Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тэмүүжин: “Ард” санхүүгийн нэгдлийн нийт хөрөнгө 54.6 тэрбум төгрөгт хүрсэн

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

“Ард” секюритиз ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын шинжээч Э.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Монголын хөрөнгийн биржийн үнэлгээ сүүлийн жилүүдэд өссөөр байгаа. Энэ жилийн тухайд хөрөнгийн зах зээл дээр олон шинэ бүтээгдэхүүн гарсан. Хөгжил нь ямар шатанд явж байна гэж харж байгаа вэ?

-Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил өнөөдрийн байдлаар түүхэндээ дээд төвшинд хүрээд байна. Энэ хөгжлийг хэмжиж байгаа гурван шалгуур үзүүлэлт байгаа юм. Нэгдүгээрт, тухайн өдрийн арилжааны дундаж үнийн дүн. Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа бүтээгдэхүүний үнийн дүн нь өмнөх үетэй харьцуулахад маш их хэмжээгээр өссөн. Хоёр жилийн өмнө гэхэд 10-20 сая төгрөгийн арилжаа өдөрт дундажаар явагддаг байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр арилжааны үнийн дүн хэдэн зуун саяаар яригдаж байна.

Энэ үзүүлэлтээс харахад арилжааны үнийн дүн маш ихээр сайжирсан гэж харж болно. Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээл дээр байгаа компаниудын зах зээлийн үнэлгээ өнөөдөр 2.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Гуравдугаарт, хөрөнгийн зах зээл дээр оролцож байгаа хүмүүсийн тоо маш их нэмэгдэж байна. 2017 оны эцсийн байдлаар ойролцоогоор 40 мянган хэлцэл хийгдсэн. Мөн бүтээгдэхүүний тоо ихэсч байна. 2018 он гарснаар Хөрөнгийн бирж дээр нийтдээ дөрвөн шинэ бүтээгдэхүүн гарлаа. Тодруулбал, Баянхонгор аймагт хайгуулын үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ ресорс” компани Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байдаг. Энэ компани Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн зургадугаар сард анх удаагаа давхар бүртгэл хийсэн.

Түүнчлэн он гарсаар дөрвөн IPO гарсан. Өнгөрсөн гуравдугаар сард “ЛендМН” банк бус санхүүгийн байгууллага олон нийтээс нийтдээ таван тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. “Монгол Базальт” компани зургаан тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Хамгийн сүүлд “Мандал” даатгал болон “Ард” даатгал  олон нийтэд хувьцаагаа арилжиж хөрөнгө татан төвлөрүүллээ.

-“Ард” даатгал олон нийтээс хэчнээн төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн бэ. Захиалсан хэмжээнээсээ давсан байх аа?

-“Ард” даатгал 7.5 сая ширхэг хувьцааг нэгжийн 700 төгрөгөөр нийтдээ 5.25 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан. Харин манайд хувьцаа худалдаж авах захиалга илүү ирсэн. Нийтдээ 6.97 тэрбум төгрөгийн захиалга ирсэн. Ингээд захиалга өгсөн хүмүүсийн 75.3 хувиар нь захиалгын сан биелэсэн. 700 төгрөгөөр анхдагч зах зээл дээр гарсан хувьцаа маань  өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс эхлэн хоёрдогч зах зээл дээр гарсан. Хүмүүс хоорондоо арилжаа хийж эхэлсэн гэсэн үг.

Гарсан даруйдаа долоо хоногийн дотор нэг хувьцааны үнэ 920 төгрөг болж өссөн. Энэ нь ойролцоогоор 30 хувийн өсөлт. Иргэд сүүлийн үед хөрөнгийн зах зээл дэх хувьцааг маш их сонирхож орж ирж байгаа. “Ард” даатгалын хувьцаан дээр нийтдээ 1300 гаруй хөрөнгө оруулагч орж ирсэн нь Монголдоо хамгийн их хувьцаа эзэмшигчтэй даатгалын компани болсон. Даатгалын хувьд манай зах зээл дээр өсөх нөөц бололцоо маш их байгаа.

