Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засаг сайжирсан ч иргэдэд хүртээмжтэй биш байна

ikon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Г.Ганзориг, Голомт банкны судалгааны албаны ахлах шинжээч

-Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг сэргэж байна гэж их ярих боллоо. Гэтэл энэ нь иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байна...Энэ ер нь хэр бодитой мэдээлэл вэ?

-Эдийн засгийн үнэхээр сайжирсан. Энэ бол бодитой. Хэд хэдэн үзүүлэлтийг дурдаж болно. 2018 оны хоёр дугаар улирлын байдлаар эдийн засаг 6.3 хувиар өссөн. Түүнчлэн экспортын орлого өсөж байна. 8-р сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 870 орчим сая ам.доллар байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх жилээсээ 37 хувиар өссөн байна.

Ийнхүү ерөнхий дүр зургаар нь харвал эдийн засаг сэргэсэн нь илт байна. Гэхдээ үүнд хоёр зүйлийг тодруулах хэрэгтэй. Нэгт, одоо бий болж буй эдийн засгийн өсөлт нь 2011 оных шиг өндөр биш гэдгийг ойлгох нь зүйтэй. Хоёрт, ер нь эдийн засгийн өсөлт хүн бүрт хүртээмжтэй байж чадаж байгаа юу гэвэл хэцүү.

-Хүртээмжийн тухай та ярилаа. Эдийн засгийн өсөлт иргэдэд яагаад наалдахгүй байна вэ? Энийг хэрхэн сайжруулах вэ?

-Хүртээмжтэй өсөлтийн талаар хоёр зүйлийг дурдъя. Ер нь манай улсын ажиллах хүчний дийлэнх нь хөдөө аж, ахуй болон үйлчилгээний салбарт ажилладаг. Тэгэхээр эдгээр салбарын өсөлт нь хүртээмжтэй өсөлтөд чухал нөлөөтэй.

Уул, уурхайн салбар л ганцаараа өсөөд байвал хүртээмжгүй байна гэж үзэж болно. Тэгэхээр санаа нь ийм юм. Бага орлоготой иргэд аль салбарт ажиллаж байна тэр салбарын өсөлт их чухал. Гэтэл манайд хөдөө аж, ахуйн салбарын өсөлт 2018 оны 2-р улирлын байдлаар 0.3 хувь байна. Үйлчилгээний салбарын хувьд 5.4 хувь байна. Аль аль нь нийт эдийн засгийн өсөлтөөс бага байгаа юм. Эндээс бид хүртээмжтэй эдийн засгийг бий болгохын тулд ямар салбараа дэмжих ёстой вэ гэдэг нь харагдана.

Нөгөө талаас хүртээмжтэй өсөлтийг бий болгохын тулд хүн бүрийн амьдралд шууд нөлөөлдөг макро үзүүлэлтүүдийг онилох явдал. Юун түрүүнд ам.долларын ханшийг тогтвортой барих хэрэгтэй. Өнөөдөр ам.долларгүй зүйл гэж байхгүй. Манай эдийн засаг чинь импортын эдийн засаг шүү дээ. Тогтвортой байх нь чухал. Гэхдээ тийм ч тогтвортой байж чадахгүй л байна.

Мөн зээлийн хүүгийн асуудал. Зах зээл дээр хүү бага байх нь иргэн бүрт хүртээлтэй эерэг үзүүлэлт. 2016 оны намар 20 хувь давсан байсан дундаж зээлийн хүү өнөөдөр 17.8 хувь болтлоо буусан байна. Цаашид ч буух ёстой. Тэгж байж л иргэдэд бас бизнест илүү их боломж бий болох болно.

-Хүү гэснээс, зээлийн хүү өндөр байгааг иргэд шүүмжилдэг. Буух боломж ер нь байна уу?

-Манай улсад хүү үнэхээр өндөр. Энэ үнэн. Иймд бүгд бухимдах нь дамжиггүй. Гэхдээ нэг асуудал байна. Манайх аливаа асуудлыг хэсэг ярьж байгаад л мартчихдаг. Өндөр хүүгийн асуудлыг шийдвэрлэх судалгааны ажлууд, баримт бичгүүдийг манайхаас ч тэр, удирдах байгууллагаас ч  тэр гаргасан. Тэгээд л дараад мартчихсан. Тэгснээ бүүр асуудлыг өөр тийш нь эргүүлээд явчихсан.

