Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тагнуулаас ажиллагаа явуулж баривчилсан гурван хүнийг нэг сар хорих шийдвэр гаргажээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тагнуулын Ерөнхий Газраас өнгөрсөн Мягмар гарагт тусгай ажиллагаа явуулсан билээ.

Тусгай ажиллагааны үеэр гурван иргэнийг баривчилсан бөгөөд гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргасан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас энэ талаар тодруулахад “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн.

Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэлээ.

Хуулийн заалт: 

14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ 

1.Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:

1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;

1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.3.гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;

1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.