Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид Азийн Наадамд түрүүлж, цэргийн албанаас чөлөөлөгдлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Азийн Спортын 18 дугаар наадмын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний аваргын төлөө тоглолт Өмнөд Солонгос, Японы багуудын хооронд болж өнгөрлөө.

Энэ удаагийн шигшээ тоглолтод Өмнөд Солонгосын залуус дан ганц алтан медаль зүүхээс гадна заавал хаах цэргийн албанаас чөлөөлөгдөхийн төлөө тоглосон юм. Учир нь тус улсын бүх эрчүүд заавал цэргийн алба хаах ёстой байдаг ба зарим олон улсын түвшний спортын тэмцээнд амжилт гаргавал чөлөөлөгддөг хуультай.

Өчигдөр Солонгосчууд Японы багийг 2:1 харьцаатай хожсоноор тус багийн гишүүн 20 залуу 21 сарын хугацаанд цэргийн алба хаах үүргээс чөлөөлөгдөж байна.

Багийн ахлагч 26 настай Сон Хюн Миний хувьд энэ хожил хамгийн өндөр ач холбогдолтой байв. Учир нь тэр энэ тоглолтод ялаагүй бол Английн Премьер Лигийн Тоттенхэм Хотспур багтайгаа 5 жилийн гэрээ байгуулж чадалгүй, цэргийн албаа хаахаар нутаг буцах болоод байсан юм.

Харин Япончуудын хувьд энэ тоглолт төдийлөн өндөр шахалт дарамтгүй байсан гэхэд болно. Тэд 2020 оны Токиогийн Зуны олимпийн наадамд оролцох залуу үеэ бэлдэх, туршлагажуулах зорилготой энэ наадамд ирсэн юм. Тиймээс ч тэдний баг дан 21 хүртэл насны залуусаас бүрдэж байсан бол Өмнөд Солонгосын баг 23-аас дээш настай 3 хүртэл тооны тоглогч оруулах эрхээ бүрэн ашиглаж, Сон Хюн Мин зэрэг одуудаа оруулсан байна.

Өчигдрийн тоглолт үндсэн цагтаа 0:0 харьцаагаар өндөрлөж, нэмэлт 30 минут эхлээд 3 минут өнгөрч байхад Барселонд тоглож байсан Ли Сюн Ву Японы хаалганд анхны гоолыг оруулсан.

Улмаар төдийлөн удалгүй Хван Хэ Чан дахин нэг гоолыг мөргөж оруулснаар Солонгосчууд хожих нь тодорхой болжээ.

Харин тоглолт дуусахаас 5 минутын өмнө Японы Аяасэ Уеда нэр төрийн нэг гоол хийснээр уг тэмцээн өндөрлөсөн юм.

 

Эх сурвалж: Yonhap News