Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Сири, Орос, Иранд хатуу анхааруулга өглөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сөрөг хүчний бүлэглэлийн сүүлчийн тулах цэг болсон Идлиб муж руу довтлохгүй байхыг Сирийн засгийн газар, түүний холбоотон ОХУ, Иран улсуудад өчигдөр анхаарууллаа.

“Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад Идлиб мужид түрэмгийлэн довтлох ёсгүй. Энэхүү эмгэнэлт үйл явдалд оролцвол Орос, Ираны талууд хүмүүнлэг ёсыг хөсөрдүүлсэн ноцтой алдаа гаргах болно. Хэдэн зуун мянган хүний амь үрэгдэх аюултай. Ийм зүйл гарах ёсгүй!” гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровт мөн ижил агуулгатай анхааруулга өгч байв.

Сирийн баруун хойд хэсгийн Идлиб муж руу Сирийн засгийн газар сүүлийн довтолгоог хийхээр холбоотнуудын хамт бэлдэж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрвээ ажиллагаа удааширвал Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж Вашингтоны засаг захиргаа болгоомжилж байгаа. Харин Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн засгийн газрын ажиллагаанаас өмнө Цагаан дуулгатнууд хэмээгддэг өрнөдийн сайн дурын тусламжийн ажилтнууд химийн зэвсгийн цохилт зохион байгуулж, Ассадын дэглэмийг үйлдсэн хэмээн гүтгэх эрсдэлтэй байгааг сануулсан юм.

Баасан гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Сирийн химийн зэвсгийн байгууламжуудын жагсаалтыг гаргаж, Трампыг тушаал өгвөл цохилт өгөхөөр онилоод байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хэрвээ Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэвэл АНУ-ын арми эдгээр байгууламжуудад богино хугацаанд цохилт өгөхөөр бэлдсэн байгаа гэнэ.

Даваа гарагт Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф Сирийн нийслэлд гэнэтийн айлчлал хийж, ерөнхийлөгч Ассадтай уулзсан нь Идлибийг чөлөөлөх ажиллагаа ойртсоныг харуулж байгаа юм.

Зариф “Идлибийг террористуудаас чөлөөлөх ажиллагаа Сирийн зэвсэгт хүчний Дамаск болон өмнөд мужуудад зохион байгуулж байсан өмнөх ажиллагаануудын нэгэн адил хохирол багатай хэрэгжинэ гэдэгт бид найдаж байна” гэж хэлжээ.

Энэ оны эхээр Сирийн өмнөд Дара мужид Оросын агаарын довтолгооноор дэмжүүлсэн засгийн газрын арми хэдэн долоо хоног үргэлжилсэн довтолгоог зохион байгуулсны үр дүнд 320,000 хүн орон гэрээсээ дүрвэж байв.

Үр дүнд нь босогчид Сирийн засгийн газартай зөвшилцөлд хүрч, зэвсгээ хураалгасан юм. Харин бууж өгөхийг хүсээгүй хэсэгт нь Идлиб рүү шилжиж байрлах боломжийг Сирийн эрх баригчид өгсөн байна.

2011 онд дэгдсэн Сирийн иргэний дайны улмаас 6.2 сая иргэн орон гэрээ орхисны ихэнх нь гадаад орнууд руу дүрвээд байгааг НҮБ-ын тоо баримтад дурджээ.

 

Эх сурвалж: CNN