Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

П.Товуудорж: Монгол Улс эрчим хүчний хил дамнасан том төслийн координатор хийх боломжтой

ikon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

"Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа" олон улсын томоохон форум Монголд болох гэж буйтай холбогдуулан Монгол Улсын зөвлөх инженер П.Товуудоржтой ярилцлаа.

-Маргааш "Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа" олон улсын форум Монголд эхлэх гэж байна. Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны санаачилга ер нь хэзээнээс эхлэлтэй юм бэ?

-Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны санаачилга 2011 оны үеэс яригдаж эхэлсэн. Анх "Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа" гэсэн олон улсын бага хурлыг 2012 оны арванхоёрдугаар сард Улаанбаатарт хийсэн түүхтэй. Тэр үед Ерөнхийлөгчийн ивээл дор Эрчим хүчний яам зохион байгуулж байлаа. ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ-ын төлөөллүүд оролцсон л доо. Хойд Солонгосын төлөөллийг хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан урьж авчирч байсан юм. Үүнээс хойш Гадаад хэргийн яамтай хамтран Улаанбаатарын яриа хэлэлцээрийн хүрээнд олон улсын энэхүү хурлыг жил болгон хийж ирсэн.

-Сүүлийн үед эрчим хүчний үүсгүүрүүдээ Монголд суурилуулна гэж шуугиулаад байгаа Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ бүр хожим яригдаж эхэлсэн байх, тийм үү?

-Японы Фүкүшимагийн ослын дараачаас ярьж эхэлсэн юм. 2011 онд Софт банкны ерөнхийлөгч санаачилсан. Үүний дараа Зүүн хойд Азийн орнуудын Засгийн газрын түвшинд анх удаа манай улсад дээрх хурал болсон. Уг хурлаар Монгол Улсын Засгийн газар энэ төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн. Урьд нь ч бас НҮБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны Ази, Номхон далайн орнуудын хүрээнд тодорхой хэмжээнд яригдаж байсан асуудал л даа. Гэхдээ ярилцахаас хэтрээгүй байсан. Манайд болсон хурлын дараа урьдчилсан судалгаатай болъё гэдэг санаачилга гарсан. Бид Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавьж, Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны ажлыг хамтарч эхлүүлье гэсэн санал тавиад, санхүүгийн туслалцаа хүссэн нь ийм учиртай. Азийн хөгжлийн банк ч бидний санал хүсэлтийг хүлээж авсан.

-Тэгээд л улсуудын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судалж эхэлсэн үү. Энэ явцад ямар ажлууд хийсэн бэ?

-Тодорхой хугацааны дараа санхүүжилт шийдэгдсэн. Мэдээж тэр хүртэл зүгээр суугаагүй. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай (IRENA)хамтран Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын тайланг гаргасан. Уг тайланд манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц 15000 TWh гэж туссан. Мөн Эрчим хүчний харти олон улсын байгууллагатай хамтран Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээний судалгааны тайланг2014 онд гаргасан.

Одоо хэрэгжиж буй төслийн хүрээнд үндсэн 6 чиглэлээр судалгаа хийсэн. Зүүн хойд Азийн орнуудын дата мэдээллийг цуглуулах, энергийн балансыг гаргах хэнд нь ямар нөөц, хэнд нь зах зээл байна вэ гэдгийг тооцох. Хамгийн гол асуудал нь техникийн зохицуулалт. Учир нь Зүүн хойд Азийн улсууд нэгдсэн сүлжээний дүрмээрээ өөр өөр зохицуулалттай байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ гэсэн асуудал байсан. Хамгийн сүүлчийн асуудал нь хөрөнгө оруулалт, эдийн засагтай хамаатай буюу үнэ тариф, зохицуулалтын тухай юм.

-Шил дарсан хурал болоод байгаа нь та бид хоёрын ярьж суугаа асуудалтай холбоотой байх нь ээ?

-Тэгж ойлгож болно. Энэ удаагийн форумаар таван хурал зохион байгуулна. Эхнийх болон төгсгөлийн хурал нь Монголд болно. Хоёр дахь хурал нь БНСУ-д, гурав дахь нь өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон. Дараагийнх нь өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон. Ирэх оны тавдугаар сард Азийн хөгжлийн банктай хамтран эхлүүлсэн судалгааны төсөл дуусах ёстой. Тэр үед Монголд төслийнхөө хаалтыг хийж, үр дүнгээ хэлэлцүүлнэ.

