Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Америк даяар тэсрэх бөмбөгтэй илгээмж тараасан этгээдийг баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт АНУ-ын Ардчилсан Намын хэд хэдэн улс төрчид, дэмжигчид, Дональд Трампыг шүүмжлэгчдийн хаягаар тэсрэх бөмбөгтэй захидал ирсэн хэрэг гарсан билээ.

Тэгвэл Холбооны Мөрдөх Товчоо уг хэргийг үйлдсэн этгээдийг Баасан гарагт олж, баривчилжээ.

Нийтдээ 13 ширхэг аюултай илгээмж явуулсан этгээд нь Флорида мужийн иргэн, 56 настай Цезарь Саяок гэгч байлаа.

Тэрээр ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч, Бүгд Найрамдах Намд бүртгэлтэй нэгэн байсан бөгөөд баривчлах үеэр сонгуулийн зурагт хуудас битүү наасан түүний эзэмшлийн микро автобус олдсон байна. Зурагт хуудсууд дээр танк хөлөглөн довтолж байгаа Трамп, нүүрэн дээр нь бууны овоо хараа тусгасан Хиллари Клинтон зэргийг дүрсэлсэн байжээ.

 

Илгээмжийн нэг дээрээс Саяокын хурууны хээ илэрсэн тухай Холбооны Мөрдөх Товчооны захирал Крис Врэй мэдэгдээд тэсрэх бөмбөгнүүд нь хуурамч эд биш, үнэхээр аюултай зэвсэг байсныг баталсан юм.

Тэдгээрийг хийхдээ интернэтэд түгээмэл тарсан гар аргаар тэсрэх бөмбөг бүтээх зааврыг ашигласан байжээ.

Саяокын сошиал хуудаснуудаас Трампын сонгуулийн сурталчилгаанд оролцож байгаа олон зураг илэрсэн байна. Тэр өмнө нь бусдыг бөмбөгөөр айлган сүрдүүлсэн, хулгай, луйвар хийсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгууль төлөөгүй зэрэг маш олон зөрчил, гэмт хэргийн түүхтэй нэгэн байжээ.

Одоо Саяокын буруутай нь тогтоогдвол таван хэрэгт ял сонсож, 48 жил шоронд хоригдох шийтгэл хүлээх гэнэ.

Саяокын илгээмжийг хүлээж авсан хүмүүсийн дотор Жорж Сорос, Барак Обама, Билл Клинтон, Жой Байден, жүжигчин Роберт Де Ниро байснаас гадна CNN агентлагийн ажилтнууд байсан юм.

Арваннэгдүгээр сарын 6-нд АНУ-д конгрессийн завсрын сонгуулийн санал хураалт явагдах гэж байгаа. Дональд Трампыг хүчтэй шүүмжлэгчдийн нэгэнд тооцогддог жүжигчин Роберт Де Ниро өчигдөр мэдэгдэл гаргасан байна.

“Бурхны авралаар хэнд ч аюул тохиолдоогүйд, бас биднийг хамгаалж байгаа хуулийн байгууллагын эрэлхэг албан хаагчдад баярлалаа. Тэсрэх бөмбөгнөөс илүү хүчтэй зүйл бол та бүхний сонголт юм. Тиймээс бүгдээрээ саналаа өгцгөөе” гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: Reuters