Эдийн засгийн эрүүл мэндийн талаар биш бүүр хүүгийн хязгаар тогтоох тухай ярьсан. Эдийн засагтаа л өндөр ачаалал, дарамт өгөх гээд байгаа хэрэг л дээ. Шуудхан хэлэхэд жоохон өндийж буй эдийн засгаа буцаж цохиод унагаах нь. Манайх ер нь яаж ийж байгаад эдийн засгаа хүнд байдалд оруулах арга бодож олоод байх юм.

-Хүүгийн дээд хязгаарыг тогтоочихвол өсөөд байхгүй юм биш үү?

-Энгийнээр хүүгийн хязгаар тогтоохыг тайлбарлах гээд үзье. Хүүг шууд тогтоогоод өгөхөөр эрсдэл өндөртэй байсан зээлийн хүсэлтүүд татгалзсан хариу авна. Уг нь тэр төсөлд өндөр өгөөж өгч, эдийн засагт өндөр хувь нэмэр оруулах боломж байсан ч юм билүү. Тэгэхээр системийн хэмжээнд зээл олголт муудаж, бодит эдийн засаг муудна. Эдийн засаг муудахаар яах вэ? Хүү өснө шүү дээ.

Эцэст нь санхүүгийн байгууллагууд хүндрэлд орж, нэг бол сүүдрийн банкны үйл ажиллагаа эхлэнэ. Үгүй бол ар араасаа үүд, хаалгаа барина.

Энэ үед яах вэ? Засгийн газраас татвар төлөгчдийн мөнгөөр санхүүгийн байгууллагуудыг дампуурлаас аврана. Эцэст нь санхүүгийн салбар гэж үгүй. Эдийн засаг нь уналтанд ороод дуусна даа. Хүү буурах биш, ярих хүү ч үгүй болно. Шууд хямрал руу явж орно. Бага зэрэг хэтрүүлэгтэйгээр тайлбарлалаа. Гэхдээ замнал нь бол энэ. Ийм л юм болно. Ер нь тэгээд өнөөгийн нийгэмд дайн тулаан гэхээсээ илүү буруу бодлого, эдийн засгийн хямрал улс орныг сөнөөдөг болж.  Нүдэн дээр Венесүэл гэж улс үгүй болж байна шүү дээ. 2012 онд 6 хувиар өсөөд явж байсан эдийн засаг. Өнөөдөр эдийн засаг нь 15 хувиар буурсан явж байна. Боломжтой иргэд нь Колумб руу дүрвээд явчихсан.  Хүндхэн л дүр зураг харагдаж байна даа. Бид ухаалаг бодлоготой байхгүй бол адилхан л байгалийн баялгаас хараат улс болохоор адил дүр зураг хүлээж байж болох юм.

-Тэгвэл хүүг яаж бууруулах нь зөв юм бэ?

-Төвбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Энэхүү зорилтын цаана үндсэн хоёр зүйлийг ойлгох ёстой. Нэг нь төгрөгийг бусад валютын эсрэг тогтвортой байлгах буюу валютын ханшийг тогтвортой байлгах юм. Нөгөөх нь төгрөгийг хугацааны хувьд тогтвортой байлгах буюу инфляцийг тодорхой түвшинд байлгах тухай юм. Тэгвэл нөхцөл байдал өнөөдөр ямар байгааг харъя л даа. Ам.долларын ханш 2450-аас 2500 хүртэл өслөө. Инфляци зорилтот түвшинд ойрхон байна.

8-р сарын байдлаар улсын хэмжээнд инфляци 6 хувьтай гарсан байна. Харьцангуй буурсан үзүүлэлт гэхдээ үүнд суурь оны нөлөө бий. Иймд ирэх саруудад хүүг энэ хэвээр хадгалаад байж чадахгүй. 8 хувь руу аажмаар дөхнө. Ингэхээр нөгөө хоёр тогтвортой барих ёстой үзүүлэлт маань хоёулаа хүүг хэвээр хадгалах эсвэл өсгөх нөхцөл рүү түлхэж байна. Бодлогын хүү буурахгүй гэсэн үг. Тэгвэл энэхүү нөхцөл байдлыг сөргүүлж байж л хүү буурна шүү дээ.

  1. Ам.долларын ханш тогтвортой байх ёстой
  2. Хоёрт инфляци нам дор түвшинд хадгалагдах ёстой
  3. Эдийн засгийн нөхцөл сайжирч, зээлийн чанаргүйдэл буурах ёстой.

Ер нь Макро эдийн засагт учирч байгаа эрсдэл буурч байж л хүү буурна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.