Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгыг нь буулгасан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хаачих вэ?

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан БСШУСЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.

38 сургууль гурван ээлжээр хичээллэнэ

Нийслэлийн хэмжээнд гурван сургууль, 13 цэцэрлэгийн барилгыг буулгаж байгаа ажээ. Тиймээс өнгөрсөн хичээлийн жилд 19 сургууль гурван ээлжээр хичээлээж байсан бол энэ жил 38 сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байгаа аж.

Буулгаж байгаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хаана шилжүүлэн сургах болон үндсэн сургууль, цэцэрлэг нь хэзээ ашиглалтад орох талаар мэдээллийг Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ж.Гантулгаас тодрууллаа. 

Тэрбээр "НБГ-аас буулгаж байгаа сургууль цэцэрлэгт харьяалагдах хүүхдүүдийг ойролцоо байрлах сургууль, цэцэрлэгүүд рүү хуваарилсан байгаа. Буулгасан сургууль цэцэрлэгийн хүүхдүүд аль сургуулийн байранд хичээллэх талаар мэдээллийг тухайн сургууль цэцэрлэгийн удирдлагууд эцэг, эхчүүдэд өгөх үүрэг аваад ажиллаж байна.

25 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгахаар төлөвлөөгүй байсан хэдий ч МХЕГ-аас цэцэрлэгийн барилгын суурийн бүтцэд өөрчлөлт гарсан байгаа учраас барилга ашиглалтыг зогсоо гэсэн шийдвэр гаргасан. Үүний дагуу барилга ашиглалтыг зогсоож, хамран сургах тойргийн дагуу тус цэцэрлэгт хамрагддаг 130 гаруй хүүхдийг ойролцоох төрийн өмчийн цэцэрлэгүүдэд хувааж оруулахаар болоод байна. 

2018-2019 оны улсын төсөвт сууж, буулгасан барилгууд ирэх хичээлийн жилд хүүхдүүдээ авна. Харин ХУД-ийн 75 дугаар сургуулийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барина. Тэдний зүгээс 75 дугаар сургуулийг 2020 оны есдүгээр сард хүлээлгэж өгнө гээд байгаа” гэлээ. 

Мөн иргэдийн зүгээс мөнгө төлж хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулахаар болоод байтал тухайн сургууль цэцэрлэгийг нь нураасан талаар мэдээлэл тараад байгааг тодруулахад, "Хэрвээ төрийн өмчийн сургуульд хүүхдээ оруулахаар авлига өгсөн баримт байгаа бол яаманд мэдэгдээрэй" гэсэн юм. Үүн дээр салбарын сайд  нэмж тайлбар өгөхдөө "Хэн нэгэн ашиг хонжоо хайсан хүний хуурамч амлалтаас болж авлига өгснөөс шалтгаалан манай салбарын, багш нарын нэр хүнд унаж байна. Тиймээс энэ асуудал дээр баримт байвал салбарынхаа, багш нарынхаа нэр хүндийг сэргээх ёстой" хэмээсэн юм.

Ирэх хичээлийн жилд 20 гаруй сургуулийн өргөтгөл 140 гаруй цэцэрлэг ашиглалтад орж, төрийн өмчийн бүх ЕБС хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэж байгаа ч төрөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2021 оноос эргээд зарим сургууль гурван ээлжээр хичээллэх, цэцэрлэгийн орны тоо хүрэлцэхгүй байх төлөвтэй байгааг салбарын сайд хэлж байлаа.

"Есдүгээр сарын 3-нд хичээлээ эхлүүлээч ээ гэж уриалмаар байна"