Хөгжингүй орнуудад даатгалын зах зээл нь нийт эдийн засгийнхаа зургаа орчим хувийг эзэлдэг. Гэтэл манай эдийн засагт даатгалын зах зээл ердөө 0.5 хувийг эзэлж байгаа.

-Хөрөнгийн зах зээлд оролцох сонирхолтой хэрнээ хаанаас эхлэхээ мэдэхгүй олон хүн бий. Тэдгээр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Анхан шатны ойлголт байхгүй хүмүүст хувьцаа гээд ярихаар “мөрийтэй тоглоом” гэж ойлгоод байдаг юм. Олон хүнээс тэгж сонссон шүү /инээв/. Гэтэл бодит байдал дээр хувьцаа гэдэг нь “компани” гэсэн үг. Ямар нэгэн компанийн хувьцааг худалдаж авснаар тухайн компанийг худалдан авч байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тэр компанийнхаа эзэн нь болж байна гэсэн үг.

Би хүмүүст хэлдэг юм. “Хувьцаа гэдэг үгээ түр мартчих, тэгээд би компани худалдаж авч байна гээд ойлгочих. Тэгээд тэр компанийнхаа бизнест анхаар. Тэгж байж хөрөнгө оруулбал илүү дүнтэй бөгөөд бодитой болно” гэж хэлдэг. Анх хувьцаа худалдаж авч байгаа иргэн эхлээд заавал үнэт цаасны данстай байх ёстой. Та аль нэг брокерын компани дээр очоод маягт бөглөнө. Энэ маягтыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү явуулна. Тэнд таны үнэт цаасны данс нээгдэнэ гэсэн үг. Түүнээс биш брокерын компани танд үнэт цаасны данс нээж өгч байгаа хэрэг биш л дээ. Брокерын компани зөвхөн зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа юм. Таны бүх хувьцаа тэрхүү дансанд байршина гэсэн үг.

Та хувьцаа худалдаж авахын тулд дахиад төлбөр тооцооны данстай байх хэрэгтэй. Энэ хоёр данс автоматаар холбогдож хувьцаа болон төлбөр тооцооны гүйлгээ хамт хийгдэнэ. Та хувьцаа авах тохиолдолд төлбөр тооцооны дансандаа мөнгөө байршуулаад брокертоо хувьцаа авах захиалгаа өгнө. Ингэснээр таны үнэт цаасны дансанд хувьцаа тань байршиж, төлбөр тооцооны данснаас тань мөнгө хасагдана гэсэн үг.

-“Говь” компани саяхан болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэгж хувьцаагаа арав хуваах шийдвэр гаргасан.  Ингэснээр хувьцааных нь тоо арав дахин үржигдэнэ гэсэн үг. Өмнө нь хэд, хэдэн компани иймэрхүү байдлаар хувьцаагаа хувааж байсан туршлага бий байх аа?

-Хоёр жилийн өмнө “Сүү” компанийн хувьцаа 100 мянган төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд нэгж хувьцаагаа мянга хуваасан. Үнэ нь 100 мянга байж байгаад 100 төгрөг болчихож байгаа юм. Тэгэхээр 100 мянган төгрөгийн үнэтэй бараа 100 төгрөг болж байна гэдэг нь арилжааны идэвхийг нэмэгдүүлж байгаа хэрэг. Арилжааны идэвх нэмэгдэхээр хувьцааны үнэ өсөх хандлага ихэснэ.

