Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын харьяат сэтгүүлчийг хөнөөсөн байж магадгүй 15 хүний нэрийг ил болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Сэтгүүлч Жамал Хашогги Истанбул дахь Саудын Арабын консулын газарт бичиг баримт хөөцөлдөх гэж ороод сураггүй болсон асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Аравдугаар сарын 2-нд сураггүй болсон сэтгүүлчийн хэргийг одоо Туркийн цагдаа мөрдөн шалгаж байгаа юм. Саудын тал Хашоггийг тэр өдрөө консулын газраас гарч явсан гэж мэдэгдсэн боловч үүнийгээ баталж чадахгүй байна.

Өчигдөр Туркийн өдөр тутмын сонин сэтгүүлчийн амийг хөнөөхөөр Саудын Арабаас ирсэн гэгдэж байгаа 15 хүнтэй багийн гишүүдийн нэрсийг ил болгожээ. Тэдний дотор Саудын Арабын тусгай хүчний офицерууд, тагнуулын албан хаагч, шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд багтсан байна.

Истанбулд ирээд буцаж ниссэн онгоцны зорчигчдын жагсаалтаас эдгээр нэрсийг олж авсан гэнэ.

Одоо Туркийн мөрдөгчид Саудын ерөнхий консулын гэрийн доор орших гараашд анхаарлаа хандуулж эхэлжээ. Учир нь эндээс Хашоггиг машинаар авч явсан гэж үзэж байна.

Мөн Хашогги консулын газарт орохдоо Apple Watch ухаалаг бугуйн цаг зүүсэн байжээ. Тэр iPhone гар утсаа консулын гадаа сүйт бүсгүйдээ орхиод орсон гэнэ. Тиймээс мөрдөгчид Apple Watch дээрх мэдээллийг нарийвчлан шалгаж эхэлжээ.

Үүнээс гадна Хашоггийг сураггүй болдог өдрийн өглөө Саудын нийслэл Рияад хотоос хоёр хувийн нисэх онгоц Истанбулд ирээд маргааш нь буцсан байна. Тэдний нэг нь Кайр хотоор дайрч ниссэн бол нөгөө нь хэдэн цагийн дараа Дубай хотоор дамжиж Рияадад хүрчээ.

Эдгээр онгоцнуудын нэгээр Хашоггийг амьдаар нь, эсвэл цогцсыг нь тээвэрлэсэн байж болзошгүй байна.

Жамал Хашогги нь Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманыг шүүмжлэгч байсан тул өнгөрсөн онд эх орноосоо явахад хүрсэн гэдэг. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болсон хэргийн талаар Саудын Арабын эрх баригчдаас мэдээлэл шаардаж, Туркийн засгийн газартай хамтран ажиллаж байгаагаа өчигдөр мэдэгджээ. Тэр бас Хашоггийн сүйт бүсгүй, Туркийн иргэн Хатис Чэнгизийг Цагаан ордонд урьснаа мэдэгдсэн байна. Тэр эмэгтэй аравдугаар сарын 2-ны өдөр Хашоггийг консулын газрын гадаа хүлээж байсан юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, Трампын хүргэн, зөвлөх Жаред Кушнер нар бүгд Саудын Арабын ханхүүтэй холбогдож, сураггүй болсон сэтгүүлчийн талаар мэдээлэл хүссэн тухай Цагаан ордон мэдээлжээ.

Өчигдөр бас АНУ-ын 22 сенатор ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичиж, Хашогги сэтгүүлчийн хэрэг явдалтай холбоотойгоор шалгалт явуулахыг хүссэн байна.

Туркийн мөрдөгчид одоогоор Саудын Арабаас ирсэн тусгай баг Хашоггийн амийг консулын байранд хөнөөсөн гэж үзэж байгаа юм. Тэр ч байтугай сэтгүүлчийн цогцсыг мөчлөн хувааж, нисэх онгоцоор авч явсан гэх яриа тараад байна.

 

Эх сурвалж: The Guardian