Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шри Ланкийн Ерөнхийлөгч самарны хэрүүл хийжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шри Ланка улсын үндэсний агаарын тээврийн компани нислэгийн үеэр зорчигчдод самраар үйлчилдэг байснаа зогсоож байгааг өчигдөр зарлажээ.

Учир нь тус улсын ерөнхийлөгч Майтрипала Сирисена энэ долоо хоногийн эхээр Балбын нийслэл Катманду хотоос эх орон руугаа нисэж байхдаа өгсөн самрынх нь чанарын талаар гомдоллосон байна.

Тэр “Катмандугаас би буцаж явахдаа SriLankan компанийн онгоцонд самраар үйлчлүүллээ. Гэтэл энэ нь нохой ч тоож идэхээргүй юм байна. Ийм чанаргүй хүнс авахыг хэн зөвшөөрснийг би мэдмээр байна” гэж фермерүүдтэй хийсэн уулзалтын үеэр ярьжээ.

Үүний дараа SriLankan компанийн төлөөлөгч уг самрыг зөвхөн бизнес ангиллын зорчигчдод өгдөг болохыг мэдэгдсэн байна. Мөн ерөнхийлөгчийн гомдлын дагуу Дубайд төвтэй нийлүүлэгчээ солихоор болсныг мэдээлжээ.

Шри Ланкийн төрийн өмчит SriLankan агаарын тээврийн компани алдагдалтай ажиллаж, ОУВС-ын зөвлөснөөр хувьчлах боломжийг хайж байгаа.

 

Өнгөрсөн тавдугаар сард тус компанийн 49 хувийг авахаар хэлэлцэж байсан АНУ-ын хөрөнгө оруулагч хувьчлалд оролцохоосоо татгалзсан юм.

Уг нь SriLankan компани АНЭУ-ын Emirates компанитай менежмэнтийн гэрээтэй байхдаа ашигтай ажилладаг байжээ.

Гэтэл 2008 онд Шри Ланкийн өмнөх ерөнхийлөгч Махинда Ражапаксе тус компанийн удирдлагуудтай хувийн маргаан үүсгэснээс дампуурлын замдаа орсон байна.

Тухайн үед компанийн удирдлага мөнгөө төлсөн зорчигчдоос суудлыг нь булааж Ражапаксегийн гэр бүлд өгөхөөс татгалзсан юм. Үүний хариуд уурссан ерөнхийлөгч Emirates компаниас томилогдсон удирдлагыг нь халж, өөрийн хүргэн ах Нишанта Викремасингхийг захирлаар нь томилж байжээ.

Тэр үеэс хойш SriLankan компани санхүүгийн хувьд доройтож, Викремасингх нь одоо авлига, буруу менежмэнт явуулсан хэргээр шалгагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP