Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мальдивын хөлбөмбөгчид таарсан баг бүртээ 10-аас доош оноогоор хожигдох зорилтоо биелүүлээд буцжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн далайд орших Мальдив арал улсын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн баг энэ удаагийн Азийн Наадамд өвөрмөц, бас даруухан зорилготой ирээд түүнийгээ амжилттай биелүүлжээ.

Өчигдөр орой тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Тайваний багтай хийж хожигдсоноор хэсэгтээ хамгийн сүүлд жагсаж, нутаг буцахаар болсон юм.

Мальдивын дасгалжуулагч Мохамед Атиф тэмцээний дараа “Өмнөх Азийн Наадамд манай баг өрсөлдөгчдөдөө тус бүр 15, 13, 10 гоол алдан хасагдаж байсан. Тиймээс би энэ удаагийн наадмын тоглолт бүрт 10-аас хэтрэхгүй тооны гоол алдана гэсэн зорилт тавьсан” хэмээн ярьжээ.

Өчигдөр тэд Тайваньд 7:0 харьцаагаар хожигдсон бол өмнө нь Индонезид 6:0, Өмнөд Солонгост 8:0 харьцаагаар хожигдож энэхүү зорилтоо биелүүлж чадсан байна.

Мохамед Атиф “Бид эмэгтэйчүүдийн шигшээ багаа 2002 онд байгуулсан. Манайд ямар ч лиг байхгүй. Бидэнд зөвхөн футзалын тамирчдаас бүрдсэн ганцхан баг бий. Бас Мальдив нь 100 хувь муслим хүн амтай улс тул эмэгтэйчүүдийг тоглуулахад соёлын бэрхшээл байдаг. Гэхдээ урт хугацаандаа аажмаар сайжирна гэж найддаг” хэмээн ярьжээ.

Мальдив нь Энэтхэгийн далайд орших жижиг арал улс бөгөөд 400,000 гаруй хүн амтай юм.