Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМГЭНЭЛ

ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ЖАЛЕЛИЙН ХАЙРУЛЛА

 /1930-2018/

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, академич, мэдрэлийн мэс засалч Жалелийн Хайрулла 2018  оны 7 сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж хүнд гарз тохиолоо. 

Ж.Хайрулла нь 60 гаруй жил хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан явсан эрүүл мэндийн салбарын анхдагчдын нэг байлаа.

Тэрбээр 1930 онд Ховд аймгийн Булган суманд төрж, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хүн эмнэлгийн ангийг төгсөж, Бүгд Найрамдах Чех Улсад тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. 

Ж.Хайрулла нь ерөнхий боловсролын дунд сургуулийн тоо физикийн багш, МУИС-ийн Анагаах ухааны факультетийн багш, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч, зөвлөх эмч, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн зэрэг албан тушаалыг тасралтгүй хашиж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, шинэ үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, хүч чадлаа харамгүй зориулсан сайн эмч, удирдагч, багш, сурган хүмүүжүүлэгч байлаа. 

Мөн тэрбээр анагаах ухааны доктор, профессор, Монголын анагаах ухааны академийн гишүүн, олон залуу эмч, мэргэжилтнийг эрдэм, судалгааны ажилд сурган чиглүүлсэн нэрт эрдэмтэн, судлаач байв.

Түүний анхлан байгуулалцсан Улсын 3 дугаар төв эмнэлгийн дэргэдэх Мэдрэлийн мэс заслын тасаг нь мэдрэлийн мэс заслын шинэ аргыг эмчилгээнд нэвтрүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, эмч нарыг чадавхжуулах чиглэлээр гадаадын олон оронтой өргөн хүрээнд хамтран ажилладаг эрдэм шинжилгээ, судалгааны төв болон өргөжиж, ард түмэндээ ач буянаа өгсөөр байна. 

Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийн нэг мэдрэлийн мэс заслын албыг байгуулан, хөгжүүлэхэд Ж.Хайруллагийн оруулсан хувь нэмрийг нь ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж 1991 онд Хүний гавьяат эмч, 1993 онд Төрийн соёрхол, 2002 онд Ардын эмч, 2007 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртээжээ. 

Монголын ард түмний дунд “Мэдрэлийн мэс заслын” гэж алдаршсан эмч, багш, эрдэмтэн Таны авьяас билэг, ажилч хичээнгүй, эгэл даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Х.БАТТУЛГА, М.ЭНХБОЛД, У.ХҮРЭЛСҮХ, 

Ё.БААТАРБИЛЭГ,  Г.ЗАНДАНШАТАР, Д.САРАНГЭРЭЛ, 

С.БЯМБАЦОГТ, О.БАТНАСАН, Б.ПҮРЭВДОРЖ, Г.СОЛТАН,

А.БАДЕЛХАН, Д.МУРАТ, Г.ПҮРЭВГАНДИ, Д.ГАЛСАНДОНДОГ,

Д.БАУЫРЖАН, А.ГЫЛЫМХАН