ бол бэлэн мөнгө эргэлдэж байдаг салбарууд. Солонгосчууд хятадуудаас юугаараа өөр вэ гэхээр, хятад хүн мундаг царайлаад, цээжээ дэлдээд, том машин унаад, өөрийгөө бусдаас дөвийлгөөд ирэхээр монголчууд тэдэнд атаархах, мөн хуучин түүхээс улбаатай үзэн ядах хандлага байдаг. Гэтэл солонгосчууд бол тэгэхгүй, чимээгүйхэн, дуулиан тарихгүй үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн манай залуус Солонгост очиж ажил хийж амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор солонгос хоол идэх сонирхолтой болсон. Тэр хүсэл сонирхол дээр тоглож байна гэж ойлгож болно. Энэчлэн бидэнд бодох юм их байна. 

Чиг хандлага өөрчлөгдөж байна. Манайд Shangri la, Kеmpinski, Novotel, Ramada, Holiday Inn, IBIS style гэх мэт сүлжээ зочид буудлууд салбараа нээж байна. Тэд зах зээлээ судлаад, манайд боломж байгааг олж харсан учраас л салбараа нээж байгаа. Тиймээс бидэнд ямар зах зээл дээр хэрхэн орох тухай бодлого хэрэгтэй болоод байна.  

- Таны ажил, амьдралд германчуудын соёлоос сурсан зүйл тус болдог уу. Ер нь Германд удаан байж байгаад Монголд ирээд ажиллахад зөрчил, эсвэл давуу тал ажиглагдах юм уу?

- Германд олон жил ажиллаж, сурсны хувьд юмыг их бодож төлөвлөдөг герман зантай. Өнөөдөр бодоод, маргааш ханцуйгаа шамлаад орчихдог хүн биш. Орос юм уу, хуучин социалист улсуудад сурч байсан миний үеийн хүмүүс эрсдэлийг тооцохгүй байх нь ажиглагддаг. Заримдаа тэр нь ч бас зөв юм шиг санагддаг. Германд төгссөн хүмүүс дэндүү их эрсдэл тооцдог, ямар нэгэн юманд том хөрөнгө оруулалт хийж том хөдөлдөггүй, дэндүү болгоомжтой ханддаг. Үүнийг заримдаа муу тал гэж боддог /инээв/. Одоо ч гэсэн Монголд хөрөнгө оруулсан герман хүн харьцангуй цөөн байна. Хэдийгээр төлөвлөх нь чухал ч заримдаа эрсдэл хийх нь бас зөв.. Германчууд эрсдэл хийх дургүй. Энэ зан чанар Германд сургууль төгссөн хүмүүст тодорхой хэмжээгээр шингэсэн байдаг юм уу даа. 

- Германчууд Монголд хөрөнгө оруулалт бага хийдэг нь олон шалтгаантай байх. Тухайлбал, газар зүйн байрлал нөлөөлдөг байх талтай. Монгол тэдэнд арай л холдоод байна уу?

- Би тэгж бодохгүй байна. Энэ бол зах зээлээс шалтгаалах байх. 1960-1970-аад оны үеийн германчууд африк, азийн орнуудад багагүй хөрөнгө оруулсан байдаг. Харин өнөөдөр германчуудын ирэхгүй байгаа нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой болов уу. 

Энэ нь Монголд, ялангуяа бодлогын түвшинд ажиллаж байгаа бидэнд хүнд тусдаг. Яагаад гэхээр, сайдын албан тушаал улс төрийн томилгоогоор олгогддог. Шинэ сайд багаа бүрдүүлэхийн тулд салбар агентлагийн бүх дарга нараа, заримдаа бүр мэргэжилтний түвшинд ч солих болдог. Эсвэл агентлагийн нэрийг өөрчлөөд хүмүүсээ сольдог. Тиймээс бид шинэ хүмүүст салбараа ойлгуулах гэж маш их цаг алддаг. Хоёрт, засаг солигдлоо гэхэд өөрчлөгдөхгүй байх хөгжлийн жанжин шугам байхгүй. Шинээр томилогдсон хүн бүр ухаантай царайлаад, шинэ юм бодож олоод, өмнөх намынхаа ажил үйлийг үгүйсгээд, үг, үсэг зэрэг жижиг асуудал дээр тоглоод, яг тэр чиглэлд явах ёстой гэдгээ мэдээд байгаа хэрнээ түүнийгээ барьж чадахгүй байна. Энэ бол үнэхээр том асуудал. Үүнийг бид байнга хэлдэг боловч өөрчилж чадахгүй л байна. Магадгүй хуульчлах ёстой болов уу. 

Дээрх асуудал гадаад харилцаан дээр ажиллаж буй хүмүүст хүндээр тусдагийн нэг жишээ нь, 2015 онд бид ITB-д түнш орноор орохын тулд 2011 оноос эрчимтэй хөөцөлдөж байж 2013 онд тухайн үеийн БОАЖЯ-ны дэд сайд гарын үсэг зурсанаар баталгаажсан. ITB-тэй гэрээ байгуулах хооронд засаг хоёр ч удаа солигдоод, сайд нар өөрчлөгдсөн тул нилээдгүй хүндрэл гарч байсан. Учир нь төрөөс ихээхэн хэмжээний төлбөр мөнгөний асуудал яригдаж байсан тул.  Энэ нарийн ширийн юмыг хүмүүс тэр болгон ойлгодоггүй. Royalty Fee –ээс гадна Монголоос өчнөөн хүн авчирч Монголыг сурталчилах ажлуудыг хийсэн.. Шинээр томилогдсон сайд маш сайн ойлгоод тэр том ажлыг хийсэн ч дараа дараагийн жилүүдэд үргэлжлүүлээд явах асуудлууд нь орхигдсон. Энэ л манайд байгаа маш том асуудал.

.- Энэ бүх ажлыг та яаж амжуулж байна аа?

- Би ганц хүүтэй. Хүү маань 30 гарсан ч хүнтэй гэрлээгүй, намайг эмээ болгоогүй байгаа учраас одоохондоо харьцангуй завтай байна. 

- Ярилцлагынхаа төгсгөлд танд хэлэх үгийг үлдээе.

- Европын орнууд 100, 200 жил болж байж өнөөдрийн хэмжээнд хүрсэн.Дэлхийн II дайны үед хүүхэд байсан жуулчид ирээд  “Тэгэхэд бид бас ийм л нүхэн жорлонтой л байсан шүү дээ” гэж ярьдаг. Харин өнөөдрийн залуучууд мэдэхгүй, том том юм яриад байдаг. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, гадаадад сурч байгаад тэндээ үлдсэн залуучууд үүнийг ойлгодоггүй, өөрийнхөө болон Монгол орныхоо үнэ цэнийг мэддэггүй. Монголд болон Германд эмчээр эсвэл өөр мэргэжлээр ажиллах мэдээж өөр. Тиймээс тэд хувиа бодоод гадаадад амьдраад ч байгаа юм шиг. Мэдээж тэд Монголдоо ирээд хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог л байх. Гэр бүлтэй хүнд сонголт хийхэд амаргүй.  Яагаад гэвэл, гэр бүл нэгт байдаг учир үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө сонголт хийхээс өөр арга байхгүй. Харин Монгол улс хүмүүсээ боддог болоод, тэр хүмүүс нь хүрээд ирвэл сайхан л байна. 

- Баярлалаа. 

 

Ярилцсан Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