Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэвлэл мэдээллийн зөвлөлд төрийн байгууллагууд, төрийн албан хаагчдаас ирэх гомдлын тоо нэмэгдсээр байгаа"

Г.Номин, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотойгоор хүлээн авсан гомдол, тэдгээрийн шийдвэр болон сэтгүүлч, редакцуудын гаргадаг түгээмэл алдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

"Зөвлөл 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн ард иргэдээс сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой гомдлыг өргөдөл бичгийн хэлбэрээр хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд зөвлөлийн зүгээс албан ёсоор хэвлэлийн хурал хийж байгаагүй бөгөөд хоёр жилийн хугацаанд ирсэн гомдол мэдээлэл, шийдвэрлэлтийн  талаар анх удаа олон нийтэд хүргэж байгаа нь энэ" хэмээн Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэвлэлийн хурлын эхэнд хэлсэн юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн Удирдах зөвлөлийн Дэд дарга У.Тамир 2015 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ямар гомдол мэдээлэл гарсан талаар статистик мэдээллийг өглөө.

Тэрбээр "Хэвлэл Мэдээллийн Зөвлөл олон нийтэд мэдээлэл цацаж байгаа тодорхой нэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг хүлээж авдаг. 2015 оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 49 иргэн, байгууллагаас 160 гомдлыг хүлээн авч, хэлэлцэн шийдвэрлээд байна. 

Гомдлын агуулга дийлэнх тохиолдолд "нэр төрд халдлаа" гэсэн байдаг.

Дийлэнх гомдлыг иргэд гаргасан байдаг ч сүүлийн үед төрийн байгууллагууд, төрийн албан хаагчдаас ирэх гомдлын тоо нэмэгдсээр байгаа. 

Хувьчлаад харвал нийт гомдлын 69 хувийг хувь хүн, 14 хувийг бизнесийн байгууллага, 11 хувийг иргэний нийгмийн байгууллага, 6 хувийг төрийн байгууллагаас гаргасан байна.

Гомдлын агуулга дийлэнх тохиолдолд "нэр төрд халдлаа" гэсэн байдаг бөгөөд сэтгүүлчид мэдээллээ нягтлаагүй, эх сурвалжаар баталгаажуулаагүйгээс үүдэлтэй байгаа нь харагдаж байна. Түүнчлэн сэтгүүлч алдаа гаргаагүй тохиолдол байдгийг хэлэх нь зүйтэй. Одоогийн байдлаар 23 тохиолдолд сэтгүүлч алдаа гаргаагүй, 104 тохиолдолд алдаа гаргасан байна гэдгийг ёс зүйн хороогоор хэлэлцэж тогтоосон" хэмээн ярилаа.

Ж.Батбаатар: Хэвлэл мэдээлэл бол нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг асар хүчирхэг хэрэгсэл
 
Гэрэл зургийг mpa.mn

Хэвлэлийн зөвлөл хоёр ёс зүйн хороотой бөгөөд ирж буй гомдол ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотойгоор нь ангилан Радио телевизийн ёс зүйн хороо, Сонин сэтгүүл сайтын ёс зүйн хороогоор тус тусад нь хэлэлцдэг байна.

160 редакцад хаягласан гомдлуудын 83 хувь нь хэвлэмэл болон цахим бүтээлтэй холбоотой бол үлдсэн 17 хувь нь телевизийн бүтээлд хаяглагджээ. Дийлэнх гомдлыг Сонин сэтгүүл сайтын ёс зүйн хороогоор хэлэлцдэг байна. Тэр дундаа мэдээллийн сайтад холбогдох гомдол хамгийн түгээмэл буюу нийт гомдлын 63 хувийг дангаар эзэлдэг аж.

Энэ талаар тус хорооны дарга, доктор, профессор Ж.Батбаатар "Хэвлэл мэдээлэл бол нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг асар хүчирхэг хэрэгсэл. Тийм учраас гарцаагүй хариуцлагатай сэтгүүл зүйн асуудал яригддаг. Энэ нөхцөлд сэтгүүлчид тоглоомын дүрмээ баримталж оролцох ёстой. Тэгэхээр мэргэжил, ёс зүйн дүрмээ баримталж ажиллаж байна уу, үгүй юу гэдэгт нь хэвлэлийн зөвлөл хяналт тавьж ажиллаж байгаа юм. Хэвлэлийн зөвлөл ажилласнаар сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдол шүүх дээр очихоосоо өмнө хэлэлцэгдэж, шийдвэрлэгдэж байна. 

Нөгөө талаас сэтгүүлчийн алдаанаас болж иргэд хохирохоос сэргийлэх шаардлага бас байгаа. Хэвлэлийн зөвлөл энэ хоёр талын хэн хэнийх нь эрх ашгийг хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. 

Манай хороон дээр хэлэлцэгдэж байгаа гомдлуудаас харахад нийтлэг алдаа цаг хугацааны дарамтад, шахуу ажилладаг сэтгүүлчийн өдөр тутмын хуваарьтай холбоотой. Цагийн дарамтад ажиллах явцдаа баримтыг нягтлахгүй байх тохиолдол гараад байна. Нөгөө талдаа бас мэргэжлийн чадвар дутах тохиолдол байна. "Нэр төрд халдлаа" гэх хамгийн түгээмэл тохиолдлоор жишээ аваад тайлбарлавал, сэтгүүлчид үгийн сонголтоо буруу хийснээс болоод л нэр төрд халдсан болоод байгаа юм. 

Гэсэн хэдий ч 10, 5 жилийн өмнөхөөс ахиц дэвшил гарсан олон асуудал байгааг хэлмээр байна" гэлээ.

Сэтгүүлчдийн гаргаж байгаа түгээмэл алдаа, ёс зүйн кодын зөрчлийг жагсаавал:
  • Мэдээллийг нягталж шалгадаггүй-68
  • Олон эх сурвалжаар баталгаажуулдаггүй-50
  • Гарчиг, зураг, эшлэл нь агуулгыг буруугаар ойлгуулахуйц-41
  • Хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй ханддаггүй-34
  • Буруутгагдсан этгээдэд тайлбар хийх боломж олгодоггүй-30
  • Таамаг, цуу яриаг нийтэлж нэвтрүүлдэг-25
  • Шүүхээр тогтоогоогүй байхад гэм буруутан мэтээр мэдээлдэг-27
  • Мэдээлэх, эс мэдээлэхийн тулд авлига авахгүй-5 зэрэг байна.

Иргэд юунд гомддог вэ?

Гомдол гаргасан шалтгааныг тоон мэдээлэлтэй нь танилцуулбал,

  • Мэдээллийг нягталж шалгадаггүйд-16
  • Нэг талыг барьж, нэг эх сурвалжаас мэдээлэл авсанд-12
  • Дэвэргэж дуулиан, шуугиан болгосонд-11
  • Төөрөгдүүлсэн, ташаа, мушгин гуйвуулсан, илт худал мэдээлэл тараасанд-7
  • Гутаан доромжилсон, гүтгэсэнд-48
  • Нэр төрд халдсанд-82