Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампаас “Aerosmith”-ийн дууны зохиогчийн эрхийг хүндэтгэхийг шаарджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт Уэст Виржиниад болсон Дональд Трампын сонгогчидтой уулзах арга хэмжээний үеэр домогт Аэросмит хамтлагийн 1993 оны хит “Livin’ on the Edge” дууг тоглуулж байжээ.

Үүний дараа тус хамтлагийн гоцлол дуучин Стивен Тайлер өмгөөлөгчөөрөө дамжуулан зохиогчийн эрхийг хүндэтгэж, Аэросмитийн дууг ашиглахгүй байхыг Трампаас шаардсан захидлыг Цагаан ордонд илгээсэн байна.

Энэхүү дууг Тайлер, Жой Пэрри, Марк Хадсон нар зохиосон юм байна.

Мөн 13,500 орчим хүн цугларсан газарт дууных нь бичлэгийг тоглуулснаар Трампыг Тайлер дэмжиж байгаа мэт ойлголтыг хүмүүст төрүүлж байгааг шүүмжилжээ.

2015 онд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бас Трамп арга хэмжээндээ Аэросмитийн “Dream On” дууг ашиглаж, Тайлер дээрхтэй ижил агуулгатай захидал хүргүүлж байв.

Мягмар гарагийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд тангараг өргөснөөс нь хойш хамгийн хүнд өдөр болсон гэж ажиглагчид үзэж байгаа. Тэр өдөр Трампын хувийн өмгөөлөгч асан Майкл Коэн холбооны шүүхэд мэдүүлэг өгөхдөө Трампын заавраар хоёр эмэгтэйд мөнгө өгч, сөрөг мэдээлэл тарахаас сэргийлж байснаа хүлээсэн юм. Тэдгээр эмэгтэйчүүд нь Трамптай дотно харьцаатай байснаа ил болгоод байгаа.

Мөн тухайн өдөр Трампын сонгуулийн менежэр асан Пол Манафортыг холбооны шүүх мөнгө угаасан, сонгуулийн санхүүжилтын хуулийг зөрчсөн зэрэг хэрэгт буруутган найман зүйл ангиар яллах шийдвэр гаргажээ.

 

Эх сурвалж: Variety