Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Оюундарь: Энэ бол албан тушаалын төлөөх хүн амины ноцтой хэрэг байсан

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. 

Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Төрийн алба тогтвортой байх ёстой. Сая Г.Занданшатар сайд яриандаа "Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд сайдыг чөлөөлсөн" гэж байна.

Засгийн газарт бүрэн эрх байхгүй. Энэ бүрэн эрх зөвхөн Их хуралд байгаа гэдгийг хэлмээр байна.

Хэргийн холбогдогч талийгаач Т.Гомбосүрэн нь 1980 онд Сэлэнгэ аймгийн Баруунхараад, Баянгол суманд төрсөн. Айлын удам залгах ганц хүү, дөрвөн хүүхэдтэй, дөнгөж саяхан наадмаар эхнэр нь одонгоо авчихсан байсан. 

Ард түмэнд талийгаач архи дарс уудаг гэж ойлгогдоод байна. Гэтэл бодит амьдрал дээр ийм зүйл огт болоогүй, архи уудаггүй хүн байсан. Энэ бол нэг шөнө, нэг өдөр үүссэн явдал биш. Талийгаачийн амийг хороосон Б.Махбал гэж хүн 2014 онд хүртэл С.Дорждагва гэдэг хүнд "Дараа чамайг газрын дарга болгоно" гэж амлаж байсан. Энэ бол ажил албаны төлөө, хүний амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг юм. Ийм байдалтай байж болохгүй. 

Зам тээврийн яаманд болж буй энэ үйл явдлыг бид зүгээр нэг золгүй явдал гэж хэзээ ч үзэж болохгүй. Энэ бол албан тушаалын төлөөх хүн амины ноцтой хэрэг байсан. Б.Махбалын мэдээллийг харахад зөвхөн өөрийнхөө эзэмшилд 4-5 компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй хүн байна. 

Нөгөө ажлыг нь авах гээд санаархаж байсан С.Дорждагва гэгчийн мэдээлэл бас байна. Түүний нэр дээр компани байна, төрийн албаны цалингаар шинэ машин худалдаж авсан, хувийн хаус бариулдаг юм байна. Гол нь энэ эмгэнэлт явдлын дараа хүн алчихаад дарга болно гэсэн ойлголт байх ёсгүй. 

Зам тээврийн яаманд бугшсан энэ явдлыг хэзээ засах юм бэ. Төрийн алба хэзээнээс ил тод болох вэ.

Мөрдөн байцаалтын нууцлал хаана байгаа юм, бүх зүйл хэвлэлээр яваад байна. Тэр өдөр хийгдсэн камерын бичлэгүүд алга болчихсон. Хэрэв энэ золгүй явдал байсан юм бол тэр бичлэгүүд устахгүй.

Тэгэхээр яах аргагүй албан тушаалын төлөөх тэмцлээс болж 30 дөнгөж хүрч байгаа залуу нас барсан байна. Ард нь дөрвөн хүүхэд, бэлэвсэн эхнэр үлдчихээд байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ" гэв.