Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Киото хотын их сургууль 100-аас дээш настнуудыг үнэ төлбөргүй сургана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийгэм нь хөгширч байгаатай холбоотой Японы бизнесийн салбарууд өндөр настнуудыг үйлчлүүлэгчээ болгох арга зам хайж эхэлжээ.

Тухайлбал Киото хотын Ханазоно их сургууль хүмүүнлэгийн чиглэлээр олон төрлийн мэргэжилтэн бэлддэг бөгөөд нэгээс хоёр мянган оюутан сургах чадалтай жижиг сургуульд тооцогддог.

Тус сургууль сүүлийн жилүүдэд элсэгчийн тоо нь буурч байгаагаас оюутныхаа тоог бууруулахгүй, хадгалж үлдэх шинэ борлуулалтын арга нэвтрүүлэхээр болжээ.

Ингээд тэд 50-аас дээш насны иргэдийг элсүүлэх тусгай хөтөлбөр зарласан байна. Хэрвээ элсэгч нь 100 ба түүнээс дээш настай бол ямар ч үнэ төлбөргүй суралцаж, мэргэжил эзэмших боломжтой.

Харин 100 хүрээгүй, 50-аас дээш настай хүмүүс наснаасаа хамаарч тусгай хөнгөлөлт эдлэх юм. Жишээ нь дөрвөн жилийн хөтөлбөрт хамрагдсан хүн 62 настай бол 60 хувийн хөнгөлөлттэй үнээр суралцана.

50 гаруй настай бол 50 хувийн, 70 гаруй настай бол 70 хувийн хөнгөлөлттэй гэх мэтээр 100 нас хүрвэл 100 хувийн хөнгөлөлттэй суралцах ажээ.

Ханазоно их сургууль шинэ хөтөлбөрөө ирэх хавраас нэвтрүүлэх ба “Хэрвээ та өөрийгөө өөрчилбөл дэлхийг өөрчилж чадна” гэсэн уриаг ахмадуудад зориулж сонгосон байна.

 

Эх сурвалж: Asahi Shimbun