-Супер сүлжээ гэхээр мөрөөдлийн юм шиг сонсогдоод байна гэх хүмүүс мэр сэр анзаарагддаг. Таны хувьд энэ санаачилга хэрэгжих магадлал хэр өндөр гэж бодож байна вэ?

-Бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа сэргэж байна. Зарим хүн таны асуусанчлан мөрөөдлийн төсөл гэж ярьдаг. Монгол Улс өөрийгөө эрчим хүчээр хангаж чадахгүй байж, эрчим хүч экспортлох нь холын санаа гэдэг. Энэ салбарт амьдралаа зориулсан хүний хувьд би тэгж хардаггүй. Харин ч алдаж болохгүй алтан боломж. Манай улс сэргээгдэх эрчим хүч, нүүрс, уран зэрэг эрчим хүчний үйлдвэрлэлийн гол түүхий эдийн хувьд баялаг нөөцтэй. Гэсэн хэр нь дотоодын хэрэгцээ багатай. Энэ бүс нутагт эдийн засгийн топ 10-аас дөрвөн орон нь байна. Дэлхийн хүн амын 25, эдийн засгийн 25, эрчим хүчний хэрэглээний 30 хувь нь энэ бүс нутагт бий. Өөрөөр хэлбэл, маш том эрэлт хэрэгцээ байна гэсэн үг. Орос, Хятадын тухайд Монголоос илүү эрчим хүчний нөөц баялагтай ч тодорхой асуудлууд бий. Хятад дэлхийн эрчим хүчний номер нэг хэрэглэгч. Асар их эрчим хүчний эрэлт хэрэгцээ ирээдүйд үүснэ. Ирээдүйд 300 сая хүн ядуурлын доод түвшингээс дунд түвшинд шилжинэ гэсэн тооцоо таамаг бий. Ингээд харахаар урд хөршид эрчим хүчний асар их эрэлт үүснэ. Хятадын эрчим хүчний хэрэглээ жилд 3.5 хувиар өсдөг. Жилийн 190 тэрбум киловатт/цаг, 40-50 гигаватт цахилгаан хэрэглэж байна.  Монголоос 40-50 дахин их эх үүсвэр.Тэгэхээр Монголд боломж байна гэсэн үг.

-Яагаад заавал Монголд эх үүсвэр болсон станцуудыг барих шийдэл гарсан бэ. Геополитикийн шалтгаан байна уу?

-Том төсөл гэдэг том гүрнүүдийн ашиг сонирхолоор хангагдах ёстой зүйл. Япон-Хятад, Япон-Солонгос хоёрын хооронд улс төрийн ээдрээтэй асуудлууд байна. Манай орны хувьд Зүүн хойд Азийн орнуудтай таатай харилцаатай. Хойд Солонгостой ч найрамдалт харилцаатай. Зөрчилдөх асуудал байхгүй. Тэр утгаараа манай улс төвийг сахисан бодлогоороо том төслийн координатор хийх боломжтой. Тиймээс Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын  стратегийн зургаан зорилтын хоёрт нь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэх гэсэн том зорилго оруулж өгсөн. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр баталлаа. Үүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрт Монгол Улс Зүүн хойд Азийн эрчим хүчний интеграцид яаж оролцох вэ гэдгийг тодорхой хэмжээгээр зааж өгсөн.

2036 онд Зүүн Азийн орнуудын нийт эрчим хүчний урсгал 100 гигаватт орчимд хүрэх бөгөөд 70 гигаваттыг нь Монголоос хангах боломжтой гэсэн урьдчилсан зураглал гарсан

Эхлээд хоёр хөрштэйгөө эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээ байгуулах шаардлага байгаа. Эрчим хүч бол эдийн засгийн аюулгүй байдлыг хангадаг стратегийн гол бүтээгдэхүүн. Том гүрнүүд эрчим хүчний хувьд нэгнээсээ хамааралтай байхыг хүсэхгүй. Хамааралгүй байхын тулд өөрсдийнх нь ашиг сонирхол тодорхой хэмжээнд орж ирэх ёстой. Тэр ашиг сонирхлыг нь хангахын тулд Монгол шиг улс төрийн дундыг барьсан координатор хэрэгтэй. Техникийн хувьд диспитчерийн зохицуулалт гэдэг юм зайлшгүй гарч ирнэ. Манай улсад ийм давуу талууд бий.

