Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Мугабегийн дараах Зимбабвегийн анхны сонгуулийн үр дүнд иргэдийн амь нас үрэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Зимбабве улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болсон нь тус улсыг 40 орчим жил захирсан Роберт Мугабег огцорсноос хойших анхны сонгууль байв.

Сонгуулийн гол өрсөлдөгчид нь Мугабегийн туслахаар олон жил ажилласан, эрх баригч Zanu-FP намын 75 настай нэр дэвшигч Эммерсон Мнангагва, гол сөрөг хүчин Ардчилсан Өөрчлөлтийн Хөдөлгөөн намын 40 настай нэр дэвшигч, хуульч мэргэжилтэй Нельсон Чамиза нар байсан юм.

Зимбабвегийн сонгуулийн хороо санал хураалтын үр дүнг танилцуулалгүй удсан нь иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж, өчигдөр нийслэл Хараре хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүргэжээ.

Энэ үеэр зэвсэгт хүчин жагсагчдын эсрэг галт зэвсэг, нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэсний улмаас гурван иргэн алагдсан байна.

Жагсаалыг зогсоохын тулд эхлээд цагдаа нар ажилласан ч дийлээгүй тул армиас тусламж хүссэн гэнэ. Өчигдөр үдээс хойш Хараре хотын төв бүхэлдээ дайны талбар болжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүн ардынхаа эсрэг явуулж буй армийн хүчирхийллийг зогсоохыг Зимбабвегийн улстөрчдөд уриалсан байна.

Эмнести Интернэшнл байгууллага бас уриалга гаргаж, цэргийнхний үйлдсэн гэмт хэргийг шалгахыг эрх баригчдаас шаарджээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мугабег огцруулсны баяраа тэмдэглэж байсан гудамж талбай өнөөдөр дайны талбар болон хувирсан байна. Хэрвээ энэ удаагийн сонгуулийг эрх мэдэлтнүүд луйвардвал Мугабегийн дараах Зимбабвегийн өөрчлөлт шинэчлэлт эхнээсээ бүтэлгүйтнэ гэж энгийн иргэд болгоомжилж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian