Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск Британи аврагчийг “үнэхээр гаж донтон биш бол шүүхэд ханд” гэж хатгажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тесла компанийн үүсгэн байгуулагч Илон Маск өнгөрсөн сард Тайландын агуйд болсон аврах ажиллагааны үеэр Британий иргэн, аврагчтай хэрүүл маргаан дэгдээж байв.

Тэрээр агуйн гүнд хашигдсан хөвгүүдийг аврах зорилгоор жижиг шумбагч машин Тайландад авч очсоныг аврагчдын нэг Вернон Ансворт хэрэглэх боломжгүй, дэмий “PR” хэмээн хэвлэлд ярьсан нь Маскыг бухимдуулсан юм.

Уураа барьж дийлээгүй Маск аврагч эрийг “педо” гэж нэрлэсэн нь “хүүхэд сонирхдог гаж донтон” гэсэн үгний товчлол байв. Тухайн үед тэрээр маш олон хүний шүүмжлэлд булуулж, удалгүй Ансвортоос уучлал гуйж, твиттерт бичсэн зүйлээ устгаснаар дуулиан намжсан юм.

Тэгвэл саяхан твиттер сүлжээнд үүссэн маргааны үеэр нэгэн хүн бусдыг буруутгахаасаа өмнө сайн бодох хэрэгтэйг залуу тэрбумтанд зөвлөж, өмнөх “педо” маргааныг нь жишээ болгон дурдсан байна.

Гэтэл Теслагийн босс “Тэр намайг шүүхдэхгүй байгаа нь сонин санагдахгүй байна уу? Би түүнд бүр үнэгүй хуулийн үйлчилгээ санал болгоод байхад шүү” гэж бичсэн нь Ансвортыг үнэхээр гаж донтон учраас шүүхэд хандаж чадахгүй байгаа гэсэн үг болжээ.

Тэгвэл Маскын бичсэн мессэжний араас сурвалжилсан хэвлэлийнхэн Ансвортын өмгөөлөгч Теслагийн боссыг шүүхдэхээр бэлдээд эхэлснийг олж мэдсэн байна.

Британий хуульчдын баг Маскын эсрэг заргалдах бичиг баримтуудаа бэлдэж дуусаад ойрын өдрүүдэд шүүхэд хандахаар болсныг эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн үед Маскын сошиал сүлжээнд бичсэн үг бүр нь түүнд асуудал учруулж байгаа ч тэр амаа хамхиж тэсэхгүй хэрүүл маргаан үүсгэсээр л байна.

 

Эх сурвалж: Independent