Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчид амиа алдсан хэрэг Оросын нууц армийн нэрийг дахин хөндөхөд хүргэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Саяхан Төв Африкийн БНУ-д гарсан сэтгүүлчдийн эсрэг халдлагын улмаас “Wagner Group” гэгддэг Оросын хөлсний цэрэг нийлүүлэгч хувийн компанийн тухай яриа дахин сөхөгдөж эхэллээ.

 Оросын сэтгүүлчид болох Кирилл Радченко, Александр Расторгуев, Орхан Жемал нар Африкийн энэ орон дахь хөлсний дайчдын ажиллагааны тухай баримтат кино бүтээхээр явж байхдаа Даваа гарагт алагдсан юм.

Өчигдөр Төв Африкийн эрх баригчид сэтгүүлчид рүү нүүрээ халхалсан есөн зэвсэгт этгээд халдсан тухай мэдээлжээ. 

Тэд тус улсын иргэдийн гол хоёр хэл болох Франц, Санго хэлнүүдээр огт ярихгүй байсныг бас мэдээлсэн юм. Нэг сэтгүүлч нь техник хэрэгслээ алдахгүйн тулд тэмцэлдэж байсан бөгөөд тэдний нэг нь газар дээрээ алагдаж, үлдсэн хоёр нь шархаа даалгүй амиа алдсан байна.

Дээрх мэдээллийг сэтгүүлчдийн зорчиж явсан машины жолооч өгсөн гэнэ. Жолооч өөрөө шархдсан боловч амьд үлджээ.

Москвагийн эрх баригчид гадаад орнуудад явуулдаг цэргийн ажиллагаандаа Wagner Group-ийн дайчдыг давхар ашигладаг нь үндсэн армийн хохирлын хэмжээг бууруулах зорилготой байдаг гэнэ. Украин, Сирид ажиллагаа явуулдаг тус компани Төв Африкийн БНУ-д цэвэр бизнесийн зорилгоор дайчдаа илгээсэн гэж үзэж байгаагаа Москвагийн шинжээч Павел Фелгенхауэр ярьжээ.

Гэхдээ Төв Африкт нэвтрэхийн тулд тэд Кремлиэс зөвшөөрөл авах ёстой гэнэ. Энэ оны тавдугаар сард Төв Африкийн удирдагчид ОХУ-д айлчлах үеэр энэ асуудал шийдэгдсэн гэж таамаглаж байгаагаа Фелгенхауэр ярьжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Африкийн энэ улсад зэвсэг нийлүүлэх, цэргийн сургалт явуулах зөвшөөрлийг ОХУ НҮБ-аас авсан тул албан ёсны цэргийн ажиллагаа нь Wagner Group-ийн ажиллагаатай уялдаатай явагдаж буй бололтой.

Wagner Group-ийг Оросын тагнуулын офицер асан Дмитрий Уткин байгуулж, анхны дайчдаа 2013 онд Сирид илгээж байжээ. Энэ нь Сирийн дайнд ОХУ албан ёсоор оролцож эхлэхээс нэлээд өмнө гэсэн үг.

Уткины нэрнээс холдуулахын тулд компанийг Wagner гэж нэрлэсэн тухай яриа байдаг.

Тус компанийг санхүүжүүлэхэд Владимир Путины шадар хүн гэгддэг Санкт Петрбургийн бизнесмэн Евгений Пригожин оролцсон гэнэ. Түүнийг Оросын арми, засгийн газартай том гэрээ байгуулж, их ашиг олсон хүн гэдэг юм.

Пригожин бас 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх онлайн ажиллагааг зохион байгуулсан хэргээр Америкийн шүүхээс ял шийтгэл сонсож байв.

Өнгөрсөн хоёрдугаар сард Сирид болсон тулааны үеэр хөлсний цэргүүд алагдсан тухай мэдээлэл тарахад Wagner Group-ийн нэр дурсагдаж байжээ.

Сирийн засгийн газрын хүч рүү АНУ-ын арми агаараас довтлох үед тэдний хэд хэдэн дайчин амь үрэгдсэн гэдэг.

Энэ явдлаас хэд хоногийн дараа Оросын таван иргэн алагдсаныг Москва хүлээн зөвшөөрч, тэднийг сайн дурынхан байсан гэж мэдэгдэж байв.

Дорнод Украины мөргөлдөөнд гарсан хохирлын талаар ч Кремль ийм агуулгатай мэдэгдэл хийдэг юм.

Wagner Group-ийн талаар сурвалжилсан сэтгүүлчдийн хувь заяа эмгэнэлтэй дууссан тохиолдол бий. Сири дэх тус компанийн ажиллагааг сурвалжилж байсан сэтгүүлч өнгөрсөн дөрөвдүгээр сард Екатеринбургийн орон сууцны тавдугаар давхрын тагтнаас унаж амиа алдсан.

Фелгенхауэр энэ удаагийн халдлагыг Wagner Group өөрөө шууд гүйцэтгээгүй байж болох ч тус компанийн маш сайн сурталчилгаа болсныг хэлж байна. “Гэхдээ энэ нь тэдний хувьд сайн сурталчилгаа боллоо. Африкийн зарим орны удирдагчид Wagner-ийн тухай энэ явдлын дараа мэдээд Оросын хөлсний дайчдыг авах захиалга өгөх байх” гэж тэр ярьжээ.

Сэтгүүлчдийн амийг хөнөөсөн хэргийг Төв Африкийн БНУ, ОХУ, НҮБ-ын энхийг сахиулагчид хамтран шалгахаар болоод байна.

 

Эх сурвалж: AFP