Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эмч, эмнэлгийн ажилтнууд энэ сарын 5-ны өдрөөс ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa .mn

Эмч, эмнэлгийн ажилтнууд долоодугаар сарын 5-ны өглөө 08:00 цагаас орон даяар ажил хаялт эхлүүлэх аж. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дэндүү увайгүй төр засагтайгаасаа болоод эмч нар ажил хаяхаас өөр аргагүй байдалд хүрч байна

 
Гэрэл зургийг mpa .mn

Монголын ЭМА-ын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Ажил хаялт зохион байгуулахад 24 цаг үлдлээ гэдгийг олон нийтэд албан ёсоор мэдэгдье. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалин орлогоо  нэмэгдүүлж, иргэдэд тусламж үйлчилгээгээ үзүүлэхийн төлөө хөдөлмөрийн мөлжлөгийг халж шударга үнэлэмж тогтоохыг шаардсан  тэмцэлт хөдөлгөөнийг тасралтгүй зургаан сар зохион байгуулсаар өнөөдрийг хүрлээ. Ингэж удаан тэмцсэний үр дүнд 5 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн сайд болон холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй удаан хугацаанд харилцан тохиролцсоны үр дүнд салбарын хэлэлцээрээ байгуулсан. Харамсалтай нь  ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй, тодорхойгүй шалтгаанаар Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам тус хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан. Үүнээс үүдэн эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэмцэх хөдөлгөөнөө сөөм ч ухраахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл 207 эрүүл мэндийн байгууллагын 16,611 ажилтан ажил хаялтад нэгдээд байна.

Ажил хаялт зохион байгуулахтай холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллагуудаас асар их дарамт шахалтыг эмч эмнэлгийн ажилтнуудад үзүүлж байна. Хуулийн хүрээнд ажил хаялт зохион байгуулахад хууль бусаар саад учруулж байгаа эмнэлгийн дарга нар "би зөвшөөрөхгүй, чи ажлаа өг" гэж үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нарыг ажлаас нь халахыг завдаж байна. Цагдаагийн байгууллага болоод зарим Засаг дарга нар ч хууль бусаар хөндлөнгөөс оролцож, яаж ажил хаях гэж байгаагаа, хийсэн ажлынхаа тайланг өг гэх мэтээр саад учруулж олон улсад байхгүй шившигтэй үйлдэл үзүүлж байна. Тиймд энэ байдлаа нэн даруй таслан зогсоохыг төрийн болон төрийн бус байгууллагуудаас шаардаж байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын туйлын зорилго бол ажил хаялт биш гэдгийг ч мөн албан ёсоор мэдэгдье. Бид ажил хаяхгүйн төлөө зургаан сар гаруй тэмцэл өрнүүлсэн. Заавал ингэж ажил хаялта д хүрч байгаад үнэхээр харамсалтай байна. Өчигдөрхөн би зургаан аймгийн 70 гаруй сумын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нартай уулзлаа. Аль хэзээний эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдчихсон байна.

Нэг  сумын эмнэлэгт гурван тэтгэвэрт гарсан, судас тариагаа хийж чадахгүй хэмжээнд очсон хүн амь тариа хийн суманд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Сумын эмнэлэгт мэргэжлийн эм зүйч байхгүйгээс, ачаалал ихтэй, цалин багатайгаас мэргэжлийн болоод хүний амь насанд хүрсэн тохиолдол ч байна. Бидний халаасан дахь цалин 40-50 хувь хүртэл буурчихаад байхад дөрвөн жил гаруй тэвчлээ. Дэндүү увайгүй төр засагтайгаасаа болоод Алтан гартай цагаан нөмрөг өмссөн, эрүүл мэндийн салбарын баатрууд ажил хаяхаас өөр аргагүй байдалд хүрч байна. Хэдэн зуун тэрбумаар нь мөнгө угааж байгаа үйлдлүүдээ нэр заагаад ярьж байхад эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр яагаад гурав дөрвөн хүний ажил зэрэг хийх ёстой юм. Засгийн газар болоод холбогдох сайд нарт эмнэлгийн ажил доголдоход 24 цаг л үлдээд байгаа шүү гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

Ийм байдалд хүргэснийхээ хариуцлагыг Монгол Улсын Засгийн Газар хүлээх ёстой

 
Гэрэл зургийг mpa .mn

МҮЭХ Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Адьяа "Хүний эрхийн гол асуудлын нэг бол хөдөлмөрлөх эрх юм. Энэ эрхийнхээ хүрээнд улсынхаа нөхцөлийг сайжруулах, амьжиргаагаа хангах цалинтай болохын тулд хийсэн тэмцэл нь ийм удаан хугацаанд шийдэгдэхгүй байгаагаас болж эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг тэмцлийн хамгийн эцсийн арга болох ажил хаялтанд шилжихэд хүрсэн байна. Энэ байдалд МҮЭ-ийн холбоо маш их харамсаж байна.

Ажил хаялт бол тэмцлийн хүнд хэлбэр. Ийм хүнд хэлбэрт хүргэснийхээ хариуцлагыг Монгол Улсын Засгийн Газар хүлээх ёстой. Мөн энэ ажил хаялтын улмаас хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг ч хуулийн дагуу ажил олгогч Засгийн газар хүлээх ёстой. Тэрнээс эрхийнхээ төлөө тэмцэж байгаа эмч сувилагч буруугүй гэдгийг эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа хүмүүст хэлье" гэв.

Бид олон жил ард иргэдийнхээ төлөө үйлчилнэ гэсэн чин сэтгэлээрээ тэвчсэн

 
Гэрэл зургийг mpa .mn

СХД-ийн ЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г. Цэвэлмаа "Эрүүл мэндийн салбарын ажилчид бид ийм мэдэгдэл хийж байгаадаа үнэхээр харамсаж байна. Яагаад биднийг ийм байдалд хүргэв гэж Засгийн газраас асуумаар байна. Бид олон жил ард иргэдийнхээ төлөө үйлчилнэ гэсэн чин сэтгэлээрээ тэвчиж ирлээ. Одоо үнэхээр цөхөрч байна. Бид хийж байгаа ажилдаа тохирсон  цалин хөлс авахыг л хүсэж  шаардсан. Гэвч засгийн газар өнөөг хүртэл бодитой хариу өгөхгүй байгаа нь ажил хаялтанд нэгдэхэд хүргэлээ. Бид энэ ажил хаялтын хүсээгүй" гэв. 

Бид ар гэрээ тэжээх хэрэгтэй

Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга Ш. Өнөржаргал "Яагаад  засгийн газар биднийг ийм байдалд хүргэв. Өнөөдөр тангараг өргөсөн болохоор дуугүй ажил гэж болохгүй. Та нарт тэрбум тэрбумаар нь идэх ам байдаг бол бидэнд ч бас ам байгаад зогсохгүй ар гэрээ тэжээх хэрэгтэй.  2014 оноос хойш өнөөдөр талхны үнэ хэд болчихоод байна. Ажилчид өдрийн цагаар хоолоо ч идэж чадахгүй амталсан будаа, нэг өндөг идэж өдрийг барж байна. Тэсэн хирнээ тэд их ажлыг гүйцэтгэж байна" гэв.

Мэдээлийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-Хэр удаан хугацаанд ажил хаялт үргэлжлэх вэ?

-Цалин нэмэх асуудал шийдвэрлэгдэх хүртэл хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ.

- 10 дугаар сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулж нэмнэ гэсэн. Энэ тал дээр юу гэж бодож байна вэ?

-  5 дугаар аарын 29-ний өдөр Эрүүл Мэндийн Сайд болон холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй удаан хугацаанд харилцан тохиролцсоны үр дүнд салбарын хэлэлцээрээ байгуулсан. Харамсалтай нь ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй, тодорхойгүй шалтгаанаар Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам тус хэлэлцээрийг бүртгэхээс татгалзсан. Энэ хэлэлцээрээ бүртгээд өг гэж л бид шаардаж байна.

Нэмж хэлэхэд ажил хаяхдаа бид хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хүний амь настай шууд холбоотой мэс засал, гэмтэл, яаралтай тусламж, төрөх, хүүхэд нярай, сэхээ амьдруулах тасгууд хэвийн үйлчилгээ үзүүлнэ. Ингэхдээ би ажил хаялтад оролцож байна гэсэн наалтыг энгэртээ зүүн өргөсөн тангарагтаа үнэнч байна. Харин амбулаторийн болоод хэвтэн эмчлүүлэх бусад тасгийн үйл ажиллагаа 24 цагийн дараа тасалдахад хүрнэ гэж албан ёсоор мэдэгдэж байна.