 

-Монголоос экспортлох сэргээгдэх эрчим хүчийг Хятад, Солонгосын хувьд импортлох ихээхэн сонирхолтой байгаа юм билээ. Оросын хувьд ямар байр суурьтай яваа бол?

-Судалгааны ажлын эхний үр дүнгээр техникийн ажлууд боломжтой, эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн урьдчилсан дүгнэлтүүд гарсан. Гурван үе шаттайгаар 2020, 2026, 2036 оны түвшинд хэр хэмжээний эрчим хүч хаанаас яаж экспортлох вэ, Монгол яаж оролцох вэ гэсэн асуудал бий. ОХУ-ын сонирхол бас байгаа. Хойд хөрш барууны орнуудын хориг арга хэмжээтэй холбоотойгоор эдийн засгаа Алс дорнод рүү тэлэх бодлого баримталж эхэлсэн. Сүүлийн хоёр жилийн Владивостокийн эдийн засгийн чуулганд эрчим хүчний сүлжээний асуудал яригдлаа. Өмнөх жил БНСУ-ын Ерөнхийлөгч нэлээд байр суурьтайгаар ярьсан.

Энэ жил манай Ерөнхийлөгч санал болгосон. ОХУ-ын Ерөнхийлөгч ч “Хоёр талт хамтын ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжиж байна. Олон талд хэрэгжих ийм төслийн боломжуудыг судлах, харах хэрэгтэй” гэсэн. Товчхондоо В.Путин энэ төслийг боломжтой гэж үзэж байна. Оросын суурилагдсан хүчин чадал нь 260 гигаватт бөгөөд 60,000 орчим мегаватт илүүдэл хүчин чадал Сибирийн нутагт байгаа. Үүнийг наашлуулах сонирхол хойд хөршид бий. Хятад руу багахан хэмжээний эрчим хүч өгч байгаа. Монгол руу бас өгдөг. Ингээд харахаар Оросын сонирхол өндөр гэдэг нь тодорхой.

-Хятадын тухайд манайтай хиллэдэг Өвөр Монгол сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй. Энэ шалтгаан супер сүлжээг сонирхохгүй өнгөрөөх үндэслэл байх боломжтой юу?

-Хятад эрчим хүчний хэрэгцээгээр дэлхийд тэргүүлж байна. Мэдээж эрчим хүчний нөөцөөрөө Монголоос илүү. Одоогоор Хятадын баруун хойд бүс нутаг эрчим хүчний илүүдэлтэй байгаа. Өвөрмонголд суурилагдсан эрчим хүчний хүчин чадал 50 хувьдаа ч хүрэхгүй. Нар, салхин станц олноор суурилуулсан. Нүүрсний уурхайнууд дээрээ станц барьсан. 45 гигаваттын хүчин чадлын 50-60 хувийг л ашиглаж байгаа. Үүнийгээ эрчим хүч дутагдалтай урд хэсгийн далайн эрэг рүү шугам татаж нийлүүлдэг. Гурван хойтын бодлого гээд хойноосоо эрчим хүч авах гурван том шугам барьж байгаа. Тэр хэсэг буюу баруун хойт бүс нутаг нь газар зүйн байрлалын хувьд манай Шивээ-Овоо, Өмнөговь, Дундговийн бүс нутгаас хол. Яг хэрэгцээтэй байршил руугаа явахад хоёр, гурван мянган км шугам тавих хэрэгтэй болно.

2026 оны түвшинд 7-9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулагдана гэсэн тоо гараад байгаа

Харин манайхаас Шивээ-Овоогоос Тэньжян хүртэл 1,300 км. Замын-Үүд, Өмнөговь гэхээр улам л ойртоно. Эрчим хүчний шугам нь аль болох ойртох тусмаа дамжуулах чадвар нь нэмэгдэнэ. Тиймээс манайх бүс нутаг дахь байршлаараа яалт ч үгүй давуу талтай болчихоод байгаа юм. Хэдийгээр Хятадын баруун бүс нутаг эрчим хүчний илүүдэлтэй байгаа ч 2030-аад онд дутагдалд орж эхэлнэ. Том гүрнүүд бодлогын хувьд эрчим хүчний хязгаарлагмдал нөөцөө шавхтал ашиглах бодлого барьдаггүй. Хятад ч тийм хандлагатай. Энергийн балансыг нь харахаар урд хөршид эрчим хүчний эрэлт хэрэгцээ хаашдаа бий болохоор байгаа. 2030 оны түвшинд Хятадын эрчим хүчний хэрэгцээ төсөөлж байгаа таамаглалаар 9,100 тераватт/цаг хүрнэ гэж байгаа юм. Энэ бол асар том хэрэглээ.

