Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-ээс хамгийн их хожсон Хорват хүн нь тус улсын ерөнхийлөгч

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн ДАШТ-д дэд байрыг эзэлсэн Хорватын үндэсний шигшээ багийг хамгийн их дэмжсэн хүмүүсийн нэг бол тус улсын ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар-Китарович байсан юм.

Тэрээр өнгөрсөн Ням гарагт болсон шигшээ тоглолтын дараа бороонд цохиулсан ч шигшээ багийнхаа өмсгөлтэй талбайд гарч өөрийн болон өрсөлдөгч багийн тоглогч бүрийг тэврэн хүндэтгэл үзүүлж байв.

Хорватын нийслэл Загребт төвтэй Mediatoolkit судалгааны компанийн олж тогтоосноор ДАШТ-ий үеэр Хорватчуудын хамгийн их анхаарлыг татсан хүн нь Китарович байжээ.

Энэ удаагийн ДАШТ-ий Алтан бөмбөгний эзэн Лука Модрич болон Иван Перишич, Марио Манжукич нарын хэн нь ч түүн шиг хэвлэлийн од болоогүй байна. Ерөнхийлөгч нь Хорватын багийн оддоос 25 хувиар илүү олны анхаарлын төвд байсныг судалгаа харуулжээ.

Мөн Китаровичийн тухай хэвлэлийн мэдээнүүдийн 80 гаруй хувь нь эерэг агуулгатай байсан гэнэ. Ерөнхийлөгч хатагтай ДАШТ-ий турш хувийн зардлаар, нисэх онгоцны энгийн суудлаар Оросыг зорьж, ихэнхдээ энгийн үзэгчийн суудлаас багаа хөгжөөн дэмжжээ. Зөвхөн хагас шигшээ шатанд Англитай хийсэн тоглолтыг үзэж чадаагүй нь тэр NATO-гийн чуулганд оролцоод завгүй байсантай холбоотой гэнэ.

Хорватын улс төрийн тоймч Борис Дежулович “Түүний ДАШТ-ийг үзэж буй дүрс бүр сонгуулийн өмнөх том сурталчилгаа боллоо. Зөвхөн Хорватын олон нийт биш, дэлхийн хэдэн тэрбум хүн түүнийг үзсэн” гэж дүгнэжээ.

Грабар-Китарович 2015 онд Хорватын Ардчилсан Нэгдэл консерватив намаас нэр дэвшиж, ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Тухайн үед авлигын олон тооны хэрэгт хутгалдаж, нэр хүнд нь унаад байсан намынхаа шинэ, цэвэр нүүр царай болон гарч ирж байжээ. Югославын дайны генералууд, авлигын дуулианд холбогдсон түшмэдүүд голдуу улс төрчидтэй Хорватад гадаадад боловсрол эзэмшсэн, сайн англи хэлтэй, NATO-д өндөр алба хашиж байсан Китарович онцгойрон ялгарч байсан юм.

Тэрээр дараачийн сонгуульд ялах замаа ДАШТ-ий үеэр амжилттай зассаныг судлаачид бичиж байна.

 

Эх сурвалж: The Guardian