Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албан хаагчдын цалинг есдүгээр сарын 1-нээс 8-30 хүртэл хувиар нэмэх шийдвэр гаргажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цалин нэмэх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг дөнгөж сая Засгийн газраас гаргалаа. Ингэхдээ улс төрийн албан тушаалтан болон шүүгч, прокурорын цалинг нэмэгдүүлэхгүй байхаар тогтсон.

Цалин нэмэгдүүлэх шийдвэр энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Ингэхдээ эхний ээлжинд багш, эмч нар болон тэдэнтэй дүйцэхүйц албан тушаалтан, тэдгээрээс доогуур цалинтай ажилтнуудын цалинг нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, багш, болон тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалин есдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэгдэхээр боллоо.

Цалин нэмэгдүүлэх шийдвэр энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Мөн төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг боловсронгуй болгохоор ЭМЯ, БСШУСЯ-тай хамтран ажлын байрны үнэлгээ судалгааг хийж дуусгалаа.

Судалгаагаар бага ангийн болон цэцэрлэгийн багш нар хамгийн их ур чадвар шаардсан ачаалал өндөртэй ажлын байр болох нь тогтоогдсон. Тиймээс уг судалгааг үндэслэж үндсэн цалинг найман хувиар нэмэгдүүлэхээс гадна бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын ажлын байрны зэрэглэлийг нэг шат, сувилагч нарын ажлын байрны зэрэглэлийг 1-2 шат ахиулах шийдвэр гаргалаа. Ингэснээр есдүгээр сарын 1-нээс эхлэн бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалин 12.3 хувиар, сувилагч нарын цалин 20-30 хувиар нэмэгдэх боломжтой болж байна. 

Соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин төрийн албанд ажиллагсдын дундаж цалингаас 12.5 хувиар доогуур явж ирсэн. Тиймээс зарим арга хэмжээг авсны үндсэн дээр энэ салбарт ажиллагсдын цалин 14-30 хувиар нэмэгдэх болж байгаа. 

Цалин нэмэгдүүлэх шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Тус тогтоолд 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин одоогийн хүрсэн түвшинд нь царцаах, цалингийн шатлалыг ахуулахгүй байхаар заасан байгаа. Тиймээс цалин нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор тус тогтоолын зарим заалтыг хүчингүй болгох асуудлыг 2019 оны төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барихаар боллоо" гэв.

Цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд нийт төрийн албан хаагчдын 92 хувь буюу 173 мянган хүн хамрагдах аж. Тэдний 145 мянгынх нь цалин есдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэгдэх бол 28.2 мянган төрийн албан хаагчийн албан тушаалын зэрэглэл ахиж, цалин нь 12-30 хувиар нэмэгдэх юм байна.