Нөгөө талаараа барааны эргэлт сайжирч байгаа юм. Тухайн үед мөн АПУ компани хувьцаагаа хувааж байсан. Нэгж хувьцаа нь 3000 төгрөгөөр арилжаалагдаж байгаад арав хуваасан. Ингээд нэгж хувьцааных нь үнэ 300 төгрөг болсон. 800 төгрөг хүрч байсан. Өнөөдрийн тухайд “Говь” компанийн хувьцаа 33 мянган төгрөгөөр арилжаалагдаж байна шүү дээ. Нэгж хувьцаагаа арав хуваах шийдвэр гаргасан байгаа. Ингэснээр хувьцааных нь тоо арав дахин үржигдэнэ гэсэн үг. Энэ бол сайн хэрэг.

-“Ард” санхүүгийн нэгдлийн тухайд энэ жилдээ багтаагаад хөрөнгийн зах зээл дээр хоёр шинэ бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байгаа юм байна. Тодруулбал, ямар онцлогтой бүтээгдэхүүн гаргах вэ? 

-“Ард” санхүүгийн нэгдлийн охин компани болох “Ард” даатгалын IPO амжилттай болсон. Тиймээс бид энэ жилдээ багтаагаад хоёр шинэ бүтээгдэхүүн хөрөнгийн зах зээл дээр гаргах төлөвлөгөөтэй байгаа. Нэг нь IPO нөгөө нь RTO. IPO гэдэг нь өөрийн компанийхаа хувьцааг олон нийтэд шууд зарж байгаа үйл ажиллагаа. Харин RTO нь бирж дээр гараагүй байгаа компани бирж дээр байгаа компанитай нэгдэн нийлэх үйл явцыг хэлж байгаа юм.

Тухайлбал, өмнө нь “Жинст Увс” гэдэг компани хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан. “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани бирж дээр байгаагүй. Энэ хоёр компани урвуу нэгдэл буюу RTO хийх зарчмаар хөрөнгийн зах зээл дээр гарч байсан. Харин одоо “Ард” санхүүгийн нэгдэл “Жинст Увс”-тай нэгдээд дахин RTO хийх зарчмаар хөрөнгийн бирж дээр гарах юм.

-“Ард” санхүүгийн нэгдэл 14 охин компанитай. Энэ жилийн тухайд үйл ажиллагаа нь нэлээд өргөжсөн. Ашиг орлого нь хэр нэмэгдсэн бэ?

-Хаалттай хүрээнд маш олон компанийн хувьцааг эзэмшдэг. Энэ жил бид “Гөү Пэй”төвлөрсөн бус крипто түрийвч, “Digital Exchange Mongolia” буюу Монголын анхны цахим арилжааны бирж, “Эм И Си Партнерс” онлайн худалдааны платформ зэрэг технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийсэн. Цаашлаад финтек банк болох зорилгын хүрээнд он дуусахаас өмнө хэд хэдэн хэлцэл эцэслэхээр ажиллаж байна. Тун удахгүй мобайл банкны  цоо шинэ хувилбарыг хүргэх болно. Энэхүү хувилбартаа орчин үеийн бүхий л технологийн шийдлийг агуулсан бүтээгдэхүүнийг байршуулсан байгаа.

Ингэснээр санхүүгийн бүхий л үйлчилгээг нэг доороос авна гэсэн үг. “Ард” санхүүгийн нэгдлийн санхүүгийн байдал өмнөх жилтэй харьцуулахад маш сайн гарсан. Нийт хөрөнгө  өнгөрсөн  есдүгээр сарын сүүлээр 54.6 тэрбум төгрөгт хүрч өссөн. Нийт ашгийн хэмжээ 3.5 тэрбум төгрөгт хүрлээ. Өнгөрсөн жилийн гуравдугаар улиралд бид 700 сая төгрөгийн  ашигтай ажиллаж байсан. Орлого 210 хувиар давсан үзүүлэлттэй байна. Балансын хувьд нэг жилийн хугацаанд 13 тэрбум төгрөгөөр тэлсэн байна. Үүнээс өөрийн хөрөнгийн өсөлт нь найман тэрбум төгрөг болсон. Ингэснээр компанийн үнэлгээ 54.6 тэрбум төгрөгт хүрлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.