Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д жүүдүүдийн эсрэг зэвсэгт халдлага гарч 11 хүн амиа алдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн өглөө АНУ-ын Питтсбург хотын жүүдийн сүмд нэгэн этгээд зэвсэглэн халдаж, мөргөлд оролцож байсан 11 хүний амийг хөнөөжээ.

Мөн зургаан хүн шархдсан байна. Халдлага үйлдсэн этгээд нь 48 настай Роберт Боуэрс гэгч байсан бөгөөд тэр мөргөлчид рүү гал нээж байхдаа “бүх Жүүдүүд үхэх ёстой” хэмээн хашхирч байжээ.

Түүнээс сүүлд цагдаа нар нэг хагас автомат, гурван гар буу хураасан байна. Амиа алдсан 11 хүн нь бүгд насанд хүрэгсэд байсан бол шархдсан зургаан хүний хоёрын биеийн байдал хүнд байгаа ажээ. Бусад дөрвөн шархтан нь цагдаагийн ажилтнууд байсан гэнэ. Баривчлах ажиллагааны үеэр Боуэрс цагдаа нартай тулалдсаны улмаас тэд шархджээ.

Сүмд цугларагсад шинэ мэндэлсэн хүүхдэд нэр өгөх зан үйлд оролцож байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гарсан хэргийн талаар сэтгүүлчдэд ярихдаа “галт зэвсгийн хяналтыг чангалснаар үүнийг зогсоохгүй”, “хэрвээ сүм өөрийн зэвсэгт хамгаалалттай байсан бол ийм байдалд хүрэхгүй” гэсэн байна.

Дараа нь тэр Индианад болж буй арга хэмжээнд үг хэлэхдээ “Өнөө үед ийм хэрэг гарна гэж та бүхэн төсөөлөөгүй байх. Гэвч бид өнгөрсөн үеэсээ суралцаж чадаагүй байгаа нь эндээс харагдлаа” хэмээн ярьж, харамслаа илэрхийлжээ.

Хэргийн дараа Чикаго, Лос Анжелес, Нью Йорк, Вашингтон хотуудын цагдаагийн газрууд жүүдийн сүм хийдүүдэд нэмэлт хамгаалалт гаргах арга хэмжээ авсан байна.

 

Эх сурвалж: Business Insider