Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньчууд өөрийн нэрээр Олимпийн наадамд оролцох талаар санал асуулга явуулж магадгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Олимпийн наадамд “Chinese Taipei” биш “Taiwan” нэрээр оролцдог болохын төлөө тэмцэж байгаа хөдөлгөөнийхөн өчигдөр хүсэлтээ албан ёсоор засгийн газартаа илгээжээ.

Тусгаар тогтнох эрмэлзлэлтэй тус арлыг өөрийн газар нутаг гэж үздэг Бээжингийн эрх баригчид Тайвань нэр, билэгдэл, туг далбааг нь олон улсын арга хэмжээнүүдэд ашиглахыг эрс эсэргүүцдэг.

Тиймээс Олимпийн наадам болон бусад олон улсын спортын тэмцээнүүдэд эх газрын Хятадын шахалтаар “Chinese Taipei” буюу “Хятадын Тайпэй” хэмээх нэрийг хэрэглэдэг юм. Мөн Тайваний төрийн далбааг хэрэглэхийг хориглодог.

Тэгвэл “Team Taiwan Campaign” нэртэй хөдөлгөөнийхөн 2020 оны Токиогийн Олимпийн наадмаас эхлэн нэрээрээ оролцох хүсэлтийг 520,000 хүний гарын үсгийн хамт Тайваний засгийн газарт илгээжээ.

Ийм шаардлага албан ёсны хүсэлт болоход 280,000 гарын үсэг цуглуулах босготой байдаг. Ингэснээр Тайваний Сонгуулийн Төв Хороо хэлэлцээд дэмжвэл уг асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргаж магадгүй боллоо.

Хэрвээ ингэвэл арваннэгдүгээр сарын 24-нд болох орон нутгийн сонгуультай давхцуулан санал асуулгыг зохион байгуулах ажээ. Цаашлаад Тайваний 19 сая сонгогчийн ихэнх нь дэмжсэн санал өгвөл парламентад хууль өргөн барих боломж бүрдэнэ.

Уг хөдөлгөөний үйл ажиллагаа хэдийнээ Бээжинг хилэгнүүлээд байгаа. Үр дүнд нь ирэх онд Тайваньд болох байсан олон улсын өсвөр үеийнхний спортын арга хэмжээ саяхан цуцлагдсан юм.

Долдугаар сард болсон Зүүн Азийн Олимпийн Хорооны хурлаар дээрх арга хэмжээг Тайваньд зохион байгуулахыг гишүүдийн олонх эсэргүүцэж, өөр оронд зохион байгуулахаар болсон байна.

Тиймээс Тайваний эрх баригчид нэрээрээ олимпийн наадамд оролцох шийдвэр гаргасан ч олон улсын тавцанд ганцаардаж, дэмжлэг авахгүй байх магадлал өндөр юм.

 

Эх сурвалж: AFP