Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сирид 40 сар барьцаанд байсан сэтгүүлч эх орондоо ирж, ээжийнхээ гарын хоолыг зооглов

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сири улсад сурвалжлага хийхээр очоод 40 сарын хугацаанд зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдаж байсан Японы иргэн сэтгүүлч өчигдөр эх орондоо иржээ.

Туркээс Токиод ирсэн 44 настай Жүмпэй Ясудаг япончуудын зарим хэсэг нь сэтгүүл зүйн салбарт эр зоригийн жишээ болсон хүн гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь гэнэн тэнэг, адал явдал хөөцөлдсөн этгээд гэж шүүмжилж байна.

Ясуда 2003 онд ажиллаж байсан орон нутгийн сониноо орхиж, Иракийн дайныг сурвалжлахаар яваад анх богино хугацаанд барьцаалагдаж байсан юм. Өчигдөр түүнийг Нарита нисэх буудалд газардахад эцэг эх, эхнэр нь тосон авчээ. Ясуда ээжийнхээ авч ирсэн цагаан будааны бөмбөлгийг энэ үеэр амтархан идэж байсан юм.

Сүүлд түүний эхнэр, Мю нэрээр танигдсан дуучин сэтгүүлчидтэй уулзаж товч мэдэгдэл хийжээ. Тэрээр олон хүний санааг зовоосон явдалд нөхрийнхөө өмнөөс уучлал гуйж, өөрт юу тохиолдсоныг нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх үүрэгтэй гэдгээ ухамсарлан ойлгож байгааг нь дуулгасан байна.

Эрүүл мэндийн үзлэгт орсны дараа уг ажилдаа орно гэдгийг нь бас хэлсэн юм. “Тэр хамгийн түрүүнд халуун усанд орж, орон дээр унтах хүсэлтэй байгаагаа хэлсэн” гэж Мю сэтгүүлчдэд мэдээлжээ.

Ясуда 2007 онд дахин Иракт очихдоо Иракийн армийн баазад тогоочоор хэсэг ажиллаж, энэ үед үзсэн харснаа 2010 онд ном болгон хэвлүүлж байсан юм.

Улмаар 2015 онд дахин Ойрх Дорнодыг зорихдоо Сирийн нутагт зэвсэгт бүлэглэлийнхэнд барьцаалагдсан байна. Тухайн онд Японы сэтгүүлч Кэнжи Гото, түүний барьцаанаас суллуулахаар хөөцөлдөж байсан найз Харуна Юкава нарыг Исламын улс бүлэглэлийнхэн цаазалсан юм.

Японы зарим иргэд Ясудаг олон нийтээс уучлал гуйж, барьцааны мөнгийг буцаан төлөхийн тулд хичээн ажиллах ёстой гэж үзэж байна. Гэхдээ Японы засгийн газар Ясудаг барьцаанаас суллуулахын тулд мөнгө төлөөгүй гэж мэдэгдээд байгаа. Гурван жил харь хүмүүсийн дунд байсан Ясуда япон хэлээр ярихдаа ч түгдэрдэг болсон тул түүнд хэвийн амьдралд шилжих хугацаа хэрэгтэй гэж эхнэр нь ярьжээ.

Туркээс эх орноо зорихын өмнө Ясуда “Би Япон руугаа буцах болсондоо баяртай байна. Үүнээс гадна надад юу тохиолдох бол, би юу хийх ёстой вэ гэсэн тодорхойгүй асуултууд хүлээж байна” гэж ярьж байв.

 

Эх сурвалж: Japan Today