Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Францчууд ГУРАВ дахь удаагаа ДАШТ-ий финалд шалгарлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрвөн багийн эхний тоглолт Франц, Бельгийн шигшээ багуудын хооронд Санкт Петрбург хотын стадионд болж өнгөрлөө.

Тоглолтын үндсэн цаг 1:0 харьцаатай өндөрлөж, Францчууд аваргын цомын төлөө тоглохоор шалгарч үлдсэн бол “Улаан чөтгөр”-үүд хүрэл медалийн төлөө тоглохоор болж байна.

Тэдний өрсөлдөгчид өнөө шөнө болох Англи, Хорватын шигшээ багуудын тоглолтын дараа тодрох юм.

Тоглолтын турш хоёр баг харилцан аюултай довтолгоонуудыг хийж байсан ч 51 дэх минутад Антуан Гризманы булангаас цохисон бөмбөгийг хамгаалагч Самуэл Умтити мөргөж Бельгийн хаалганд оруулсан нь энэ тэмцээний цорын ганц гоол байв.

Бельгийн шигшээ баг 64 хувийн бөмбөг эзэмшилт, 594 дамжуулалт (өрсөлдөгч нь 345), дамжуулалтын оновчтой байдал 91 хувь (өрсөлдөгч нь 83 хувь), гаргасан алдаа 16 (өрсөлдөгч нь 6), шар картны тоо 3 (өрсөлдөгч нь 2) гэсэн үзүүлэлттэй тоглосон нь тэд энэ тоглолтод бүхнээ зориулж, довтолгоонд их хүч хаясан нь харагдаж байна.

Гэвч Францчуудын супер хамгаалалт, сөрөг довтолгоо илүү амжилттай байсан нь цохилтын тоо (19:9), хаалганд чиглэсэн цохилт (5:3) өрсөлдөгчөөсөө олон байснаас харагдаж байгаа юм.

Франц, Бельгийн шигшээ багуудын тоглолтын онцлох агшнуудыг энэ холбоосоор үзээрэй.

Энэ удаагийн тоглолтын онцлох үр дүнгүүд:

  • Францчууд 1998, 2006 онд ДАШТ-ий сүүлчийн шатанд шалгарч үлдэж байсан амжилтаа гурав дахь удаагаа давтлаа. Тэдний өмнө 8 финалтай Герман, 6 финалтай Италийн шигшээ багууд Европ тивд байгаа юм.
  • 1998 оноос хойш 3 удаа финалд шалгарсан үзүүлэлт нь дэлхийн аль ч улсын шигшээ багийн үзүүлээгүй амжилт болж байна.
  • Бельгичүүд 2016 оны есдүгээр сард Испанитай хийсэн нөхөрсөг тоглолтод хожигдсоноосоо хойш анхны ялагдлаа амслаа.

Өчигдрийн тоглолтыг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Бельгийн хаан Филипп нар биеэр ирж үзсэн юм.

 

Францын шигшээгийн од Пол Погба өчигдрийн ялалтыг агуйгаас аврагдсан Тайландын хөлбөмбөгчин хөвгүүдэд зориулж байгаагаа тоглолтын дараа сошиал хуудсандаа бичжээ.

Тэр “Энэ ялалтыг өнөөдрийн гол баатруудад зориуллаа. Та нар үнэхээр хүчтэй, сайн байсан шүү хөвгүүдээ!” гэж бичсэн байна.

 

Тоглолтоос хэдхэн цагийн өмнө Тайландын үерт автсан агуйгаас үлдсэн 4 хүү, дасгалжуулагч нарыг авраад байсан юм.

Погбагийн тоглож байгаа Манчестер Юнайтед клубын дасгалжуулагч Жозе Моуриньо өчигдөр бас Тай хөвгүүдийг аварсан үйл явдалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ. Тэр “Тайландад болж буй үйл явдал намайг гайхшруулж байна. Жинхэнэ баатрууд ДАШТ дээр биш, тэнд л байна. Хүүхдүүд болон ялангуяа тэднийг аварсан шумбагчид бол баатрууд. Миний хувьд ДАШТ хоёрдугаарт тавигдах асуудал” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: FIFA, Russia Today