Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ОДДЫН ӨВЧИН - МОНГОЛЫН ТАЙЗНАА

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

-Үзвэрийн жилийн нээлт-

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 88 дахь үзвэрийн жилийн нээлтээ 11-р сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж,театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдэдээ хайр, ухаарал,инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.

Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзнаа эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдаж, үзэгчдийн сэтгэлт зүрхийг булгилуулж, инээд баясал хүртээх нь гарцаагүй.

Америкийн зохиолч К.Людвиг Монголын үзэгчдэд танил болсон зохиолч. УГЗ найруулагч Н.Ганхуяг “Гол дүрийн амрагууд” жүжгийг 2009 онд манай тайзнаа найруулан тавьж олон жил тайзнаас буулгүй тоглогдсон юм.

Орчин цагийн театрын шинэ урсгал чиглэлээр жүжиг найруулж, зохиодог Кен Людвиг нь үзэгч уншигчдаас жүжгийн шинэ соргог мэдээлэл, тулгамдсан эмзэг асуудлыг тайзны хэлээр дамжуулан хүртэж болох замыг нээж, хүмүүсийн хоорондын харилцаа, соёл иргэншил, технологийн дэвшил, оюун ухааны шинэчлэлийн эсрэг хийгээд сөрөг талыг гэр бүлийн хүрээнд тавьж, хүн нийгмээс ямагт хариу нэхэж байдгаараа өвөрмөц зохиолч билээ. Драмын зөрчлийг инээдмийн хэлбэрээр, нэн сонирхолтой гаргадаг нь Кен Людвигийн бусдаас ялгагдах нэгэн онцлог юм.

“Оддын өвчин”инээдмийн жүжгийн продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагчаар СТА Ч.Түвшин, орчуулагчаар УГЗ Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Г.Энхбаяр,ерөнхий зураачаар СТА С.Ариунболд нарын бүрэлдэхүүн ажиллаж байна.

 
Шинэ жүжгийн гол дүрүүдэд,​ Макс–Э.Тодгэрэл /СТА/, Мэгги–Г.Номуун, Б.Сэтгэлтүвшин, Сондерс-Ц.Жаргалсайхан, Жулия-Ц.Баясгалан, Тито – Г.Алтангэрэл /СТА/, Мария – Н.Баярмаа /СТА/, Диана – Б.Золжаргал, Тахар – Б.Золжаргал нар сонгогдон ажиллаж байна.

Бид энэхүү уран бүтээлээр дамжуулан Хүн өөрөөрөө байх тухай, аз жаргалын төлөө хүн өөрөө эзэн байхын тухай харуулахын хэрээр “Өнөө цагт хүн болгон л манлайлагч-лидер болох гээд, олноос онцгойрсон “Од” болох гээд улайран зүтгээд байна. Түүнийхээ төлөө найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн чанараа гээж, хаяж явна. Ингэж л болохгүй юм” гэсэн санааг гэгээлэг, ухаалаг, хүнлэг санааг жүжгийнхээ титэм санаа болгон дэвшүүлсэн юм.

Тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ урьд өмнө байгаагүй, сценографийн урлагт шинийг эрэлхийлснээрээ тун өвөрмөц юм.

Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын өвөрмөц илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.

“Оддын өвчин” жүжгийн танилцуулга:

 

Уг жүжгийн үйл явдал АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компанийн ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигт тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга,зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгчид Титог тэсэн ядан хүлээж буйгаар энэхүү жүжгийн үйл явдал эхэлнэ. Тэгтэл Тито...

Үргэлжлэлийг харин та жүжгээс үзээрэй...

Тоглолтын тасалбарыг: 11-р сарын 05-наас УДЭТ-ын касс, WWW.TICKET.MN, Үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаална.