Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөгдөх инновацийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталжээ

A.Жаргал
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталжээ.

Тогтоолын төсөлд хоёр тэрбум 589.9 сая төгрөгийн өртөг бүхий 113 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдсан байна.

Уг татварын чөлөөлөлтөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолоор баталсан “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”-ын дагуу байгуулагдсан 11 гарааны компани хамрагдах аж .

Гарааны компаниудаас ирүүлсэн хүсэлт болон инновацийн төслийн санал,  ажлын төлөвлөгөө, үр ашигт үндэслэсэн тооцоогоор эдгээр компаниуд 3 жилд 74 тэрбум 131 сая төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс долоон гарааны компани долоон тэрбум 552 сая төгрөгийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр байгаа аж.

Энэхүү тогтоол батлагдсанаар гарааны компани байгуулах журмын дагуу байгуулагдаж, бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүд инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангагдаж, ажлын байр шинээр бий болох, импортыг орлох, экспортод чиглэсэн, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин, татварын суурь бэхжиж, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм байна.

2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлагдсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУС-ын сайдын тушаалын дагуу 2015, 2016 онуудад шинжээч нар томилогдон инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг гаргажээ.

 

Эх сурвалж:  БСШУСЯам