Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Ирантай наймаа хийсэн хэнтэй ч АНУ бизнес хийхгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ираны эсрэг авах АНУ-ын эдийн засгийн ээлжит хориг өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэ удаа Ираны засгийн газрын ам.доллар, алт болон бусад үнэт металлтай харьцах боломжийг Вашингтон бүрэн хориглож байгаа юм.

 2015 онд дэлхийн их гүрнүүдийн Тегерантай байгуулсан цөмийн гэрээнээс гарсныхаа дараа Дональд Трамп тус улсын эсрэг цуврал хоригийг хэрэгжүүлж эхлээд байна.

Өмнө нь Ираны аж үйлдвэрийн салбарыг чиглэсэн хориг тавьж байсан бол энэ удаа банк, санхүүгийн салбарыг онилж байгаа юм.

Ирэх арваннэгдүгээр сарын 4-нөөс Ираны газрын тосны импортыг хориглохоор бэлдэж байна. Өөрөөр хэлбэл Иранаас газрын тос худалдаж авсан ямар ч улс орон АНУ-тай бизнес хийх эрхгүй болох юм.

Дөнгөж сая Дональд Трамп твиттер хуудсандаа Ираны эсрэг ээлжит хориг хэрэгжиж эхэлснийг зарлаад Тегераны дэглэмтэй наймаа хийсэн хэнтэй ч АНУ бизнес хийхгүй гэж анхаарууллаа.

Тэрээр АНУ-ын өмнөх засаг захиргааны үед байгуулсан цөмийн гэрээг хангалттай чанга биш, Иран улсад пуужингийн зэвсэглэлээ нууцаар  хөгжүүлэх боломжийг олгосон гэж шүүмжилж байгаа юм.

Мөн Трамп Ойрх Дорнодын улс орнуудад явуулж байгаа Ираны үйл ажиллагааг хатуу шүүмжилдэг.

Сири, Йемен, Ирак зэрэг орнуудад Тегераны санхүүжилтээр террорист ажиллагаа явагдаж, тогтворгүй байдал бий болж байна гэж тэр үздэг юм.

 

Эх сурвалж: The Guardian