Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эрсдэлтэй төсөв батлах гэж буйг судлаачид шүүмжилж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас өргөн барьсан 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ ирэх арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах учиртай. Гэвч энэхүү төсөл нь хэт өөдрөг, эдийн засагт эрсдэлтэй болсныг судлаачид ч шүүмжилж байна. 

“Монгол Улсын 2019 оны төсвийн орлогын төлөвлөлт” сэдвээрх хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форумаас өнөөдөр зохион байгуулсан бөгөөд хоёр асуудлаар СЭЗИС-ийн багш, судлаачдаар хөндлөнгийн шинжилгээ хийлгэснээ танилцуулсан юм.  

"Төсөв дэх татварын орлогын гүйцэтгэл 2010 оноос хойш төлөвлөснөөөө доогуур явж ирсэн"

 
Гэрэл зургийг MPA.mn

2019 оны төсвийн төсөл дэх татварын орлогын асуудлаар СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш, судлаач Ш.Батцэнгэл шинжилгээ хийжээ.

2006 оноос хойш УИХ яг ийм байдлаар өөдрөг төсөв баталж, түүнийгээ 1-2 удаа, 2009 онд бүр гурван удаа тодотгол хийснээс ийм төсөл ямар эрсдэлтэй болохыг харж болно. 2012-2016 онд төсвийн орлогын гүйцэтгэл байнга “-” утгатай явж ирсэн. ОУВС-гийн хөтөлбөрийн ачаар 2017 онд эерэг утгатай гарсанд дөрөөлж ирэх жилийг хэт өөдрөгөөр харах нь маш эрсдэлтэй байгааг Ш.Батцэнгэл сануулаад “2019 онд ДНБ-ий өсөлтийг 8 хувь гэж тооцсон бөгөөд энэ өсөлтөд эзлэх татварын орлогыг нэмэгдэнэ гэж тооцоолсон байгаа юм. Маш олон хүчин зүйлийн үр дүнд л ДНБ ийм хэмжээнд өсөх боломжтой. Өсөхгүй байх эрсдэл нь илүү. ДНБ ингэж өснө гэж тооцсон учраас татварын орлого дагаад нэмэгдэнэ гэж төсөөлсөн байгаа. Гэвч татварын орлого дутвал зардлаа яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний тулд эсвэл өрөө нэмэгдүүлнэ, эсвэл зардлаа танаж, тодотгол хийхэд хүрнэ. Төсөв дэх татварын орлогыг ингэж өндөр төлөвлөж, тооцоо муу хийсэн нь макро эдийн засгийн тогтвортой бус байдлыг бий болгож, үүгээр дамжуулан ард иргэдийн амьдралд дарамт болно” хэмээн дүгнэсэн юм. 

Түүний хийсэн судалгаагаар төсөв дэх татварын орлогын гүйцэтгэлийг 2010 оноос хойш аваад үзэхээр жил бүр төлөвлөснөөс доогуур явж иржээ. Татварын орлогын дийлэнх нь уул уурхай, үйлчилгээний салбараас НӨАТ хэлбэрээр орж ирж байна. Тиймээс энэхүү хэт өөдрөг төсөөлөл нь үйлчилгээний салбар, валютын ханш, инфляцид сөрөг нөлөөлнө хэмээн дүгнэсэн юм. 

Алтны салбарын өгөөж хамгийн доогуур байна

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэгвэл төсөв дэх уул уурхайн салбарын орлогын талаар СЭЗИС-ийн багш, эдийн засагч  А.Батпүрэв шинжилгээ хийжээ. 2019 оны төсвийн нийт орлогын 27 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр төсөлд тусгасан бөгөөд үүний 98 хувийг зэс, нүүрсний экспортоор бүрдүүлэхээр төлөвлөсөн байгаа тэрбээр тодотгосон юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсвийн бараг ⅓ нь ганцхан салбараас, тэр тусмаа хоёр түүхий эдээс хамаарч байгаа нь хэт эрсдэлтэй төдийгүй эдийн засгийг төрөлжүүлэх бодлого хэрэгжихгүй байгаагийн том илрэл хэмээн үзэж байна. 

Мөн 2019 онд нүүрсний экспортыг 42 сая тонн байхаар төсөвт тусгасныг маш эрсдэлтэй хэмээн үзэж байгаагаа хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байв. “Сангийн яамны хэвлэлд өгч байгаа тайлбаруудаас үзвэл боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулснаар хилээр гарах нүүрсний хэмжээг нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа юм билээ. Гэвч одоо байгаа гүйцэтгэлээс харахад дөнгөж 28 сая тонн нүүрс л гаргаад байгаа” хэмээн А.Батпүрэв хэлсэн.

Төсвийн төсөлд тусгасанчлан Уул уурхайн салбараас орж ирэх орлогын бүтцийг харвал 

  • Ногдол ашгийг 5 дахин
  • ААНОАТ-ыг 87 хувь
  • Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 57 хувь
  • Лифензийн төлбөрийг 16 хувиар нэмэгдэхээр төсөөлжээ

Нийт орлогод эзлэх хувийг нь харвал

  • 42 хувийг АМНАТ-аас
  • 24 хувийг ААНОАТ-аас
  • 2 хувийг лицензийн төлбөрөөс
  • 2-11 хувийг ногдол ашгаас олох аж. 
Энэ тоог бүр задлаад аваад үзвэл нийт 3,233 тусгай зөвшөөрөл байгаагийн 1,296 буюу дийлэнх нь алтны салбарт байгаа боловс эндээс ердөө 83 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт орох аж. Гэтэл хамгийн цөөн буюу 32 лицензтэй зэсийн салбар 1.3 их наяд төгрөг, 695 лиценз бүхий нүүрсний салбар мөн 1.3 их наяд төгрөгийн өгөөжийг төсөвт оруулах нь. Товчхондоо лицензийн төлбөр маш бага хувь эзэлж буйг шүүмжилсэн.
 
Гэрэл зургийг MPA.mn

Хэлэлцүүлэгт Сангийн яамны төлөөллүүд ирэх байсан ч УИХ-ын чуулгантай давхцсан тул ирээгүй. Тиймээс төсөл боловсруулагчдын зүгээс тайлбар байсангүй. Нээлттэй нийгэм форумынхан ийнхүү төсвийн орлогын талаар хэлэлцүүлсэн бол ирэх долоо хоногийн Мягмар гарагт “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.