Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ удаа Монгол хүн Тайландад хулгайн хэргийн хохирогч болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Зүүн Өмнөд Азийн Тайланд улсад монголчуудын үйлдсэн хулгайн хэргийн тухай мэдээ үе үе хэвлэлүүдэд нийтлэгддэг.

Энэ сарын эхээр гурван монгол залуу халаасны хулгайн хэргээр баривчлагдсан тухай Бангкок Пост сонинд мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус сонинд бас нэг хулгайн хэргийг илрүүлсэн тухай мэдээлжээ.

Гэхдээ энэ удаа эсрэгээрээ монгол хүн хохирогч болж, нутгийн иргэн гэмт хэрэг үйлдсэн байна.

Тус сонинд мэдээлснээр Бангкокын олон улсын нисэх буудалд Даваа гарагийн өглөө ачаагаа баглаж байсан 19 настай Хулан хэмээх монгол бүсгүй гар утсаа алдсан тухай цагдаагийн албанд мэдээлжээ.

Тэр iPhone 7 гар утсаа хажуугийн суудал дээр тавиад ачаагаа цэгцэлж байх хооронд хэн нэг нь утсыг авсан байв.

Цагдаа нар хяналтын камерын бичлэгийг шалгахад лимузин үйлчилгээний дүрэмт хувцастай нэг эрэгтэй гар утсыг авч явсан нь харагдсан байна. Улмаар тэд лимузин үйлчилгээний компанид ажилладаг 43 настай Ноппадол Випха гэгчийг маргааш нь баривчилж, хулгайлагдсан гар утсыг олж өгсөн байна.

Тэр хулгайлсан утсаа Бангкокын Лат Крабанг дүүрэг дэх ажил дээрээ хүргэж, SIM картыг нь сугалж хаяснаа хүлээн зөвшөөрчээ.

 

Эх сурвалж: Bangkok Post