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Боловсролын салбарт маш олон шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа учраас манай яамныхан амралтгүй ажиллаж байна. Хавар хичээл сургууль тарах үеэр сургуулийн орчинд хүүхдийн амь нас эрсэдсэн хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг хоёр удаа нэгдсэн уулзалтад хамруулсан. Мөн бүх сургууль цэцэрлэгийн орчинг хүүхдэд аюулгүй ээлтэй байлгах чиглэлээр үүрэг даалгаварыг өгч ажилсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Манай яамны зүгээс багш, соёл урлаг, спортын салбарынхныхаа цалинг нэмүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргуулж чадлаа. Энэ шийдвэр хэдийгээр багш нарын маань санаанд бүрэн нийцэхгүй байгаа ч есдүгээр сарын 3-нд хичээлээ эхлүүлээч ээ гэж уриалмаар байна. Яагаад гэхээр эхний ээлжинд цалин нэмэгдсэн. Цаашид 2019, 2020 он гээд цалин үе шаттай нэмнэ гэдгээ Засгийн газар илэрхийлээд байгаа. Нийт ард түмний хүүхдүүдийн эрх ашиг яригдаж байгаа учраас хүүхдүүдээ есдүгээр сарын 3-нд баяр хөөртэй сургуульдаа яваад очиход хичээл эхэлнэ байх гэсэн хүлээлттэй байна. 

Манай яамны хувьд хамгийн их бүтээн байгуулалтын ажилтай байгаа. Тодруулбал, энэ хичээлийн жилээс эхлээд он дамжин хэрэгжих 280 төслийн 80 гаруй хувьд тендер зарлагдсан. Тендерт ялагдсан компаниуд ихэнх тохиолдолд Сангийн яаманд гомдол гаргадаг учраас ялсан компанитай гэрээ байгуулах ажил удаашралтай байна. Гэсэн ч тендерт ялсан компаниудын 60 орчим хувьтай гэрээ байгуулсан байгаа. Бидний зүгээс ажлаа аль болох хурдан явуулж 2019-2020 оны хичээлийн жилд 27 сургуулийн өртгөтгөл, 142 шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээнэ гэсэн зорилт тавиад явж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.

Сурагчийн дүрэмт хувцасны стандартыг боловсролын яамнаас тогтоодоггүй гэв

2013 оноос  манай улс ЕБС-ийн сурагчдад нэгдсэн нэг загварын дүрэмт хувцас өмсгөх шийдвэр гаргасан байдаг. Сурагчын дүрэмт хувцасны тал дээр иргэдийн зүгээс чанаргү байна, дунд ахлах ангийн охид хэтэрхий богино юбка өмсөж байна гэх шүүмжлэлийг хэлдэг. Эдгээр асуудлууд дээр ямар норм стандарт мөрдөгдөж байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулсан юм. Тэрбээр "БСШУСЯ дүрэмт хувцасны үнийг тогтоодоггүй, үйлдвэрлэгчийг сонгодоггүй, зах зээлийг хуваарилдаггүй, аж ахуйн нэгжийн худалдаа, борлуулалт, маркетингийн үйл ажиллагаанд оролцдоггүй

Сурагчийн дүрэмт хувцасны стандартыг бий болгохоор ажиллаж байна. 

Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн, стандарт шаардлагыг хангасан дүрэмт хувцасны үнэ 60,000-127,000 төгрөгийн үнэтэйгээр зах зээлд борлогдож байна.

Асуултад дурдагдсан гомдлууд гардаг учраас БСШУСЯ, ХХААХҮЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулаад сурагчийн дүрэмт хувцасны стандартыг бий болгохоор ажиллаж байна. Стандартжуулаад өгвөл дээр дурдагдсан асуудлууд шийдэгдэх боломжтой гэж харж байгаа" гэсэн хариулт өглөө. 

Сургуулийн өмнөх боловсрол дахь статистик мэдээллүүд:

  • 2018-2019 оны хичээлийн жилд нийт 1,435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаад байгаа нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна. 
  • 2018 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3,185 нэмэгдэх бөгөөд үүнээс 9 дүгээр сарын 1-ний өдөр  төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэж байна. Урьдчилсан мэдээгээр 260,000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.
  • Сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 27,172 багш, ажиллагчид ажиллаж байгаагийн 28.5 хувь нь буюу 7,745 нь үндсэн багш байна. Мөн 6,970 туслах багш, 1,307 эрхлэгч, 606 арга зүйч ажиллана. 

ЕБС, сурагчдын мэдээллүүд:

  • Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597.2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна.
  • Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333.8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263.4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана. 
  • Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24.4 мянгаар нэмэгдэнэ.
  • Урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76.4 мянган хүүхэд элсэн орно. Үүнээс Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд элсэнэ. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8.2 мянгаар нэмэгдэнэ. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцана (9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцана)
  • Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30 мянган багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллана.