Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын улс төрийн нам реппэр Эминэмд торгууль төлөхийг эсэргүүцэн давж заалдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын томоохон улс төрийн хүчин Үндэсний Нам сонгуулийн үеэр сурталчилгаандаа Грэммийн шагналт, АНУ-ын реппэр Эминэмийн дууны нотыг ашигласан хэргээр оюуны өмчийн маргаан дөрвөн жилийн өмнө дэгдсэн юм.

Улмаар тус улсын дээд шүүх өнгөрсөн оны аравдугаар сард Эминэмийн талд шийдвэр гаргаж, түүний “Lose Yourself” дууны аяыг зөвшөөрөлгүй ашигласныхаа төлөө улс төрийн нам 600,000 шинэ зеланд доллар ($400,000) төлөх ёстой гэж дүгнэж байв. 

Тухайн үед эрх баригч байсан Үндэсний Намын эсрэг Эминэм 2014 оны есдүгээр сард гомдол гаргаж байжээ.

2014 оны сонгуулийн үеэр түүний дууны хэмнэлийг 11 өдрийн хугацаанд телевизээр 186 удаа тоглуулсныг шүүхийн бичиг баримтад өгүүлсэн байна.

Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт Үндэсний Намын хуульч Грэг Артур шүүхээс тогтоосон торгууль нь хэт өндөр гэсэн үндэслэлээр давж заалдаж байгаагаа мэдэгджээ.

“8 Mile” киноны дуу болох “Lose Yourself” 2003 онд Оскарын шагнал хүртэж, 2004 онд Грэммийн шилдэг рэп дууны шагналыг хүртэж байв.

 

Эх сурвалж: The Guardian