Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-ийг Бямба гарагийн 10:00-15:00 цагт зохион байгуулна

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бямба гарагт "Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-ийг зохион байгуулахаар болжээ.

Цэвэрлэгээний үеэр Нийслэлийн нутаг дэвсгэрт олон жил хуримтлагдсан хур болон үүсмэл хогийн цэгүүд, Сэлбэ, Туул голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар НИТХ-ын захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил "Дэлхий дахинд есдүгээр сарын 15-ны өдрийг "Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр" болгон тэмдэглэдэг бол манай улс энэ жил анх удаа энэ Бямба гарагт цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. 

Цэвэрлэгээ 10:00-15:00 цагт үргэлжилнэ" гэлээ. 

Энэ удаагийн цэвэрлэгээний хүрээнд тодорхой цэгт үүссэн хог хаягдлуудыг цэвэрлэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал гарч дүүргүүдийн Засаг дарга нарт үүсмэл хогийн цэгүүдийн хогийг бүрэн цэвэрлэх үүрэг өгсөн байна. 

Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж, төвийн зургаа болон Налайх дүүрэгт үүссэн хогийн цэгийг бүрэн цэвэрлэж, ачихаар болжээ. Нийт 80,000 м/кв талбайгаас 2,250 тонн хог цэвэрлэх урьдчилсан тооцоо гарсан байна. 

Цэвэрлэгээ хийгдэх байршлууд:

  • Туул гол дагуу зургаан байршилд,
  • БЗД-ийн 20 дугаар хороо Шар хоолойн аманд үүссэн хур хог, 24 дүгээр хороо Цагаан давааны оршуулгын газрын урд хэсэг рүү үүссэн барилгын хур хог,
  • ХУД-ийн 10 дугаар хороо Морингийн даваанд үүссэн хог, 4 дүгээр хороонд үүссэн барилгын хог,
  • БГД-ийн 8, 10, 15 дугаар хороонд үүссэн үүсмэл хогийн цэг, Материал импексийн орчим үүссэн хог,
  • СХД-ийн 21 дүгээр хороо Рашаантын хогийн цэг, Нарийн шар хадны цэгт үүссэн хог, 
  • СБД-т 20 дугаар хороо Тоосгоны эцсийн хог, Хангай хотны ойролцоо үүссэн хог,
  • ЧД-т Үлэг гүрвэлийн музейн хойно үүссэн барилгын хог, 
  • НД-т 1-5 дугаар хороонд үүссэн хогийн цэгүүд, Тэрэлжийн сав газар үүссэн хог,

"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-ийн арга хэмжээ анх 2007 онд Эстони улсад зохион байгуулагдаж байсан бол энэ жил буюу 2018 оны есдүгээр сарын 15-ны өдөр дэлхийн 150 орон нэг цагт, нэгэн зэрэг хог цэвэрлэх ажлыг зохион байгуулах юм байна.