Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Фижи аралд 400 шавиа хориод байгаа шашны урсгалын тэргүүнийг Өмнөд Солонгост баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Загалмайтны шашнаас эхтэй Нигүүлслийн Зам хэмээх сүмийг байгуулж, олон тооны дагагчтай болсон эмэгтэйг өнгөрсөн долоо хоногт Инчеоны нисэх буудалд газардахад нь Өмнөд Солонгосын цагдаа нар баривчилжээ.

Шин Ок Жуг бусад гурван сүмийн тэргүүнтэй хамт баривчилсан байна.

Шин хатагтай 2014 оноос эхлэн өөрийн шавь нарт удахгүй Солонгосын хойгт их өлсгөлөн болно хэмээн номлож, аврагдахын тулд Номхон далайн Фижи аралд очиж амьдрахыг ятгах болсон ажээ.

Ийм замаар тэр нийт 400 гаруй хүнийг Фижи рүү нүүлгэсэн ба очмогц нь өөрийн шадар хамгаалагчдын захиргаанд оруулж, паспортыг нь хураадаг байсан гэнэ.

 
Шин Ок Жу

Мөн тэнд байгаа хүмүүсийг Бурхны гэсгээлээс аврахын тулд бие биеэ зодож, нүдэх шашны зан үйл хийлгэдэг байснаас зарим нь тархины хүнд гэмтэл авсан байна.

Барьцаалагдсан хүмүүсээс тав нь оргож Өмнөд Солонгост ирснээр Шин Ок Жугийн шашны бүлгийн тухай эрх баригчид мэдэж авсан гэнэ.

Өмнөд Солонгосын хүн амын 28 хувь нь Католик, Протестант шашинтан гэгддэг ба загалмайтны шашны янз бүрийн урсгалууд олноор бий болж байдаг.

Эдгээр шашны урсгалуудын тэргүүнүүдтэй холбоотой гэмт хэрэг үе үе илэрсээр байдаг юм. Шин Ок Жу анх удаа хууль зөрчсөн нь энэ биш гэнэ. Тэр 2014 онд АНУ-ын Брүүклинд амьдардаг 27 настай залуугийн шизофрени өвчнийг анагааж өгөх нэрээр $6 саяыг луйвардсан хэрэгт холбогдож байжээ.

 

Эх сурвалж: The Guardian