Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Хог үнэрлэж” амьдардаг Индонезийн иргэд засгийн газраасаа нөхөн төлбөр авдаг

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Зүүн өмнөд Азийн хамгийн том хогийн цэгүүдийн нэг нь Индонезийн нийслэл Жакарта орчимд байдаг.

Жакарта хотын 10 сая оршин суугчийн үүсгэсэн хог хаягдал тус хотоос цаг орчим явж хүрдэг Бантар Гебанг хэмээх энэхүү хогийн цэгт ирж булшлагддаг байна. 110 гектар талбайтай уг газарт цугларсан хог одоо уул овоо шиг өндөрсөж, 10 км-ийн зайнаас ч үнэртэх болжээ. Тиймээс хогийн талбайн ойр орчимд амьдардаг иргэддээ Индонезийн засгийн газар сар бүр 200,000 рупи ($13 орчим) нөхөн төлбөр болгож өгдөг байна.

Харин сүүлийн үед хогийн хэмжээ нэмэгдэж, үнэр нь тэсэхийн аргагүй болсон тул иргэд нөхөн төлбөрөө нэмэгдүүлэхийг шаардах болжээ. Иргэдийн тайлбарлаж байгаагаар үнэрнээс болж хүүхдүүд нь гэртээ харих дургүй, гадаа тоглох боломжгүй болсон, хэрэглээний ус ариун цэврийн шаардлага хангахгүй болсон тул дэлгүүрээс савласан ус авдаг болсон гэх зэргээр төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Хогийн талбайд ойрхон гурван тосгонд нийт 18,000 гэр бүл амьдардаг гэнэ. Тэдний 6,000 орчим нь хогноос түүхий эд ялган түүж, үйлдвэрүүдэд тушаах аргаар амьдардаг байна.

Энд хуримтлагдсан хуванцар хог хаягдал гол ус руу ихээр ордгоос Индонез улс нь дэлхийд Хятадын дараа хоёрт орох далайн усыг хуванцраар бохирдуулагч болжээ.

Өдөр бүр Жакартагаас хэдэн зуун машинтай хог Бантар Гебангийг зорьдог ба өдөрт нийтдээ 7,000 тонн орчим хог буулгадаг гэдэг.

Иргэдийг нөхөн төлбөрөө нэмэгдүүлэхийг шаардаж байх зуур Индонезийн засгийн газар хяналтаас гарсан хог хаягдлын талбайгаа хэрхэн алга болгох шийдлийг хайсаар байна.

 

Эх сурвалж: The Guardian