-Азийн супер сүлжээтэй холбож харвал Япон, Солонгосын тухайд юуг онцлох вэ?

-Япон, Солонгосын хувьд эрчим хүчний нөөцгүй. Бараг 100 хувь гаднаас импортоор авдаг. Газрын тос, байгалийн хий, нүүрсээ гаднаас импортолдог. Хэрэглээний хувьд Солонгос 500 гаруй тераватт/цаг, бол Япон 900 гаруй тераватт/цаг. Энэ бол асар том хэрэглээ. Энергийнхээ балансыг харахаар эрчим хүчний эрэлт хэрэгцээ энэ орнуудад асар их. Нөөцийг нь харахаар Монгол, Оросын Сибирийн бүс нутаг тодорхой хэмжээний хувийг хангах нөөц боломжтой.

Хоорондоо харилцан ашигтайгаар бие биенийхээ илүү, дутууг яаж нөхөж ажиллах вэ гэдэг дээр олон жилийн яриа хэлэлцээр, шинжлэх ухааны үндэстэй судалгаа, улс төрийн дээд түвшний харилцан ойлголцол байх учиртай. Тэгж  гэмээнэ та бид хоёрын ярьж суугаа энэ төсөл цааш явна. Энэ төслийн судалгаагаар бол 2026 оны түвшинд таван гигаватт эрчим хүч дамжуулна. Үүний хоёр гигваттыг Монголын говиос хангах боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан. 2036 онд Зүүн Азийн орнуудын нийт эрчим хүчний урсгал 100 гигаватт орчимд хүрэх бололцоотой. Үүний 70 гигаваттыг Монголоос гаргах боломжтой  гэсэн урьдчилсан зураглал гарчихсан байгаа.

-Хөрөнгө оруулалтыг нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн урьдчилсан судалгаа байгаа юу?

-Мөнгөн дүнгээр бол нийт 7-9 тэрбум ам.доллар гэсэн тоо яригдаж байна. Солонгос, Хятад хоёрын хооронд 360 км-т далай доогуур судалгааны ажлууд хийгдэж байна. Япон, Солонгос хоёрын дунд 466 км-т далай доогуур 500 вольтын тогтмол хүчдэл явуулах судалгааны ажлууд эхэлсэн. Энэ бүх ажлыг нийлүүлээд 2026 оны түвшинд 7-9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулагдана гэсэн тоо гараад байгаа. Монголоос нийлүүлэх хоёр гигаваттын чадлыг дамжуулах судалгааны ажлын хувьд 1.5-2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд шаардлагатай.

-Олох ашгийн ерөнхий тооцоолол гэж гарсан уу?

-Олох ашгийн ерөнхий тооцоог одоогоор хэлэхэд эрт л дээ. Мэдээж эрчим хүчний төслүүд, ялангуяа Монголд үйлдвэрлээд гаргана гэдэг эдийн засгийн хувьд үр ашигтай. Ажлын байрууд бий болно. Манайд эрчим хүчний экспортын татвар байхгүй ч бусад татвар, төлбөр, ажлын байр, дагалдах бараа бүтээгдэхүүн худалдан авалтын гээд нарийвчилсан судалгаа хийнэ. Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулаад, хэдэн төгрөгийн ашигтай үлдэх вэ гэдгийг судална. Зүүн хойд Азийг эрчим хүчээр холбоход урд, хойд гэсэн хоёр хэсэг бий. Хойд талаасаа өмнө хэсгээрээ холбох нь эдийн засгийн үр ашигтай гэсэн ерөнхий чиг байгаа юм. Солонгос, Хятад хоёрын хооронд тавих 460 км-ын шугам нь хоёр гигаватт чадал дамжуулна. Урьдчилсан судалгаа ингэж гарсан.

-Ярилцсанд баярлалаа.