Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсрол, эрүүл мэндийн салбарынхан есдүгээр сарын 1-ний өдрөөс ажил хаялт зарлах хэвээрээ гэв

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг есдүгээр сарын 1-нээс 8-30 хүртэл хувиар нэмэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Засгийн газрын гаргасан энэхүү шийдвэрийг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчиж, ард иргэдийн саналыг үл тоомсорлосон гэж үзэн ажил хаялт зарлах болсноо мэдэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газарт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар хэд хэдэн удаа санал тавьсан ч тодорхой хариу өгч, шийдвэрт хүрэхгүй байсаар одоог хүрсэн. Энэ жилээс МҮЭХ болон салбарын харъя байгууллагуудтай хамтран тэмцлийн алхмуудыг хийж, ажил хаялт зарлаж эхэлсэн. Бид Засгийн газартай өмнө хоёр удаа тус асуудлаар хэлэлцээ хийхээр суусан ч тодорхой зөвшилцөлд хүрч чадаагүй. Иймд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэр нь ард иргэд, төрийн албан хаагчид болон МҮЭХ-ны санал хүсэлтийг үл харгалзан гаргасан нь зохимжгүй юм. Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албан хаагчдын цалинг огт нэмэгдүүлээгүй. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төгрөгийн ам.долларын харьцах ханш 37.5 хувиар унасан. Үүнээс харахад дор хаяж нийт ажилчдын цалинг 37.5 хувиар нэмж байж тэдний бараа бүтээгдэхүүн худалдан авах чадварыг хадгалж үлдэх юм.

Мөн тус шийдвэр нь 2018 онд төрийн албан хаагчдад олгох ёстой байсан нэг удаагийн тусламж,  дэмжлэг болох 56.4 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдад хувааж, 8-30 хувь хүртэл нэмэгдлийг олгох шийдвэр гаргасныг МҮЭХ хүлээж авах боломжгүй байна гэдгээ илэрхийлж байна. Тийм учраас боловсрол болон эрүүл мэндийн салбарынхан ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс ажил хаялт зарлах хэвээр" гэдгээ мэдэгдлээ. 

Мөн хэвлэлийн хуралд боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд хүрэлцэн ирж байр сууриа илэрхийлэв:

Багш нар есдүгээр сарын гуравнаас ажил хаялт зарлана

 
Гэрэл зургийг: mpa.mn

Монголын Боловсрол Шинжлэх ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг "Монголын боловсролын салбарынхан цалин нэмэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг маш удаан хугацааны турш хүлээснийг та бүхэн мэдэж байгаа байх. Багш нар өнгөрсөн хавар ажил хаялт зарлаж байх үед Засгийн газар ажил хаялтыг зогсоох санал тавьж байсан. Үүний дагуу бид ажил хаялтаа зогсоосон ч тодорхой хариу шийдэл гаргаагүй. Өчигдрийн хуралдаанаар нэг талыг баримталсан шийдвэр гаргаж, ард иргэд, олон нийтэд төрийн албан хаагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмсэн мэт дүр зураг өгөх гэсэн оролдлогыг бид хүлээж авахгүй тул боловсролын салбарын ажилчид есдүгээр сарын гуравны Даваа гарагаас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна. Энэ удаагийн ажил хаялтыг бид ажлын байран дээрээ хаяад суух бус олон нийтийг хамарсан жагсаал цуглаан өрнүүлж, хүчтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна" гэлээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Эрүүл мэндийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний холбооны тэргүүлэгчид ажил хаялт зохион байгуулах түр хорооны өргөтгөсөн хурал өнөө өглөө зохион байгуулсан. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэмцэл хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд Засгийн газар сувилагчдын цалинг 20-30 хувь нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь чамлалтгүй амжилт. Гэсэн хэдий ч энэхүү нэмэх гэсэн шийдвэр нь огт тодорхойгүй. Яг хэзээнээс эмч нарын цалинг нэмэгдүүлэх мөн ямар төрлийн сувилагч нарын цалинг хэдэн хувиар нэмэгдүүлэх гээд энэ бүхнийг тодорхой болтол бид ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна" гэж мэдээлэв. 

Мөн ажилтан албан хаагчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг соёл, үйлчилгээ болон төрийн үйлчилгээний салбарынхан энэхүү тэмцэлд мөн нэгдэх болсноо мэдэгдсэн юм.