Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Архангайн 7, Өвөрхангайн 2 сумд ХЯЗГААРЛАЛТЫН БОЛОН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин орон нутагт гарч одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн хоёр сум, Архангай аймгийн долоон суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.

Тус өвчин Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх, эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамж гарч авто тээврийн шалган бүртгэх товчоодод  энэ сарын 14-ний өдрөөс ирэх сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар ажиллуулахаар томилсон тухай бид өмнө нь мэдээллэсэн.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт одоо ямар хэмжээнд хүрээд байгаа талаар Мал эмнэлгийн хэлтсийн дарга, Ерөнхий Эпимиологич Б.Цолмонгоос тодрууллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

- Архангай, Өвөрхангай аймгуудад тавьсан хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Одоогоор 500 орчим бог мал, 11 үхэр өвчилсөн. Гэхдээ зургаадугаар сарын 29-нд өвчлөл зогсож, хорио цээрийн хоногууд тоологдож байна. Энэ талаар илүү тодруулахгүй юу?

- Өнгөрсөн сарын 26-наас долоодугаар сарын 10-ныг хүртэл тус аймгуудад Улсын онцгой комиссын шуурхай бүлэг очиж ажиллаад уг өвчнийг хяналтандаа оруулаад ирсэн.

Өнөөдрийн байдлаар хамгаалалтын, голомтын, сэжигтэй гэсэн гурван бүс дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж байна.

Хамгаалалтын бүсийн вакцинжуулалт Архангай аймагт дууссан. Өвөрхангай аймагт харин вакцин хийлгээгүй цөөн тооны мал үлдсэн байгааг өнөө, маргаашийн дотор хийж дуусгана. Өнөөдөр ирсэн мэдээллээр Архангай аймгийн дөрвөн суманд хорио цээрээс хязгаарлалтын дэглэм рүү шилжиж байна гэсэн. Тиймд өвчлөл, халдварын тархалтын хувьд зогссон байгаа учраас одоо хийгдэх ёстой ажлууд хийгдэж  хяналтанд бүрэн орж байгаа гэхэд болно.

- Иргэд хорио цээрийн дэглэмийг хэр биелүүлж байгаа вэ. Дэглэмийг зөрчиж, хориотой бүс рүү нэвтэрсэн тохиолдол байгаа юу?

- Энэ сарын 10-ны өдөр бидэнд ирсэн мэдээгээр нийт 40 гаруй хүнд, таван сая орчим төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Одоо ч энэ үргэлжилж байгаа. Хорио цээрийн дэглэм зөрчиж голомтын бүсээр нэвтэрч гарах эсвэл мэдэхгүйгээгээсээ болж голомтын бүс рүү орсон тохиолдолд зөрчлийн тухай хуулиар холбогдох бүх арга хэмжээнүүд тооцогдож байгаа.

"Орж болохгүй" гээд хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байсаар байхад хажуугаар нь тоохгүй гараад явчихсан тохиолдолд арга хэмжээ авахааас өөр арга байхгүй. Үүнд зөрчлийн тухай хуулиар мэргэжлийн хяналтийн улсын байцаагчид болон Онцгой байдлын газрын гамшгийн улсын байцаагч нар арга хэмжээ авч ажиллаж байна.

Шүлхий өвчин туссан мал, амьтан эдгэрнэ гэж байхгүй. Харин шинж тэмдэг нь бүдгэрч байхгүй болдог. Ингэсэн мал, амьтны вирусын гадагшлалт асар бага хэмжээтэй болдог. Тиймээс л бид ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийх хэрэгтэй.

Хорио цээр тогтоосон бүсээс амьд малыг шилжүүлэх хөдөлгөөн болон голомт бүхий сумдуудаас мал , малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн гаргахыг хориглосон. Улаанбаатар тухайн бүс нутгийг дамжин өнгөрсөн эсвэл тухайн бүс нутгаас ирсэн ч ариутгал халдваргүйжүүлэлт хийх дахин тархахаас урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна. Энэ мал амьтны гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэм буурсны дараа мал угаалгын кампанит ажлыг орон даяар эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь тухайн малыг шүршиж угааж, тухайн хашаа хороог ариутгана гэсэн үг.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын кодод заасан гоц халдварт долоон төрлийн, худалдааны хориг бүхий өвчний ангилалд шүлхий өвчин хамгийн эхэнд бичигддэг.

Мөн шүлхий өвчнөөр бол хүн өвчлөхгүй ч малаас, малд буюу бүх төрлийн салаа туурайтай амьтанд халдварладаг байна.


Албаныхны өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Түвшрүүлэх, Хашаат, Өгийнуур, Хотонт, Цэнхэр гэсэн сумдад  хязгаарлалтын дэглэмтэй байгаа бол Өвөрхангай аймгийн Хархорин, Тарагт сумд хорио цээрийн дэглэм хэвээрээ үргэлжилж байна. 

Зураг
14 | 18 | 20 цаг