Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын удирдагчид уулзах хугацаагаа тохиролцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хойд Солонгосын нийслэл Пёньянд айлчлаад буцаж ирсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний тусгай элч хоёр орны удирдагчдын гурав дахь удаагийн уулзалтын товыг тохирсныг өнөөдөр зарлажээ.

Тохиролцоо ёсоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин есдүгээр сарын 18-наас 20-ны хооронд Пёньянд айлчилж, Ким Жон Унтай уулзахаар болсон байна.

Тэд өнгөрсөн дөрөв, тавдугаар саруудад хилийн Панмунжом тосгонд хоёр удаа уулзсан юм. Мүүн Жэ Иний илгээсэн элч Чун Юй Ён “Удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах амлалтдаа үнэнч байгааг батлан илэрхийлж, ингэхдээ Өмнөд Солонгос төдийгүй АНУ-тай ойр хамтран ажиллах хүсэлтэйгээ мэдэгдлээ” гэж мэдээлжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, цөмийн зэвсгээсээ салах амлалт өгсөн ч үйл явц ахиц муутай байгаа.

Харин Пёньянд зочлоод ирсэн элч мэдэгдэлдээ Ким Жон Уныг АНУ-ын ерөнхийлөгчид итгэсэн хэвээр байгааг өнөөдөр уламжилжээ.

Ким Жон Ун АНУ-Хойд Солонгосын дайсагнасан харилцааг Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны нэгдүгээр сараас өмнө эцэслэх хүсэлтэй байгааг мөн мэдэгдсэн байна.

Өнөөдөр Хойд Солонгосын төв мэдээллийн хэрэгсэл Өмнөд Солонгосын элчийн ярьсантай ижил агуулгатай мэдэгдлүүдийг гаргажээ. Үүний хажуугаар тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилт нь дан ганц Хойд Солонгосын үүрэг биш, талуудын тэгш хуваалцах ёстой үүрэг гэдгийг сануулсан байна.

Хоёр талын албаны хүмүүс ирэх долоо хоногт уулзахдаа Мүүн Жэ Иний айлчлалын төлөвлөгөөг эцэслэн тохиролцохоор болжээ.

 

Эх сурвалж: The Guardian